С.Чулуунцэцэг: Энэ цаг үед эрдэм мэдлэгтэй, боловсролтой, залуу сэтгэлгээтэй, туршлагатай хүмүүсээ төрд гаргаж ирэх ёстой

МУЭИС-ийн бизнесийн удирдлагын профессорын багийн гишүүн, доктор (Ph.D) профессор С.Чулуунцэцэгтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Монголчууд яавал ухаалаг сонголт хийх вэ. Судлаач хүний хувьд та юу гэж бодож байна?

-“Монголчууд яавал ухаалаг сонголт хийх вэ” гэдэг асуулт өөрөө их өргөн хүрээтэй ойлголт байх. Юуны өмнө иргэдийн улс төрийн боловсрол ямар байгаа билээ гэдэг асуудал хөндөгдөнө. Цаашлаад Үндсэн хуулийн асуудал босч ирнэ. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн ардчилсан төрийн амин сүнс болсон энэ заалт хэрэгжиж чадаж байгаа юу гэдэг асуудал байна. Өнөөдрийн нийгмийн бухимдал, шийдлээ хүлээж буй түмэн бэрхшээл, эдгээрийг шийдэхээр төрд түмний элч болон сонгосон, сонгогдсон хүмүүсдээ илт дургүйцэх болсон иргэдийн араншинг харвал “Ард түмэн үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж чадахгүй байна” гэж дүгнэхээр харагддаг.

Буруу сонголт хийчихжээ гэдгийн цаана сонгогч “Та сонгох эрхээ эдлэхдээ хариуцлаггүй ханджээ” гэдэг дүгнэлт гарах байх. Энд нөгөө сонгууль болгоноор тараагддаг чихэр жимс, архи дарс, аяга шаазан, бэлэн мөнгө гэдэг асуудал байгаа. Улс төрийн намууд үзэл баримтлал, хөтөлбөрөөрөө өрсөлддөг юм байхгүй болоод удаж байгаа. Хэн мөнгө тараасан, мөнгө амласан нь гардаг болсон. Тэр хөтөлбөр, үзэл баримлалыг нь уншдаг, учрыг нь ойлгодог сонгочдын тоо сонгуулиас сонгуульд цөөрсөөр байгаа харагддаг. Яавал ухаалаг сонголт хийх вэ гэдэг дээр шууд нэг сонгуульд зориулсан бэлэн жор байхгүй болов уу. Системтэй цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардаж хийх юм нь сонгогчдын улс төрийн боловсролыг байнга дээшлүүлж байх шаардлагатай.

-Нэг нам дангаараа найман жил тасралтгүй ноёллоо шүү дээ. Ард түмний амьдрал дээрдсэнгүй, харин төрийн хулгай л ихэслээ. Тэгэхээр бид хэнийг төрд сонгож гаргаж ирэх ёстой вэ. Ингэхэд аль намын бодлого илүү зөв байв?

-Миний хувьд аль ч намын гишүүн биш гэдгийг эхлээд онцолъё. Түүх ярихад би 1990 оны цагаан морин жилийн дөрөвдүгээр сард МоАН-ын гишүүнээр элсч улмаар хоёр дахь Их хурлынх нь төлөөлөгчөөр сонгогдож байлаа. За тэгээд 90-ээд онд Ардчилсан намыг орон нутагт, Завхан аймагт босгож ирэх ажилд оролцож явснаа ярих юм бол тусдаа том түүх байгаа. С.Зориг, Э.Батүүл, Да.Ганболд, М.Энхсайхан гээд бүгд манай гэрт ирж байсан. Тэдэнд хоол унд хийж өгч, яриаг нь сонсож явсан сайхан дурсамж л үлджээ. Дараа нь намууд нэгдэж салаад янз бүр болоход алиных нь ч гишүүн болсонгүй. Хувь хүнийхээ хувьд өнөөдрийн Ардчилсан нам хөл толгойгоо олохгүй, байр сууриа улам бүр алдаж байгаад их харамсаж явдаг. 90-ээд оны Ардчилсан хүчин бол жинхэнэ үзэл баримтлалтай, хөтөлбөртэй тэгээд маш том мөрөөдөлтэй улс төр хийдэг байсан. Тэгэхээр “Хэнийг төрд гаргаж ирэх вэ” гэдэг дээр бол энэ цаг үед эрдэм боловсролтой, мэдлэгтэй, залуу сэтгэлгээтэй туршлагатай хүмүүсээ гаргаж ирэх нь зөв. Манай улстөрчид, улс төрийн намууд шинжлэх ухааны байгууллагууд, шинжлэх ухааны судалгаанууд тэнд ажилладаг хүмүүсээ, бий болсон чадамж, потенциалыг мөрийн хөтөлбөрөө боловсруулах зэрэгтээ туйлын хангалтгүй, маш муу ашигладаг юм уу гэж харагддаг.

