Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхийг дэмжлээ

БРЮССЕЛЬ, 2024 оны хоёрдугаар сарын 2 /BBC/. Украинд үзүүлэх тусламжид Унгар хориг тавихаа зогсоосны дараа Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 орны удирдагчид Украинд 50 тэрбум еврогийн /54 тэрбум ам.долларын/ тусламж үзүүлэхээр санал нэгтэйгээр тохиролцжээ.

 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шинэ санхүүжилтийг сайшааж, энэ нь улс орных нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Украины Эдийн засгийн яам тусламжийн эхний хэсгийг гуравдугаар сард хүлээн авна хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн 12 дугаар сард болсон Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр уг багцад хориг тавьсантай адил дахин тийм алхам хийх вий гэсэн болгоомжлол байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний ЕХ дахь хамгийн ойрын холбоотон В.Орбан тус холбооны зүгээс Украины талаар баримталж буй бодлогыг дахин эргэцүүлэн бодохыг хүсэж байгаагаа илэрхийлж, Киевт ирэх дөрвөн жилд санхүүжилт олгох асуудалд эргэлзэж байгаагаа илэрхийлж байв.

 

Украинд цэргийн хамгийн их тусламж дэмжлэг үзүүлдэг орон болох АНУ-ын тусламж Конгресст гацаад байгаа энэ үед ЕХ-ны удирдагчид дээрх шийдвэрийг гаргалаа. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен хэлэхдээ, энэхүү алхам нь АНУ-ыг шийдвэрээ гаргахад түлхэц болно гэж би бодож байна гэлээ.

 

Дээд хэмжээний уулзалт эхэлснээс хойш хоёр цаг хүрэхгүй хугацааны дараа дээрх тохиролцоонд хүрсний зарласан нь В.Орбан болон ЕХ-ны бусад удирдагчдын хоорондын санал зөрөлдөөний улмаас яриа хэлэлцээ удаан үргэлжилнэ хэмээн таамаглаж байсан олон ажиглагчийг гайхшрууллаа хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)