“G20"-ийн Гадаад хэргийн сайд нар санал хуваагдсан хэвээр байна
- 2024-02-23
- Дэлхий
- 1
РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2024 оны хоёрдугаар сарын 23 /NHK/. “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Оросын цэрэг Украинд халдан довтолсон асуудлаар санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Байлдааны ажиллагаа хоёр жилийн нүүр үзэх гэж байгаа юм.
Бразил улсын Рио-де-Жанейро хотноо зохион байгуулагдсан “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн бага хурал пүрэв гарагт өндөрлөлөө. Дипломатчид Украин болон Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн, мөн НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын шинэчлэлийн талаар санал солилцов.
Чуулганы дараа Бразилын Гадаад хэргийн сайд Мауро Виейра хэлэхдээ, хэд хэдэн улс 2022 оноос хойш үргэлжилж буй Украины дайныг зэмлэн буруушааж байгаагаа дахин илэрхийлснийг дурдлаа. “G20”-ийн орнууд Оросын цэрэг Украин руу халдан довтолсныг буруушаасан бол “Өмнөд хагас бөмбөрцгийн” гэгддэг хөгжиж буй орнууд төвийг сахисан байр суурьтай хэвээр байна.
Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар М.Виейра хэлэхдээ, олон улс орон санаа зовниж байгаагаа илэрхийлж, мөргөлдөөн хөрш орнуудад тархах эрсдэлтэйг онцлон тэмдэглэжээ. Мөн Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод цэргийн ажиллагаа явуулах шийдвэрээ зогсоохыг олон улс Израилд уриалж байна.
Олон талт байгууллагуудын үүргийн тухайд Бразилын Гадаад хэргийн сайд хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх хэрэгтэй гэдэгт хуралд оролцогчид санал нэг байсныг онцоллоо. Тус зөвлөлийн үйл ажиллагаа доголдсон гэх шүүмжлэл гарч байгаа юм. Бразил улс энэ оны есдүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Гадаад хэргийн сайд нарын хоёр дахь уулзалтыг хийхээр төлөвлөж байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (1)
(66.181.189.149)
Бүх улс АНУ-г дэмждэг, АНУ-г жаахан эсэргүүцэж байгаад, үнэд ороод, Унгар улс шиг америк доллар авах гэж байгаа юм.