Монгол улсын 3.4 сая иргэнд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашиг олголоо

Монгол Улсын Их хурлын 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцаа эзэмшүүлэх тухай тогтоолыг баталсан. УИХ-ын тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын /2024.01.31/хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73% орчим хувийг Эрдэнэс Монгол нэгдэл, 26.94% орчим хувийг  Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр болсон юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК  2022 онд 1.3 их наяд  төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.  Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилна. Нэг хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож олгох бөгөөд 1072 хувьцаатай иргэнд  116.5 мянган төгрөг оногдохоос татварын дараах дүнгээр 104 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүллээ.

Тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ийн буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг  ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шууд шилжүүлж байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн 893 мянга орчим хувьцаа эзэмшигчдэд хүүхдийн мөнгөний дансаар шилжүүлэхээр зохицуулав.

2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Жилийн эцсийн санхүүгийн тайланд аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны дөрөвдүгээр сард 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шилжүүлэх юм.  

Иргэн та www.ett.mn цахим хуудсаар нэвтэрч хувьцааны мэдээллээ шалгах боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)