Украин, Израил, Тайваньд тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг Сенат баталжээ

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 14 /Reuters/. АНУ-ын Сенатын танхим 95 тэрбум ам.долларын гадаадын тусламжийн багцыг мягмар гарагт баталлаа.

Үүнд Украин, Израил, Тайваньд үзүүлэх тусламж багтсан юм. Уг тусламжийн багц нь олон сарын турш үргэлжилсэн хэлэлцээний үр дүн бөгөөд 70-29 саналаар дэмжсэн байна.

Сенат дахь олонхын бүлгийн дарга Чак Шумер хэлэхдээ, Сенат зөвхөн үндэсний аюулгүй байдал, холбоотнуудын аюулгүй байдал төдийгүй барууны ардчиллын аюулгүй байдалд асар их үр нөлөө үзүүлсэн хуулийн төслийг баталснаас хойш олон жил, цаашлаад хэдэн арван жил өнгөрч байгааг дурджээ.

 

Дээрх багцын хүрээнд Израилд 14 тэрбум доллар, Газын зурвас зэрэг мөргөлдөөнтэй бүс нутагт 9 тэрбум гаруй доллар хуваарилна. Мөн Тайвань болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын бусад түншүүдэд дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ нийт тусламжийн дийлэнх буюу 60 орчим тэрбум нь Украинд зориулагдана.

 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский холбогдох хууль тогтоомжид зарим саад бэрхшээл тулгарч байгааг ойлгож байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Энэ бол эхний алхам. Дараагийн алхам бол Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэж, гишүүдийнх нь саналыг авах юм. Шийдвэр нааштай гарна гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд тусламж үзүүлэх хуулийн төслийг “нэн даруй” хэлэлцэн батлахыг Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсонд уриалжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)