С.Отгонгэрэл: Хуулийн шинэчлэлүүдийг ил тод тунгалаг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн намыг ард түмэн дэмжинэ
- 2024-02-26
- Улс төр
- 0
Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй ярилцлаа.
-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх намууд мөрийн хөтөлбөрөө хэдийнэ боловсруулаад эхэлжээ. Ингэхэд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нам ялалт байгуулах боломжтой вэ?
-Манайх дэлхийд байхгүй системээр сонгуулиа явуулах гэж байгаа. Можаритор системийг бүсчлээд томсгочихлоо. Ирэх сонгуулиар намыг сонгож таарна. Тэр дундаа олонд танигдсан хүн сонгогдох магадлалтай. Олон мандаттай аль нэг бүсийн тойрог байлаа гэхэд тэр дотроо бас жагсах нь байна. Хэн нь нэгдүгээрт байх вэ гэдэг нь чухал болно. Дээрээс нь эмэгтэйчүүдийн квот орж ирж байна. Үндсэндээ МАН найман жил төрийн эрх барилаа. Энэ хугацаандаа Засгийн газар нь 2016-2020 онд хоёр удаа солигдов. 2020 оноос хойш бас хоёр Засгийн газар солигдлоо. Сонгогчид дүн тавих учраас саналд нь нийцсэн, сонгуулийн хуулиндаа захирагдсан мөрийн хөтөлбөр л гаргаж тавих ёстой.
Тэгэхээр сонгуульд өрсөлдөх намууд шударга, авлигатай тэмцдэг, хууль алагчилгүй үйлчилдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлэх хэрэгтэй. Бас хууль шүүхийн шинэчлэлийг оруулахдаа ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэх ёстой. Манайх нэг талаараа халамжийн улс болчихлоо. Мөрийн хөтөлбөрт халамжийн бодлого байхгүй бол тухайн нам ялагдах магадлалтай. Судлаачийн хувьд хэлэхэд, хуулиа илүү тодорхой, хүний эрхийг хамгаалсан шударга ёсыг сахиулах хэрэгтэй. Парламент нь олонхи болчихоод гаргаж байгаа хуулиуд нь дандаа Үндсэн хуулийнхаа эсрэг байж болохгүй. Хуулийн шинэчлэлүүдийг ил тод тунгалаг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлбэл ард түмэн дэмжинэ.
-Нийгэм нэлээд бухимдалтай байна. Ардын нам татвар нэмэхгүй гэчихээд хэд хэдэн татвар нэмсэн. Ардчилсан нам нь хоорондоо хэрэлдсээр байгаад сөрөг хүчнийхээ үүргийг олигтой биелүүлж чадсангүй. Ард түмнийг бухимдалгүй байлгая гэвэл намуудад ямар бодлого хэрэгтэй вэ?
-Манайх бол парламентын засаглалтай орон. Асуудлаа дотроо шийддэг. Цөөнхи буюу эрх бариагүй нам нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Эрх баригчид найман жил төр барихдаа юу амлаад, юу нь биелэгдээгүй юм. Мөн Улс төрийн намын тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжээд эхэлчихлээ. Парламентад суудалтай нам Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлдэг. Тэгэхээр парламентад суудалтай сөрөг хүчний намууд энэ үүргээ маш сайн гүйцэтгэх ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол эрх баригч нам дахиад сонгуульд ялна. Ардчилсан намын хувьд сөрөг хүчний үүргээ олигтой гүйцэтгэж чадсангүй. Эхний гурван жил хоорондоо хэрэлдээд таарсан. Одоо энэ шинэ намын дарга нь үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Бусад жижиг намуудад ч бас хамаатай. Үнэхээр сөрөг хүчнийхэн үнэлэлт дүгнэлтээ сайн өгч ард түмний анхаарлыг хандуулах ёстой.
