"Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд торгох шийтгэл оногдуулжээ
- 2024-02-26
- Нийгэм
- 0
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2024 оны 02 дугаар сарын 19-өөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд 33,261 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 268 хэргийг хүргүүлсэн байна.Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 91, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 22, бусад 5 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 60.987 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 40,466 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурьдвал:
- Энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтаас “Тавантолгой төмөр зам ХХК”-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарчээ” гэсэн гарчигтай 01 минут 41 секундийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
- Энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
- Мөн энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Аrena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “B” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Сэтгэгдэл (0)