-УИХ-д эрдэм мэдлэгтэй хүмүүс үнэхээр үгүйлэгдэж байна. Бөхчүүд гэх мэт олны танил болж чадсан хүмүүс төрд гарчихаад ард түмний төлөө юу ч хийхгүй байна гэж нийгэм шүүмжилдэг шүү дээ. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бөхчүүдээс гадна урлагийнхан төрд олноор сонгогддог болжээ гэдэг. Иргэд маань оюун ухаанаараа сонголтоо хийхгүй байгаагийн тод жишээ. Ер нь аливаа цаг үеийн шаардлага гэж нэг том ойлголт байна. Энэ цаг үе биднээс юу шаардаж байна гэхээр шинэчлэл, эрдэм боловсролыг нэхээд байгаа хэрэг. Бид чинь дижитал эрин үеийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа цаг үед амьдарч байна шүү дээ. Өөр бас нэг хэлмээр зүйл бол Реформ гэдэг чинь зарим уламжиллаа ардаа орхиод явахыг л хэлж байгаа. Бөхчүүдийн жудаг гэх мэт ойлголт байдаг юм шиг байна лээ. Энэ талаараа их л тийм дундад зууны ойлголт гэмээр тайлбар хийж байгаа харагддаг. Үнэндээ өөрийнхөө танигдсан байдлыг буруугаар ашиглахгүй байх нь хамгийн сайн жудаг болно.

-Өнөө жилийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдана. Парламент түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болж өргөжих гэж байна. Тэгэхээр бараг толгойтон бүхэн нь л УИХ-д нэр дэвшинэ гэх байхдаа?

-Тийм гурав, дөрвөн аймаг нийлж нэг бүс болох юм билээ. Энэ нөхцөлд орон нутагт төлөөлөл нь ажилладаг үндэсний сүлжээтэй намуудад сонгогчдод хүрч ажиллах бололцоо нь илүү байгаа. Харин бүх намууд тойрог бүр дээр нэр дэвшүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Жижиг намууд нийтэд танигдсан цөөхөн лидер дээрээ суурилаад нэрсийн жагсаалтан дээрээ оноо илүү цуглуулах чиглэл баримтлах болов уу.

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн алдааг давтахгүйн тулд тогтолцооны өөрчлөлт хийж чадлаа гэж эрх баригч нам цээжээ дэлддэг. Тэгэхээр ард түмэн сонголтоо хийхдээ намыг нь харах уу, уг хүнийг нь харах ёстой юу?

