АН-ын “сонгуулийн өмнөх нэгдэл” генсекээс нь хамаарна
- 2024-02-22
- Улс төр
- 1
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн. Мэдээж, намууд, тэр дундаа том намууд сонгуулийг тодорхойлно. МАН нь эрх барьж байна. Харин сүүлийн найман жилийн хугацаанд сөрөг хүчний “суудал” дээр оршсон АН-ын хувьд дотоод асуудал ихтэй байна. Энэ аргагүй. 2020 оны сонгуулиас хойш тус намын удирдлага, УИХ бүлэг нь, тамга тэмдэг нь хүртэл “хуваагдчихаад” тун хүнд байдалд орсон. Харин жилийн өмнөөс эмхэрч цэгцрэх замаа олсон. ҮБХ нь дахин бүрдсэн. Намын даргатай болсон. Лу.Гантөмөр намын даргаар сонгогдсон. Түүнээс хойш намын 15 дэд дарга, бусад бүтцээ томилж, сонгосон. Гэхдээ л 2000 онд анх байгуулагдсанаас хойш олшроод байгаа нам доторх фракц нь улам нэмэгдсэн. Чухамдаа энэ нь АН-ын дарга Лу.Гантөмөрийг намаа эмхлэхэд ихээхэн саад болж буй юм. Тэрбээр өнгөрсөн жилийн хугацаанд янз бүрээр л үзлээ. Гэдийж, бөхийж, аргадаж, арсалдаж үзэх шиг боллоо. Гэвч Х.Тэмүүжиний тодорхойлсончлон “ах нар” нь фракц, бүлэг тус бүрээрээ АН-аа бараг авчих гээд эвлэх үйл ажиллагааг сааруулаад байгаа аж. Саналыг нь хүлээж авахгүй бол “...Унагана шүү” гэчихдэг. Лу.Гантөмөр ч үүнийг нуудаггүй. “...Хүнд байна” гэдгээ хэвлэлд ярьсан удаатай.
Гэвч одоо сонгууль нэгэнт тулчихлаа. Тэгэхээр ах нар нь дарамтлаад, айлгаад байх нь багасаж таарна. Гэхдээ л “...Х.Баттулгатай цагаан сарын шинийн 2-нд уулзаад, нэр дэвшүүлэх эрхийнхээ 50 хувийг өгөхөөр тохирсон” гэдэг мэдээлэл яригдсан.
Ер нь бол “...АН-ын дарга Лу.Гантөмөрийг хоёр талаас нь ээлжилж нудраад байдаг хоёр л хүн байдаг” гэлцдэг. Тэр нь АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр ажилласан эрхмүүд гэдэг. Яг үнэндээ АН-д тэр хоёрынхоос гадна урьд байгаагүй олон фракц бий болжээ. Өнөөдөр АН-д “Мондэ”, “Од”, “Нэг Монгол”, “Хийморь”, “Анчин”, “Морьтон”, “Нэг ардчилал”, “Ардчилсан хүчний холбоо”, “Хангарьд”, “Соёмбо” гээд лав 10 гаруй фракц маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, гаднаас хараад байдаг шиг аль 2000-аад оны үеийн фракцууд үндсэндээ “татан буугдсан” гэсэн үг. Бас нэг сонирхолтой нь, АН-ын нөлөө бүхий гишүүд энэ олон фракцынхаа хэд хэдэд нь зэрэг харьяалагддаг байгаа юм. Энэ агуулгаараа АН-ын дарга Лу.Гантөмөрт намаа эвлүүлэхэд улам хүндрэл үүсэж буй хэрэг. Ах нартайгаа нэг ойлголцоно. Анд нартайгаа бас ярилцана. Дүү нартайгаа учраа олно. Сонгууль дөхөөд бодлого ярих цаг болчихоод байхад “...Эвтэй байцгаая, хэрүүл уруулгүй нэр дэвшүүлэх асуудлаа шийдье” гээд энэ олон фракцынхантай тохирох нь үнэндээ цаг зав барсан явдал юм.
Гэхдээ ингэж эвлүүлэх, нийлүүлэх ажлыг нь сүүлийн үед АН-ын генсек Э.Одбаяр амжуулах болсон байна. Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр АН-ын генсек болсон. Уг нь АН-ынхан 2023 оны намар ҮБХ-гоо хуралдуулахдаа л генсекээ томилохоор зэхэж байв. Харин “...Хэнийг генсек болгох вэ” гэдэг дээрээ тохироогүй гэдэг. Тухайн үед хэвлэлүүд, эх сурвалжуудын мэдээллээр, хэд хэдэн хүний нэр яригдаж байсан. Э.Одбаяраас гадна Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Ч.Өнөрбаяр, С.Эрдэнэболд нарын нэр дуулдаж байв. Тэр ч байтугай Х.Баттулга, С.Баярцогт нарын нэр ч яригдсан.
Харин Лу.Гантөмөр байж байж Э.Одбаярыг сонгосон. АН-ынхан нэг хэсэг нь “...Зөв хүнээ сонголоо”, нөгөө зарим нь “...Буруу сонголт боллоо” гэцгээсэн. Хэвлэлээр ч нэлээд бичүүлэх шиг болно лээ. АН-ын тэр олон фракцаас ийм зэргийн үэзл бодлын зөрүү гарах нь тодорхой л доо. Харин Э.Одбаяр генсек болсноосоо хойш төдийлэн ил гарсангүй. Гэхдээ тэрбээр намынхаа олон фракцын учир зүйг олох тал дээр нэлээд ажиллаж буй аж. Дээр хэлсэнчлэн тэдний учрыг намын дарга дангаараа олох боломжгүй. Бас, угаасаа намын генсек гэдэг нам дотроо холбогч, намын стратеги хийдэг албан тушаал л даа. Тиймээс АН-ын дарга дээр ачаа болж ирээд байсан “...2024 оны УИХ-ын сонгуульд АН-ынхан нэр дэвшихдээ ямар зарчим, хуваарилалттай байх вэ”, “...Тойрогт хэн хэнийг нэр дэвшүүлж, жагсаалтад ямар хүмүүсийг бичих вэ” гэдэг дээр голчлон ажиллаж байгаа бололтой. Мэдээж хэрэг, ингэхдээ нам дахь фракцуудынхаа эрх ашгийг тэгш хангаж байж, ирэх сонгуульд эв нэгдэлтэй орох боломжтой юм. Хэрвээ АН-ынхан ингэж учраа олохгүй бол гишүүд нь сонгууль угтаад “өдөлж сөдлөөд” байгаа жижиг намууд, тэдэнд суурилсан зарим нэг эвсэл рүү гүйчих эрсдэлтэй. Ингэвэл АН-д халтай. Тиймээс сонгуулиас өмнө заавал намынхаа эв нэгдлийг хангах үүрэг намын даргаас гадна генсекийн өмнө тулсан байна. Өөрөөр хэлбэл, АН-ын “сонгуулийн өмнөх эв нэгдэл” генсек Э.Одбаяраас хамаарна гэсэн үг.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
(66.181.189.149)
Улс төр сонирхдог хүн үлдсэн үү? Хөдөөнөөс нийслэл рүү орж ирэх гэж байгаа хүн л Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох гээд байдаг юм.