Ж.Байден: Ирэх долоо хоногт гал зогсоно гэдэгт найдаж байна
- 2024-02-27
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 27 /BBC/. Газын зурваст ирэх даваа гараг гэхэд гал зогсоно хэмээн найдаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.
Катарт үргэлжилж буй Израил ба ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчдийн хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарсан тухай мэдээлэл цацагдсаны дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ. “Галын зогсоох тохиролцоонд хүрэхэд тун ойртсон гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх маань надад хэлсэн” гэж Ж.Байден хэллээ.
Израилын гол холбоотон болох Америкийн төрийн тэргүүн Нью-Йорк хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ энэ тухай мэдэгджээ. Газын зурваст нэн даруй гал зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд АНУ өнгөрсөн долоо хоногт хориг тавьсныхаа төлөө хүчтэй шүүмжлэлд өртсөн юм. Үүний дараа тус улс өөрийн боловсруулсан түр гал зогсоох тухай тогтоолыг санал болгож, түүндээ Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хот руу довтлохгүй байхыг Израилд анхааруулсан байна.
Ням гарагт Израилын Батлан хамгаалах хүчин /IDF/ Рафах хотод явуулах байлдааны ажиллагааны төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулсан байна. Харин Израилын уг ажиллагааг олон улсын зүгээс буруутгаж, тус улсад шахалт үзүүлсээр байгаа юм. Учир нь, Газаас дүрвэсэн палестинчуудын орогнох газар нь Рафах болжээ.
Үүний сацуу Баруун эргийн эзлэгдсэн газар нутаг дахь Палестины засаг захиргааны Ерөнхий сайд Мухаммед Штайегийн удирдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байна. Ерөнхийлөгч М.Аббас огцрох хүсэлтийг хүлээн авчээ.
Түүний хувьд Израил-ХАМАС-ын дайн дууссаны дараа Газын зурвасыг удирдахын тулд Палестины засаг захиргааг шинэчлэх ёстой гэсэн АНУ-ын шахалтад ороод байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху Газын зурвасын ирээдүйн талаарх төлөвлөгөөндөө Палестины засаг захиргааны гүйцэтгэх үүргийн тухайд огт дурдаагүй байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)