-Эрх баригч намын гол дарга нар нь өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал гэж ярьж сонсогддог. Тэгэхээр өнгөрсөн 30 жилд ямар бодлогын том алдаа гарав. Яагаад олон түмнийг бухимдуулсан авлига гэх мэт асуудлууд шийдэгдэхгүй улам бүр газар авах болов гэдгийг өнгөрсөн хугацаанд бодлого гаргаж түүнийг хэрэгжүүлж байсан инститүт талаас нь харж дүгнэвэл зөв болно. Тэгэхээр дээрх хугацаанд хамгийн олон удаа засгийн эрх барьсан ууган намын алдаа, бүхэлдээ системийн алдаа байжээ гэвэл шинжлэх ухаанд ойр дүгнэлт гарах болов уу. Үүнийг жирийн иргэн би биш энэ төр улсын ажилд өндөр түвшинд оролцож явсан одоо тэтгэвэртээ суусан ахмадууд, шинжлэх ухааны байгууллагуудад ажилладаг, судалгаа хийдэг эрдэмтэд янз бүрийн уулзалт, хурал зөвлөлгөөн дээр хэлж харагддаг. Бусад намуудад бол тэр алдааг засах алхам хийж чадаагүй, эрх баригчдын бодлогыг задлан харж, өргөн хүрээтэй системийн шүүмжлэл хийж чадаагүй гэдэг хариуцлага оногдох байх л даа.

Өнөөдөр ч гэсэн нийгэм тэр алдааг засч жинхэнэ ардчилсан, эрх чөлөөт, эрчимтэй хөгжиж байгаа Монголоо бүтээх үзэл санаан дээрээ нэгдсэн зохион байгуулалттай улс төрийн хүчний эрэлд байх шиг байна. Харин 30 гаран жилийн өмнө Монгол Улс илүү сайн хөгжсөн, олон түмний амьдрал илүү сайн байсан юм шиг ухуулга явж харагддаг. Энэ бол жинхэнэ худал суртчилгаа, нийгмийг хааш нь аваачих гээд байна гэж сэрэмжилж харах өнцөг мөн. Том зургаараа монгол хүний амьдралд, өнгөрсөн 30 жил маш том чанарын өөрчлөлт авчирсан. Товчхондоо шинэ цагийн Монгол Улс дэлхийд танигдаж байгаа, Монголчууд дэлхийн энэтэй сэтгэдэг болж байгаа цаг дор бид амьдарч байгаа. Одоо манай улстөрчид дөрвөн уулын дундах өвөр хоорондын толхилцооноо орхиж ядаж бүс нутгийн тавцанд гарч ирэх хэрэгтэй.

-МАН анх татвар нэмэхгүй гэж сонгуульд ялалт байгуулж байв. Гэтэл найман жилийн хугацаанд есөн төрлийн татвар нэмчихэж. Эндээс харахаар намуудын мөрийн хөтөлбөр амьдралд огт биелэхгүй байна. Ингэхэд ямар хөтөлбөр дэвшүүлсэн нам өнөө жилийн сонгуульд ялагч болж чадах вэ?

-Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлээгүй эрх баригчдын алдааг шүүмжилж, засаж байх гэж сөрөг хүчин байдаг. Ардчилсан улс төрийн засаглалын амин сүнс тэр. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдэд парламент дээр сөрөг хүчин туйлын хангалтгүй ажилласан. Тэдний дуу хоолой үнэхээр дутагдсан. Эрх баригчдын амлалтыг манай аль ч намын УИХ-ын гишүүд өөрсдөө мартчихсан явж байж магадгүй. Өнөө жилийн сонгуульд улс төрийн намын лидерээр нь баримжаалсан сонгуулийн суртчилгаа их явах болов уу. Иймээс эрх баригчдаас бусад нам, эвслүүд сонгуульд амжилт гаргая гэвэл лидер нь дараагийн Ерөнхий сайд болж сонгогчдод харагдаж, төсөөлөгдөж чадахаар хүн байх хэрэгтэй. Одоо нэгэнт эрхээ авчихаад нам эвслээ манлайлж сонгуульд орох гэж байгаа улс төрчид нь бол Ерөнхий сайдын зангараг харизм харуулсан үг хэллэг үйлдэл үзүүлж байх хэрэгтэй гэж бодож байна. Нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрөө олон түмэнд хүргэх хамгийн товч зам нь лидерийнх нь хэлэх үг, хийх үйлдэл шүү дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)