Эрх баригч нам эхний дөрвөн жилд юу хийв. Дараагийн дөрвөн жилд юу хийснээ дүгнээд ярих ёстой. Авлигатай тэмцэж чадсан юм уу, ажлын байр бий болсон юм уу, татвараа нэмсэн юм уу, мөнгөний ханштай тэмцэж чадсан юм уу гээд энэ болгоныг улс төрийн намын шинээр хэрэгжиж байгаа хуулийн дагуу намуудын дэргэдэх судалгааны хүрээлэнгүүд ярих нь зөв. Тэгэхгүй бол жирийн иргэд тэр болгон мэдэхгүй. Парламентад суудалтай намууд ялангуяа сөрөг хүчнийхэн үнэлэлт дүгнэлтээ сайн өгмөөр байна.
-МАН “5Ш”-ийн ажиллагааны хүрээнд шударга ёсыг сахиулахаар авлигатай тэмцэж байна. Ковидоос хойш эдийн засаг сүрхий өссөн үзүүлэлтэй байгаа. Гэтэл нөгөө талд ард түмэн бухимдалтай байна. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд, ядуурал нэмэгдэж байна. Судлаачийн хувьд энэ намын явуулж байгаа бодлогод ямар байр суурьтай байна вэ?
-Аль нэг намын явуулж байгаа бодлого бол өөрсдийнх нь үзэл баримтлал байдаг. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Ард түмэн сонгож олонхи болгосон. Тэр мөрийн хөтөлбөрөө биелүүлсэн үгүйг парламнетад суудалтай сөрөг хүчин дүгнэх ёстой гэдгийг дахин хэлье. Тэрийгээ сонгогчдод хүргэх ёстой. Парламентад сөрөг хүчний хоёр нам төлөөлж байна. Тоглоомын дүрмийн дагуу сөрөг хүчнийхэн дүгнэлтээ өгч ажиллах ёстой.
Ер нь бол найман жил нэг нам засагладаг байдлаас сонгогчид залхдаг үзэгдэл бий. Польшийн жишээ байна. Тус улсад нэг нам найман жил төрийн эрх барьсан. Сонгогчид залхсан нь сонгуулийн үр дүнгээс нь харагдлаа. Ингээд найман жил эрх барьсан нам нь ялагдчихаж байна.
-Ирэх сонгуулиар олонд танигдсан хүн сонгогдох магадлалтай. Олны танил гэхээр өнөө л дуучид, бөхчид гарч ирэх магадлал өндөр болоод байна уу?
-Дуучид бөхчүүд сонгогдох боломж нь нээлттэй. Парламентын засаглалтай аль ч оронд олны танил хүмүүс гарч ирдэг. Ингэхгүйн тулд манайх сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлэх ёстой.
-Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог бол Ерөнхий сайдын сонгох байгаа. Монгол Улсын гал тогоог барих хүн хэн байх вэ гэдгийг ард түмэн сонгох ёстой. Сонголтоо маш хариулагатай хийнэ гэсэн үг. Үүнийг сонгогчдод яаж ойлгуулах вэ?
-Энэ сонгуулийн онцлог нь намын даргаа сонгох. Нөгөө талдаа тухайн бүс нутгийн лидерээ сонгох юм. Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байна гээд Үндсэн хуулиндаа оруулчихсан. Үүнийг сонгогчид ойлгож саналаа өгөх ёстой. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ялсан намын дарга Засгийн газрын гишүүдээ томилж, чөлөөлдөг эрх мэдлийг нь өгсөн. Гэхдээ танхимаа бүрдүүлэхэд гишүүдийн тоо хязгаартай байсан. Өөрөөр хэлбэл, 2022 онд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахад тооны хувьд хязгааргүй болгосон. Ингэснээр парламентын гишүүн Засгийн газартаа давхар ажиллахыг Ерөнхий сайд шийддэг. Ирэх сонгууль Ерөнхий сайд буюу тухайн намын даргыг сонгох сонгууль гэдгээ сонгогчид маш сайн ойлгох хэрэгтэй. Нам их чухал болчихож байгаа юм.
М. Мөнхцэцэг
Сэтгэгдэл (0)