Архангай аймагт харзны усанд орж осолдсон харамсалтай хэрэг гарчээ
- 2024-02-06
- Нийгэм
- 0
Архангай аймагт харзны усанд орж осолдсон харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 04-ний өдөр 04:00 цагийн орчим Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн иргэн О харзны усанд орж осолдсон байж болзошгүй гэх дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах салбарын 2-р бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч дэслэгч Б.Баасанбатаар ахлуулсан 7 алба хаагч, эрэлч нохойн хамт тус газарт очжээ. Аврагчид Орхон голын эрэг дагуу 1 цаг 30 минут аврах завь, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй эрлийн ажлыг зохион байгуулсан байна. Ингээд тухайн иргэний цогцсыг анх усанд орсон газраас 50 м зайд олж гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
ЗӨВЛӨМЖ:
- Иргэд харзны усанд орохгүй байх, зайлшгүй орох тохиолдолд аюулгүй байдлаа сайтар хангаж орох.
- Гол, нуурын усны харзалсан хэсэгт мөсний зузаан харилцан адилгүй олон жилийн дунджаас нимгэн мөс цөмрөх эрсдэл өндөр байгаа тул анхаарал болгоомжтой байх.
- 7 см-ээс зузаан мөсөн дээр явган хүн явах боломжтой, 10 см-ээс дээш зузаан мөсөн дээр хүн загасчлах боломжтой.
- 12 см-ээс зузаан мөсөн дээр цасны мотоцикл явах боломжтой.
- 20-30 см зузаан мөсөн дээр жижиг суудлын автомашин явах боломжтой.
- 30-38 см зузаан мөсөн дээр жийп болон пикап автомашин явах боломжтой.
- 40-60 см зузаан мөсөн дээр 10-20 тн даацтай автомашин явах боломжтой.
- 70-95 см зузаан мөсөн дээр 30-40 тн даацтай автомашин явах боломжтой.
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)