Э.Гарамжил: Цасанд суусан дуудлагаар очиход машиныхаа доогуурх цасыг ядаж ухчихаагүй, биднийг хүлээгээд байж байдаг. Гэхдээ тэд эсэн мэнд байгаа нь чухал. Цас ухаж машиныг нь татаж гаргаад л өгдөг

-Цасанд суусан дуудлагаар яваад очихоор хүмүүс нь ядаж машиныхаа доогуурх цасыг ухчихаагүй, биднийг хүлээгээд л байж байдаг.

-Тэднийг хараад уур чинь хүрдэг үү?

-Үгүй ээ, эсэн мэнд байгааг нь харж баясаад, машиныг нь бушуухан гаргаж өгөхөө л боддог.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын химичин-аврагч, ахлагч Э.Гарамжилтай асуултад минь ийн хариулав. Хэр баргийн зүйлд дуугараад байдаггүй, тогтуухан, чимээгүй энэ залуугийн хариулт ихэд гайхашруулж билээ. Тиймээс #Nematimes түүний ер бусын, дотоод ертөнцөд та бүхнийг урилаа. Тавтай морил.

Намайг Эрдэнэцогтын Гарамжил гэдэг. Аав Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, би Баруун-Уртад төрсөн. Бага байхаасаа аврагч болохыг мөрөөддөг байлаа. Дунд сургуулиа 2011 онд төгсөөд Онцгой байдлын албанд орох гэж хоёр гурван удаа оролдоод тэнцээгүй. 2018 онд Ахлагчийн сургууль төгсөж мөрөөдөлдөө хүрч одоо аврагчаар ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Цаашдаа ч элдэв бодолгүйгээр албандаа зүтгэх зорилготой.

Эхнэр, хоёр хүүхэд, ээжтэйгээ хамт амьдардаг. Том охин 10, бага хүү дөрвөн настай. Бага хүү одооноос “Аав шигээ аврагч болно” гэх болсон. Эхнэр М.Янжиндулам гэж Ховдын бүсгүй бий. Алс баруун хязгаарын хүүхнийг яаж энэ хүртэл дагуулж ирсэн юм бэ гэж асуух хүн олон. Дуудлагаар яваад хэд хонож ирэхээ мэдэхгүй, сүлжээгүй газар олон өдрөөр ажилладаг ажлыг минь ойлгон, үргэлж намайг дэмжиж, зоригжуулан хүүхдүүдээ өсгөж, өвчтэй ээжийг минь асардаг авралын бурхан шиг ханьтай.

Би айлын ганц хүү. Аав эрт тэнгэрт хальсан, ээж минь байнгын асаргаанд байдаг. Өвчинд шаналахын хэцүүг мэддэг, мэдэрдэг болохоор ид шидтэй сэн бол олон хүнийг өвчнөөс ангижруулж өгөх юмсан гэж боддог байлаа. Нэгэнт шидтэн болж чадахгүйгээс хойш, одоо харин ажлаа сайн хийж ганц хүнийг ч болов эндүүлэхгүй аварч, тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийн төлөө хичээж ажилладаг.

Энэ жилийн хувьд манай нутаг цас зудтай байдал үнэхээр хүндэрлээ. Цас их орж, цасны доогуур ус гүйж хөлдсөн учраас мал өвс идэх боломжгүй. Малчин айлаар очих үнэхээр хэцүү, мал нь үхээд гадна нь овоорчихсон байгаа. Малчид ч өөрсдөө ядарч “Өглөө хотондоо орохоос ч халширч байна” гэж ярьж байна лээ. Цаг агаарын гамшигт үзэгдэл нүүрлэсэн ийм цагт малчин түмнээ битгий буруутгаасай. Малгүй болсон малчид төв газар бараадах байдал ч нэмэгдэх нь байна.

Онцгой байдлын албаны хувьд ч дуудлага ихтэй. Машин явах ямар ч боломжгүй байна. Цаашдаа ч байдал хүндрэх төлөвтэй. Тиймээс иргэд минь мэргэжлийн байгууллагын зөвлөмж, мэдээг харж замд гарч байгаач ээ. Хүмүүс “Зам ямар байна” гэж хэн нэг танилаасаа асууж байгаад хол, ойрын замд гарчих юм. Төв суурин газар цаг агаар тогтуухан ч аймгаас гараад дандаа шуургатай байгаа. Дуудлагаар ажиллахдаа бид ч иргэдтэй л адилхан зам туулж, цасанд суун барин явж очдог. Тэгэхэд л “Удаан ирлээ” гэж загнах хүн цөөнгүй таарах юм. Гэхдээ бидэнд шантрах эрх байхгүй. Ард олныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр нэг нь даарвал, нөгөө нь давхарласан хувцсаа тайлж өмсгөөд л хамтдаа зүтгэдэг юм шүү.

Энэ дашрамд, үргэлж бие биесээ ойлгож дэмждэг хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)