Н.Номтойбаярын тунхагласан “Үндэсний ардчилсан үзэл”

Номт гурван жилийн дараа “гудамж”-наас улс төрд эргэн ирснийг хүмүүс олон янзаар л “уншиж” байна. Эл үйл явдал бараг хаврын улс төрийн хөшгийг хуу татчихав уу. Ингэхдээ парламентад суудалтай намуудыг түших биш “Үндэсний Эвсэл”-ийг эмхэлж лидерээр нь тодорч гарч ирсэн нь бас л сонин. Манай өнөөгийн нөхцөлд бол бараг “тэг”-ээс эхэлж байж ч мэдэх. Гэхдээ өмнө нь юм л бол өрвөлздөг, болж бүтэхгүй “танхай” нэр зүүж явсан Н.Номтойбаяр эвслийн модератор болж чиглүүлэх, маш товчхондоо “Үндэстнээрээ баяжъя” уриа барьж гарч ирсний цаана ямар мессеж өгөв.

“Үндэсний Эвсэл”-ийн анхдугаар их хурлын индэр дээрх илтгэлээс нь харвал хэд хэдэн агуулга “үнэртэж” байх шиг. Хамгийн эхэнд хувь хүний сэрэх, зориглох унаган гэмээр амбиц. Дээр нь боловсрол, үйлдвэрлэл, улс төрийг эрүүлжүүлэх чиглэлээр шийдэл гаргаж иржээ. 

Хамгийн эхэнд анзаарвал Их хурлын гишүүн, сайд, бизнесмен, улстөрч гээд бүх албан тушаалыг хашиж явсан тэрбээр “томчууд” хэрхэн хуйвалддаг, хулгайлдаг, хууль царай хардаг гэдгийг  шүгэлдсэн ч гэж хэлж болохоор. Улстөрчид төсвөө саагаад, төрийн өмчийг самраад, төрийн албыг зараад ч ханадаггүй. Шударга ёс гэх үнэтэй үгийг улстөрчид утгыг нь алдагдтал хэрэглэсэн гэж тодотгосноос нь илт.

Харин “Үндэсний эвсэл”-ийн итгэл үнэмшлийг “эвсэх хүч” гэсэн агуулгаар тодорхойлохдоо хүсэл зориг нэгт Монголчуудаа төлөөлж, цөхөрч ядарсныг өмөөрөн хамгаалж, дуугарч чадахгүйн өмнөөс дуугарч, тэмцэж чадахгүйн өмнөөс тэмцэж, улс төрийн намуудын чадахгүйг чадна хэмээн итгэл төгсрөн, зориг шулуудан Үндэсний ардчилсан үзлийн дор улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг үүсгэн байгуулж байна гэж мэдэгдлээ.

“Үндэсний эвсэл”-ийг улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгох хэрэгтэй гэлээ.

“Эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх” зарчимтай гэж өөрсдийгөө тодотгоод буй  “Үндэсний эвсэл”-ийн гаргаж ирсэн гарц шийдлийг тоймловол,

-Хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухаан, автоматжуулалт гэх мэт технологийн дэвшлийг эх орондоо нутагшуулахыг эрмэлзэнэ.

 

-Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлуудыг дангаар цэгцэлж чадахгүй тул ногоон бодлоготой метрополис хот удирдах туршлага бүхий гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.

 

-Гадаадад байгаа монголчуудтайгаа эргэх холбоо үүсгэж, монгол угсаатны хүрээлэлд нөхөрлөл болон эдийн засгийн хамтын ажиллагаагаар хүчирхэгжсэн, дэлхийд үнэлэгдэж, хүндлэгдсэн Монголчууд байхын төлөө манлайлна.

 

-Хүний эрхийг тэгш дээдлэх эрх зүйн шинэчлэлийг эрхэм болгоно.

 

-Авлига, хулгайтай “Шаазгайг үргээгээд үр дүнд хүрэхгүй" тул “овоог” нь ул мөргүй устгаж тэмцэнэ. Монголын Авлигачдын Нам гэж яригдах болтлоо бохирдсон МАН-ын даргатай “овоог” устгах үйлсэд хамтран зүтгэнэ.

 

-Ардчилал бол АН-ын дангаар эзэмших үзэл биш гэж үзэх бөгөөд Ардчиллыг засах, хөрсийг сэргээн ариутгах үйлсэд АН-тай хамтран ажиллана.

 

- Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн бүгдээрээ баяжъя их үйлсэд иргэд, мэргэд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлүүд, хувийн хэвшлүүдийг хамтран ажиллахыг урьж байна.

Монголын төлөө хийж бүтээе, хамтаръя гэвэл чөтгөртэй ч анд болно. Монголоо зарж, Монголоосоо завшиж, Монголчуудаа золигт гаргах гэсэн бурхантай ч дайсагнана гэсэн Номтын тунхаглал хэр хол зам туулахыг харах үлдлээ. Мөн улс төрийг "эрүүлжүүлэх” үйлсэд улс төрийн намуудыг эвсэж, хүчээ нэгтгэхийг уриалсан. Гэвч “Үндэсний эвсэл”-ийн нээлттэй хаалгаар хэдэн нам, хэчнээн хүн гэхээс илүү хэр үнэ цэнтэй үзэл санаа, итгэл үнэмшил багтан орох нь сонгуулийн өмнөх сонирхолтой үйл явдал юм даа.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)