Д.Баярхүү: Стратегийн түншлэл тогтоосон Европын анхны улс тодорлоо
- 2024-02-08
- Нийтлэл
- 0
Монгол Улсын гадаад бодлогын амин сүнс зорилт нь юу вэ гэдэгт тун энгийнээр хариулт олъё. Гадаад бодлого айл өрх бүрийн хаалгаар орж очиж хойморт нь заларч буян үйлддэггүй учраас иргэд тэр бүр надад хамаагүй гэсэн байдалтай явдаг бол тэр буруу ойлголт болно.
Эх орны маань хөгжил дэвшил, монголчуудын маань өөдөө дэвшихэд нь таатай гадаад орчныг бүрдүүлж, олон улсын таатай гадаад хамтын ажиллагааг монголчууддаа бэлтгэн өгч, түүний үр шимийг монголчууддаа эдлүүлэхэд л Монгол Төрийн гадаад бодлого чиглэгддэг юм. Тун энгийнээр ойлгуулахад.
Таатай гадаад орчин гэж юу вэ гэвэл, монголчууд даян дэлхийд нүүр бардам явах, аялах, аж төрөх, суралцах тэр эрхийг нь баталгаажуулна гэсэн үг, хамгийн наад зах нь. Өнөөдөр даян дэлхийн аль ч улсад очсон Монгол Улс, монголчуудын нэр хүнд муугүй байгаа бол тэр чинь гадаад бодлогын үр дүн. Даян дэлхийн бүх улс үндэстэнтэй найрсгаар харилцаж, хамтран ажиллаж, худалдаа арилжаа харилцан хийж, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудаас (гүрнүүд) хөрөнгө оруулалт татаж, ядарсан эдийн засгаа босгох, шилжилтийн үеийн хүндрэлийг давахад гадаад бодлогын тус дэм чиглэгддэг. Эрх зүйн орчныг нь гадаад бодлого л бүрдүүлдэг. Дэлхийн өндөр боловсролоос хүртэж монголын залуу, ирээдүй, хойч үе эрдэм номд гэгээрэхэд гадаад бодлого нэн чухал нөхцлийг, эрх зүйн орчныг бүрдүүлдэг.
Яг энэ өнцгөөс ХБНГУ-ын Төрийн тэргүүний түүхэн, төрийн айлчлалыг онцолж байна. Герман бол Европын ба Европын Холбооны гол локомотив, бүс нутгийн хүчирхэг гүрэн. Тийм гүрэнтэй нөхөрлөж чадсан нь монголчуудын гавьяа. Ардчилсан Монгол Улс гадаад бодлогодоо ямагт урагшлан давшиж, дэвшиж, өндөрлөгт хүрэхэд Монгол-Германы харилцаа үлгэр жишээ болж ирсэн, хойшдоо ч тийм байна.
Миний бие өмнө нь МОНЦАМЭ агентлагт ярилцлагад өгөхдөө:–2008 онд “Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэ хоёр чухал эрх зүйн баримт бичиг манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны чигийг зааж байна. Судлаачийн хувьд миний төсөөлөл бол Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулах нь энэ 2024 он байх болов уу. Өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ололтуудаа нэгтгэн дүгнэж дараагийн 50 жилийн хамтын ажиллагааны чиг хараагаа тодорхойлохоор ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч манай улсад ирж байгаа болов уу гэж үзэж байна гэсэн байгаа.
Тэгвэл яг тэгж шат ахисныг ХБНГУ-ын Ерөнхийлөгч ноён Франк-Вальтер Штайнмайэрын айлчлал нотлон харууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлжээ:–Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр төрийн айлчлал хийж байгаад талархаж байна. Энэхүү айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн нэгэн шинэ хуудас нээж, ирэх 50 жилийн харилцааны замын зургийг тодорхойлон, хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэсэн түүхэн онцгой айлчлал болж байна. Монгол Улс, ХБНГУ-ыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Герман улс Монгол Улстай стратегийн түншлэл байгуулж байгаа Европын анхны улс болж байгаагаараа онцлог юм гэв.
Эрхэм хүндэт зочин ноён Франк-Вальтер Штайнмайэр хэлжээ:–Монгол Улсын гуравдагч хөрш орон байгаадаа талархаж байна. Бидний хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч стратегийн түншлэлээ хөгжүүлэхээр гэрээ зурсандаа таатай байна гэжээ. п
Хоёр Төрийн тэргүүн айлчлалын улс төрийн ба стратегийн хамгийн гол ач холбогдлыг нь ингэж үнэлжээ. Товчхондоо стратегийн онц ач холбогдолтой айлчлал боллоо гэчихсэн юм биш үү?
Хоёр Ерөнхийлөгчийн гаргасан Хамтарсан тунхаглал энэхүү айлчлалын эрх зүйн гол баримт бичиг, цаашдын замын зураг, хэтдээ баримтлах чиглэл болно.
“Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын зарчим, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын эрх зүйд суурилсан дэг журам, байгаль орчныг хамгаалах чиглэлээрх ХБНГУ-ын үүрэг амлалт, тууштай хүчин чармайлт, бодлогыг уялдуулан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр талын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, шат ахиулахаар шийдвэрлэв” гэсэн нь хоёр талаасаа угталцах гадаад бодлогын зарчмуудаа харилцан хүлээн зөвшөөрч, харилцан дэмжиж, түүндээ суурилсан нийтлэг үнэт зүйлээ тодорхойлон, өмнө нь хэрэгжүүлж ирсэн иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулан стратегийн түншлэл тогтоолоо гэсэн үг юм.
“Стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллах 7 чиглэлээ тодорхойлжээ. Үүнд:
1. Улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
2. Ардчилал, эрх зүйт ёс, ил тод байдал, сайн засаглал, ардчилсан парламентын тогтолцоо, иргэний нийгэм зэрэг үнэт зүйлийг бэхжүүлнэ.
3. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
4. Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд болон жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
5. Харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, энэ хүрээнд археологийн судалгаа, уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулна.
6. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүний аюулгүй байдал, энх тайванд үзүүлж буй сөрөг нөлөөллийг нь бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах болон тусгай хамгаалалттай газруудын тогтвортой менежментийг сайжруулахад хамтран ажиллана.
7. Усны нөөц, ойн санг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд хамтын ажиллагааг бэхжүүлнэ, энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ.
Би товчлон авлаа. Энэ товчлол дээрээ өмнө бичсэн Монголын ард түмэнд хэрэгтэй, тэдэнд ашиг өгөхөөр ямар ямар хамтын ажиллагааны боломж байна вэ гэдэгт хариулт олъё. Тунхаглалын үг өгүүлбэрээс эшлэе. Тунхаглал дахь чиглэлүүдийн 3-т зааснаар бол бидний тогтвортой бизнес, жижиг, дунд үйлдвэрийг Герман дэмжих юм байна. Гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлийг нь сайжруулна, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэчихлээ. Энэ заалтаас Герман гэхээсээ Монгол л хожиж хөгжиж гарах ёстой юм. Чиглэлүүдийн 4-т зааснаар бол монгол оюутнуудад асар их боломж нээж өгчээ. Германд дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихийг дэмжсэн манай “Илгээлт 2100” санаачилга, тэтгэлэгт бусад хөтөлбөр нэмэгдэнэ, Германы мэргэжлийн боловсролын сургалтын тэргүүн туршлагыг нэвтрүүлнэ гэжээ. Монголчууд хамгийн түрүүн оновчтой зөв авч ашиглах эрдмийн дардан зам нээлттэй байна. Цаашлаад шинжлэх ухаан, судалгааг тодорхой дурджээ. 5-д зааснаар Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр үргэлжилнэ, уг хэлэлцээрээр байгуулсан “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийг тууштай дэмжинэ гэлээ. Бас л монголчууд инженер-техникийн боловсрол хүртэх боломжийг нь заачихлаа. Чиглэлүүдийн 6-д заажээ. Эрчим хүчний аюулгүй байдал, ногоон эрчим хүчний төлөө нийтлэг зорилтоо дахин тунхаглажээ. Шууд утгаар нь хөөж ойлгох аваас Монголын нар, салхины эрчим хүчний үлэмж нөөцөд суурилсан сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгчийг хөгжүүлэхэд тусална, товчхондоо Монголын эрчим хүчний хараат бус байдлыг дэмжинэ гэчихжээ. Амин чухал (зовлон болдог) асуудал, бэрхшээлийг маань гэтэлгэхэд тусална гэсэн үг биш гэж үү. Төгсгөлд нь байна. Цөлжилт, агаарын бохирдол, хүлэмжийн хийн эсрэг байгаль орчны стратегийн том зорилтыг (“Тэрбум мод”) маань Герман дэмжинэ гэж амлажээ.
Нэг үгээр дээр задлаж тайлбарласнууд бол бүгд л монголчуудад нэн хамаатай, ашиглаж чадвал ямар ч өндөрлөгт хүргэчих амлалтууд гэж ойлгох хэрэгтэй. Гадаад бодлогыг практик дээр буулгаж ойлгоё гэвэл дээрхи хэдэн үндэслэл ба гаргалгааг дахинтаа уншина уу.
Бүхэлдээ Монгол Төрийн гадаад бодлого 2024 оныхоо зөв эхлэлийг ийнхүү тавилаа. Хүчирхэг нэгдмэл Европт стратегийн түнш улсаа анх удаа зарлалаа. Дараагийн ээлжинд тийм түнш, түүнээс ч дутахгүй том хөрөнгө оруулагч, туслан дэмжигч Францыг бид 2023 онд илтгэл түншээрээ олоод тогтоочихсон, стратегийн түншлэл ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. 2024 онд магадгүй Европын Холбоо өөрөө, мөн Их Британи ийм түншлэгчийн хувиар орж ирээсэй гэсэн хүслээ нуух юун билээ!
Д.Баярхүү
Сэтгэгдэл (0)