Цахилгаан автомашин зохион бүтээх төлөвлөгөөгөө Apple цуцалжээ

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 28 /Reuters/. Apple компани цахилгаан машин бүтээх төлөвлөгөөгөө цуцалсан тухай энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж Reuters агентлагт мягмар гарагт мэдээлжээ. iPhone гар утас үйлдвэрлэгч компани уг төслөө эхлүүлснээс хойш арван жилийн нүүр үзэж байгаа юм.

 

Apple компанийн хувьцааны ханш үдээс хойших арилжааны явцад 0.7 хувиар өсжээ. Дээрх мэдээллийн талаар хамгийн түрүүнд Bloomberg агентлаг мэдээлсэн бөгөөд тус мэдээнд дурдсанаар, цахилгаан машины төсөл дээр ажиллаж байсан хэд хэдэн ажилтныг тус компанийн хиймэл оюун ухаан /AI/ хариуцсан хэлтэс рүү шилжүүлэх аж.

 

“Creative Strategies” зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Бен Бажарин хэлэхдээ, хэрэв энэ мэдээлэл үнэн бол Apple компани хиймэл оюун ухааны салбарт илүү их анхаарал хандуулах бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдад компанийн хүчин чармайлт, хиймэл оюун ухааны платформын түвшинд өрсөлдөх чадварын талаар илүү өөдрөг төсөөллийг бий болгоно гэлээ.

 

Apple нь хиймэл оюун ухааны салбартай холбоотой аливаа томоохон алхмаас өнөөг хүртэл татгалзсаар ирсэн нь уг шинэлэг технологийг нэвтрүүлэхэд хамгийн түрүүнд давуу талыг олж авсан Alphabet, Microsoft зэрэг бусад технологийн аварга компаниудаас эрс ялгаатай байгаа юм. Apple компани дээрх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.

 

Инфляцыг тогтоон барихын тулд зээлийн хүү өндөр байгаа нь хэрэглэгчдийн итгэлийг бууруулснаар гол төлөв үнэтэй байдаг цахилгаан автомашины эрэлтийг сааруулж, улмаар энэ салбарынхныг ажлын байраа цомхотгох, үйлдвэрлэлээ бууруулахад хүргээд байгаа билээ.

 

Тухайлбал, цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэгч Tesla зэрэг хэд хэдэн томоохон автомашин үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалтаа буцаан татахаар шийдээд байгаа бөгөөд бүрэн цахилгаан автомашины оронд хос хөдөлгүүртэй загварууддаа анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ.

 

Apple компани 2024 юм уу 2025 он гэхэд автомашинаа гаргахаар төлөвлөж байна гэж Reuters 2020 онд мэдээлж байсан юм. Гэвч “COVID-19” цар тахал дэлхийн автомашины үйлдвэрлэлд саатал тасалдал үүсгэхээс өмнө ч уг төслийн явц жигд бус байжээ. Apple 2019 онд программ хангамжийн арга барилаа шинэчилсний дараа 190 ажилтнаа чөлөөлж байв хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)