Конгресс дахь фракцуудын удирдагчид засгийн газрын санхүүжилтийг сунгахаар тохиролцжээ

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 29 /VOA/. Конгресс дахь Ардчилсан намын ба Бүгд найрамдах намын бүлгүүдийн удирдагчид засгийн газрын санхүүжилтийг сунгах тохиролцоонд хүрснээ лхагва гарагт мэдэгджээ. Энэ асуудлыг Конгрессын хоёр танхим удахгүй хэлэлцэнэ. 

 

Хоёр намын бүлгийн дарга нар есдүгээр сарын 30-нд дуусах санхүүгийн жилд холбооны улсын хэд хэдэн хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай 12 хуулийн төслийг батлах тохиролцоонд хүрснээр засгийн газрын үйл ажиллагаа ирэх бямба гарагт зогсох эрсдэлээс зайлсхийж чадлаа.

 

Төлөөлөгчдийн танхим ба Сенатын танхим дах фракцуудын удирдагчдын хийсэн тохиролцоо нь гуравдугаар сарын 8, 22-ны өдрүүдийг хүртэл засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд санхүүжилтийн тухай түр хуулийн төслөөр санал хураалт явуулах боломжийг олгож, хууль тогтоогчдод бүтэн жилийн санхүүжилтийн хуулийн төслийг судалж хэлэлцэх хугацаа өгөх юм.

 

"Түр санхүүжилтийн арга хэмжээний тухай асуудлыг Конгрессын хоёр танхимаар энэ долоо хоногт хэлэлцүүлж, санал хураалт явуулна" гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон, Сенат дахь олонхын бүлгийн дарга Чак Шумер, Сенат дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч МакКоннелл, Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Хаким Жеффрис болон хоёр танхимын төсвийн хороодын дарга нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ.

 

Одоо хоёр намын бүлгийн дарга нар дээрх шийдвэрийг дэмжүүлэхийн тулд гэрээний нөхцөлүүдийг намын гишүүддээ тайлбарлах ёстой.  Энэхүү тохиролцоо нь санхүүжилтийн 12 хуулийн төслөөс зургааг нь гуравдугаар сарын 8 гэхэд, бусдыг нь гуравдугаар сарын 22-ны дотор батлах боломжийг олгоно хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)