Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр уртасгасан цагаар ажиллаж байна
- 2023-12-12
- Топ сэдэв
- 0
Томуугийн идэвхжилийн үед эрүүл мэндийн байгууллагуудыг бэлэн байдалд байлгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” тушаал гарган 2023 оны аравдугаар сарын 25-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдийг хэвтүүлэн эмчлэх ор дэлгэх, шилжүүлэх түр зохицуулалтын хуваарийг баталсан. 2023 оны арванхоёрдугаар сарын 9-10-нд Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг эмнэлгүүдэд ажиллаж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээг авсан байна.
НЭМГ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан:
-Энэ жил томуугийн дэгдэлт харьцангуй хожуу эхэллээ. Өнгөрсөн оны мөн үеийг бодвол 3.9 хувиар томуу томуу төст өвчний үзлэг бага хувьтай байна. Амбулаторийн үзлэг энэ долоо хоногт 6.5 хувьтай байна. Үүнийг дагаад эмнэлгийн ачаалал харьцангуй хэвийн, хэвийн дээд түвшинд байгаа. Гэхдээ нэмэлт орнуудыг дэлгэсэн. Дээр нь уртасгасан цагийн хуваариар ажиллаж байгаа. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр өглөө 8:40-20:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд ажиллаж байгаа бол ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд томуугийн амбулаторид шилжиж 21:00 цаг хүртэл үзлэг хийж байна. Бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд үзлэгээ хийж байна. Уртасгасан цагаар зохицуулалт хийсэн учраас амбулатори дээр хүлээгдэл харьцангуй гайгүй. Гэсэн ч хоёр хүртэлх насны хүүхдийн өвчлөл дундаа ялангуяа томуугаар хүндрээд хатгалгаа болох тохиолдол их бүртгэгдэж байна гэж ярилаа.
Сэтгэгдэл (0)