Баянгол дүүргийн Онцгой комиссын анхдугаар хуралдаан боллоо
- 2024-02-06
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Онцгой комисс (ДОК)-ын энэ оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан (2024.02.05) боллоо. Хуралд дүүргийн Засаг дарга, ДОК-ын дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Оюунболд болон дүүргийн Онцгой комиссын гишүүд оролцлоо.
Өнөөдрийн хурлаар,
- Нийтийн орон сууцны галын аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар,
- Угаарын хийн хорлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажлын хүрээнд хийгдсэн ажлууд,
- Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсны улмаас үүссэн үерийн гамшгийн үед ДОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
- Борооны дараах гамшгийн үед хэрхэн ажилласан талаарх мэдээллийг сонслоо.
Энэ үеэр дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн зүйлийг онцолсон. Тодруулбал, “ДОК-ын гишүүд бол дүүргийн 250 мянга орчим иргэний өмнө хүлээсэн үүрэгтэй хүмүүс. Манай дүүргийн 82 хувь нь байшин хороолол. Хүн амын төвлөрөл ихтэй. Магадгүй ямар нэг гамшиг, осол боллоо гэхэд хохирол их гарч болзошгүй. Иймээс ДОК-ын гишүүд ямар ч үед нэгдсэн нэг мэдээлэлтэй байж, нэгдсэн байдлаар мэдээлэл солилцох, гамшиг осол болсон үед иргэд, оршин суугчдаа хэрхэн яаж хохирол багатай авч гаргах талаар дүүрэг, хороод болон мэргэжлийн байгууллагууд нэг төлөвлөгөөтэй байх ёстой. Мөн мэргэжлийн байгууллагууд хамтраад гамшиг ослын үед хороод болон СӨХ-д ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар сургалт, зөвлөгөө мэдээллийг өгөх шаардлагатай байна гэдгийг хэллээ.
Мөн хороодын Засаг дарга нар мөн газар хөдлөлт, үер ус, галын аюул тохиолдсон үед хариуцаж буй нутаг дэвсгэрт нь ямар эрсдэлтэй асуудал тулгар байгаа талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Хурлын төгсгөлд ДОК-ын дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн чиглэл өгсөн. Үүнд,
- Дүүргийн хэмжээнд галын болон эмнэлгийн машин орж гарахад эрсдэлтэй байгаа газруудаа тодорхойлох,
- Орц, гарцуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах,
- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэлт газруудаа тодорхойлох,
- Гэр болон байшин хорооллын цахилгааны утаснуудад үзлэг хийх,
- Сургууль, цэцэрлэгүүдийн орчны орц гарц болон аюулгүй байдал,
- Гэр хорооллын мухар гудамжнуудын судалгааг гаргаж дараагийн хуралд танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл (0)