Том тойрог аймгийн дарга нарыг сонгуулийн өрсөлдөөнөөс “шахах” уу?!
- 2024-02-15
- Улс төр
- 0
Энэ жилийн парламентын сонгууль нэлээд онцлог болно. Сонгуулийн дүрэм нэгэнт тодорхой болсон. Бид түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй их хурлыг бүрдүүлнэ. Үүний 78 гишүүнийг тойргоос сонгох бол 48 нь жагсаалтаар орж ирнэ. Мөн 76 жижиг тойрог гэсэн ойлголт энэ сонгуулиар байхгүй болсон. 13 том тойрог дээр өрсөлдөөн явагдахаар баталсан. Тоглоом ийм дүрэмтэй зурагдаж, удахгүй нэр дэвшигчдийн нэрс өрөгдөж эхэлнэ.
Одоогоор нэр дэвших өрсөлдөөн намууд дотор ид явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд нийгэмд чиглэсэн, бодлогын шинжтэй асуудлуудад анхаарахаасаа илүүтэй сонгогдсон тойргоо л “усалсан” улстөрч олон бий. Тэр хүмүүст энэ удаагийн сонгуулийн дүрэм хүндхэн тусч байгаа нь ойлгомжтой. Дүрэм ингэж өөрчлөгдөхийг тэд яаж мэдэхэв дээ. Түүнчлэн том тойрог аймгийн дарга нарыг сонгуулийн өрсөлдөөнөөс шахаад эхлэх шиг боллоо. Саяхныг хүртэл хэд хэдэн аймгийн Засаг дарга сонгуульд орох амбийцаа ил, далдаар илэрхийлээд байв. Гэсэн ч сонгуулийн тойрог том болсноор зарим нь нэрээ татаж, зарим нь нэр дэвшилт дээр шахагдаад эхэлжээ.
Аймгийн дарга болсноор нутаг орондоо мэдээж олон зүйлийг хийж, бүтээнэ. Тэр хэрээрээ аймгийнхандаа танигдчихдаг. Үүнийгээ ашиглан их хурлын сонгуульд орох нь тэдэнд давуу талтай байв. Өөрөөр хэлбэл, аймгийн даргын суудал бол улстөрчийн хувьд туршлагажин, манлайлах чадвараа таниулах том боломж байдаг. Нөгөө талаар УИХ-ын гишүүн болох нэг жим, сонгууль нэрээ дэвшүүлэх нэг шат байсан гэсэн үг. Үүнийг ч намууд хөнгөхөн ашиглаж, гишүүн болгоно гэсэн улстөрчдөө аймгийн даргаар томилоод явуулчихдаг байв. Ер нь аймгийн Засаг даргаас гишүүн болсон улстөрч олон бий. Энэ парламентад л гэхэд Өмнөговиос Н.Наранбаатар, Өвөрхангайгаас Г.Ганболд, Төв аймгаас О.Батжаргал, Орхон аймгаас Д.Батлут, Дорнын говиос Т.Энхтүвшин, Хан Хэнтий нутгаас нөхөн сонгуулиар Идэрбат нар аймгийн даргаас шууд Их хурлын гишүүд болцгоож байв. Тэд ч чуулганы танхимд хөдөөгийн иргэдийн эрх ашгийг хамгаалан жинтэй дуугардаг. Орон нутгийн эрх ашгийг хөндсөн асуудлаар тэрүүхэндээ хөөрхөн фракцалдаг ч гэдэг. Харин энэ удаа том тойрогтой болсноор дээрх боломж эрс хумигдаж байх шиг байна.
Тойрог томссоноор УИХ-ын сонгуулийн нэг тойрогт 3-4 аймаг багтаж байна. Аймгуудын сонгогчдын тоо ч харилцан адилгүй. Тэгэхээр нэг аймгийн Засаг дарга сонгуульд нэр дэвшлээ гэхэд нутаг орондоо танигдахаас гадна өөр 2-3 аймгийн иргэдэд танигдах шаардлагатай болно. Жишээлбэл, Архангай аймгийн Засаг дарга УИХ-ын сонгууль нэр дэвшлээ гэхэд Өвөрхангай, Баянхонгорын сонгогчдод танигдах шаардлагатай болно. Говийн нэг аймгийн Засаг дарга дэвшсэн ч Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэрийн сонгогчдын саналыг авах учиртай. Өөрийн аймгийн Засаг даргаа ч бараг танидаггүй хүмүүс өөр аймгийн Засаг даргын нэрийг дугуйлна гэдэг юу л бол. Гэхдээ бас аймгийн дарга нар нэр дэвшээд, олны итгэлийг авч сонгогдохыг үгүйсгэх аргагүй. Зүй нь тухайн бүс нутгийнхны жаргал зовлон, хүндрэл бэрхшээлийг таньсан, орон нутгийнх нь дарга нар парламентад орж ирэхэд болохгүй ч юм байхгүй л дээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)