Дэлхийн нийт сошиал хэрэглэгчдийн тоо 5 тэрбумд хүрэв

Технологийн дэвшил бидний амьдралд хэрхэн нөлөөлж, интернэт, нийгмийн харилцааны сувгуудыг бид хэрхэн хэрэглэж байгаа талаарх дэлхий нийтийн дүн шинжилгээг нэгтгэн гаргадаг хамгийн том судалгаа гэж болох “Digital 2024” тайлангийн дүнг олон нийтэд танилцууллаа. “We are social” болон “Meltwater” байгууллагын хамтран гаргадаг энэхүү судалгаа нь бүх төрлийн интернэт болон сошиал платформын нэгдсэн мэдээллийг гаргадгаараа ихээхэн алдартай. Тиймээс ч энэхүү тайлангийн дүнг технологийн салбар, эдийн засаг, нийгмийн томоохон зүтгэлтнүүд, засгийн газрын шийдвэр гаргагчид болон судлаач эрдэмтэд ихээхэн анхаарч хүлээдэг аж.

 

"Digital 2024"-ийн мэдээллийн бааз суурийг бүрдүүлэхэд магадлан итгэмжлэгдсэн гуравдагч этгээдээс санал асуулга, асуумж зэрэг олон хэлбэрээр авдаг учир маш найдвартай эх сурвалж хэмээн үздэг.

 

Сошиал болон мэдээллийн судалгааны бүтэн жилийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан энэхүү тайлангийн хувьд өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулахад энэ жилд мэдээлэл бэлтгэх аргачлалд зарим нэг өөрчлөлт орсон байна. Улс орнуудын мэдээллийн сүлжээний хэрэглээг тус тусад нь задалж, дэлгэрэнгүй мэдээллийг гаргаснаараа онцлогтой учир өмнөх жилүүдийнхтэй шууд харьцуулах нь зохимжгүй, ерөнхий үнэлгээг харах нь зүйтэй гэдгийг тайланг гаргагчид онцолжээ.

550 хуудас бүхий "Digital 2024" тайлангаас онцлох дүгнэлтүүдийг тоймлон хүргэе.

 

Сошиал медиа зугаацуулах үүрэгтэй учраас хэрэглэгчид хошуурсан хэвээр

 

сонин mn

НҮБ-ын тайланд дурдсанаар одоогоор дэлхий дээр 8.08 тэрбум хүн амьдарч байна. Энэ нь өнгөрсөн оны энэ үеэс дэлхийн хүн ам 74 саяар нэмэгдэж, 0.9 хувиар өсчээ.

Дэлхий дээрх нийт хүмүүсийн 66 гаруй хувь нь интернэт ашиглаж байгаа бөгөөд нийт хэрэглэгчдийн тоо 5.35 тэрбум болжээ. 2023 он гарснаас хойш 97 сая хүн интернэтэд шинээр нэгдсэн бөгөөд энэ нь 1.8 хувийн өсөлттэй үзүүлэлт юм.  2024 оны эхээр идэвхтэй сошиал медиа хэрэглэгчдийн тоо 5.04 тэрбумд хүрсэн нь энэхүү тайлангийн хамгийн гол мэдээлэл байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхий найман тэрбум хүний 62.3 хувь нь сошиал хэрэглэгч болжээ. Энэ тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ганцхан жилийн дотор 266 саяар нэмэгдэж, жилийн өсөлт 5.6 хувь байгаа юм.

 

Сонирхолтой нэгэн баримт байгаа нь секунд тутамд 8.4 хэрэглэгч сошиалд нэгддэг аж. Мөн сошиал медиагаас илүү онцлох бас нэгэн үзүүлэлт гэвэл гар утас хэрэглэгчдийн тоо 2024 оны эхээр 5.61 тэрбум болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 138 саяар буюу 2.5 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

 

Сошиал медиа нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэхээс илүү зугаа цэнгэлийн томоохон үүрэг гүйцэтгэдэг учир залуучууд ихээр хэрэглэсэн хэвээр байна. Товчхондоо бол, энтертайнмент контент нь сошиал медиа ийм их хандалттай болсны гол шалтгаан юм. Хөдөлмөрийн насны интернэт хэрэглэгчдийн 97 гаруй хувь нь олон нийтийн сүлжээ, болон чатлах зорилгоор л интернэтэд ордог гэжээ. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээр зугаа цэнгээний болон харилцаа холбооны зорилгоор сошиал платформуудыг хэрэглэх нь түгээмэл юм. Мөн Google, Bing зэрэг хайлтын системүүд хэрэглээгээрээ сошиалын ард буюу гуравдугаарт орж байна. Хэрэглэгчдийн таван хүн тутмын дөрөв нь (80.7 хувь) хайлтын системийг тогтмол ашигладаг гэжээ.

 

“Инстаграм”, “Тикток” гэх хоёр “аварга” платформын хувьд аппликэйшнийн хэрэглээн дээр маш бага хувийн зөрүүтэй өрсөлдөж байгаа бол нийт сошиал хэрэглэгчдийн тоогоор whatsapp тэргүүлж байгаа нь бас нэгэн төсөөлж байгаагүй үр дүн байв. “TikTok”-ын нэг хэрэглэгчийн сард зарцуулдаг дундаж хугацаа нийт гурван цаг 46 минутаар буюу өссөн бол “Instagram”-ын дундаж хугацаа дөрвөн цаг буюу 34 хувиар нэмэгдсэн байна. Харин “Facebook”-ийн сар бүр идэвхтэй хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оноос 91 саяар нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өссөн байна. Одоогийн нийт 3.05 тэрбум хэрэглэгчдийг насны ангиллаар авч үзэхэд 13-аас дээш насны бүх хүмүүсийн 48 хувь нь энэ платформыг өргөн ашиглаж байна.

 

Өмнөд африкууд сэрүүн цагийнхаа 60 хувийг интернэтэд зарцуулдаг

сонин mn

Нэг хэрэглэгч өдөрт дунджаар 400 минут зарцуулдаг гэж тооцвол дэлхий нийтээр 780 их наяд минутыг энэхүү интернэтийг ашиглахад зарцуулж байгаа гэсэн сонирхолтой тоо уншигдаж байна. Бүр цааш задалбал, энэ хугацаа нь хүн төрөлхтний оршин тогтнох бараг 1.5 тэрбум жилтэй тэнцэх юм. Газар нутгийн хувьд Өмнөд Африкчууд хамгийн их цагийг онлайнд зарцуулдаг. Тус улсын жирийн хэрэглэгчид өдөрт дунджаар есөн цаг 24 минутыг интернэтэд зарцуулдаг гэж мэдэгджээ. Хүн өдөрт найман цаг унтдаг гэж үзвэл Өмнөд Африкийн иргэд сэрүүн байгаа цагийнхаа 60 хувийг интернэтэд зориулдаг гэсэн үг.

 

Бразилчууд дунджаар есөн цаг 13 минутыг интернэтэд зориулдагаараа хоёрдугаарт бичигджээ. Харин гуравдугаарт жагссан Филиппинчүүдийн хувьд найман цаг 52 минут байна.

 

Энэтхэгийн хүн ам дэлхийд тэргүүлж эхэлсэнтэй ижил интернэт хэрэглэгчдийн тоо ч хурдацтай өсч байна. Ойролцоогоор 750 сая интернэтийн идэвхтэй хэрэглэгчид энэ улсад байгаа ч дэлхийн дундажтай харьцуулахад харьцангуй бага тоо гэж үзэж болно. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар энэ зөрүү багассаар байгаа гэжээ.

 

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)