Баянгол дүүргийн Ахмад багш нарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр мэдээлэл солилцох уулзалт боллоo
- 2024-02-06
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран дүүргийн Ахмадын хороо болон Ахмад багш нарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй өнөөдөр (2024.02.05) уулзаж, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэр дундаа энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах талаар мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн тасгийн дарга З.Даваажав, Хөдөлмөр эрхлэлтийн тасгийн дарга Б.Уянга, дүүргийн Ахмадын хорооны дэд дарга Д.Дулмаа, Ахмад багш нарын холбооны тэргүүн Ч.Галтбаатар болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцож мэдээлэл, санал солилцлоо.
Энэ үеэр Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа “Ахмадын хороо, Ахмад багш нарын холбооноос санаачлан хэрэгжүүлэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд дэмжин ажиллахаар өнөөдрийн мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулж байна” гээд Баянгол дүүргээс ахмадын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй онцлог ажлуудаа танилцууллаа.
Мөн ХХҮХ-ийн Хөдөлмөр эрхлэлтийн тасгийн дарга Б.Уянга “Ахмад настын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ, ахмадын төрийн бус байгууллагаар зөвлөх үйлчилгээ зохион байгуулах тухай, мөн өрхийн орлого нэмэгдүүлэх аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох төсөл болон нийтийг хамарсан түр ажлын байрны талаар мэдээлэл өгсөн юм.
Уулзалтын төгсгөлд Ахмад багш нарын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Төрийн бус болон төрийн байгууллагын түншлэлийг өргөжүүлж, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллахаас гадна ахмадын нийгмийн харилцаанд тэгш оролцох олон талын эрхийг хангаж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаад тун талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл (0)