Ц.Мөнхцэцэг: Нам, эвслүүд сурталчилгаагаа хэвлэл мэдээллээр маш сайн явуулах шаардлагатай

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Шинэ он гарснаар хэрэгжиж эхэлж байгаа гол ямар хуулиуд байна вэ?

-Энэ он гарснаар хэрэгжиж эхэлж байгаа гол хуулийн нэг Улс төрийн намын тухай хууль байгаа. Энэ хууль сүүлийн 3-4 парламент дамжин хэлэлцэгдсэн ч батлагдаагүй. Миний хувьд Их сургуулийн багш, эрдэмтэн байхаас эхлээд энэ хууль дээр ажилласан. Харин 2020 онд өөрөө гишүүн болж, энэ хуулийн төслийг ахалж ажилласан. Тус хуулийн гол зүйл нь улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгосон явдал. Хоёрдугаарт, улс төрийн намыг бодлогын болгох тал дээр том шинэчлэлт хийсэн. Үүний хүрээнд бүх нам дэргэдээ бодлогын институцитэй болж байна. Хуучин бол намууд сонгуульд зориулсан популист шийдвэр гаргадаг байсан. Харин энэ хуульд урт хугацааны бодлого гаргадаг байхаар оруулж өгсөн.

-Та сая намууд бодлогын институци болно гэж байна. Энэ сард нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд өгөх ёстой. Танай намын хувьд мөрийн хөтөлбөрөө бодлогын түвшинд гаргаж чадаж байгаа юу?

-Энэ их чухал асуудал. Монгол ардын нам/МАН/ бодлогын мөрийн хөтөлбөр дэвшүүлж чадна гэдгийг хэлье. Ер нь манай нам эрдэмтэн мэргэд, бодлогын экспертүүдтэй маш сайн хамтран ажилладаг. Тэр утгаараа ч би нам бус эрдэмтэн байхдаа МАН-ын бодлогууд дээр ажиллаж, зөвлөгөө өгдөг байсан.

 

Дээрээс нь Улс төрийн намын тухай хуулиар намууд бодлогын нам болох ёстой. Намд олгох төрийн санхүүжилтийн тодорхой хувийг иргэдийн улс төрийн оролцоо, сонгуулийн мэдлэгийг дэмжихэд зарцуулах ёстой гэж зааж өгсөн. Өмнө нь ингэж санхүүжилтийн зориулалтыг зааж өгч байгаагүй.

-Мөрийнн хөтөлбөрөө боловсруулахдаа нам, эвслүүд иргэд, нийгмийн бүлгүүдээс санал авдаг. Гэтэл энэ чинь нөгөө бодлогын мөрийн хөтөлбөр болж чадах юм уу. Нөгөө л нэг мөнгөний, амлалтын шинжтэй болчихгүй юу?

-Нам эвсэлүүд эхлээд эрэлт хэрэгцээнд суурилсан судалгаа, дүгнэлтүүд хийх шаардлагатай. Ингэхийн тулд малчид, эмэгтэйчүүд, багш нар гээд нийгмийн тодорхой бүлгүүдийн саналыг зайлшгүй авах ёстой. Энэ жилийн Эх орончдын өдөр, МАН-ын байгуулагдсан өдрөөс эхлэн намын гишүүд, дэмжигчид, иргэдээс мөрийн хөтөлбөрт санал авах ажил эхэлж байгаа. Миний хувьд гэхэд л Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нартай уулзаж, саналуудыг нь авлаа. Тэд боловсролын шинэчлэлийг бодитой явуулах, боловсролын шинэчлэлд олон асуудлыг тусгах зэргийг хэлж байна. Ер нь нийгмийн олон бүлгийн саналыг авсны дараа бодлогын эрдэмтэд маань ажиллаж эрэмбэлээд МАН анхан шатнаасаа эхлэн хэлэлцээд Их хурлаараа баталж мөрийн хөтөлбөрийг гаргана.

-Хаврын чуулган энэ сарын 15-нд эхэлнэ. Тэгвэл энэ чуулганаар хэлэлцэгдэх ямар гол хуулиуд байна вэ?

-Олон хуулиуд бий. Гэхдээ тэр дотор авлигын эсрэг мэдээллийг өгсөн иргэнээ хамгаалдаг Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль байна. Энэ хуулийн төслийн ажлын хэсгийг миний бие ахалж ажиллаж байгаа. Монгол Улсын авлигыг бууруулах, олон улс дахь индексийг бууруулах шаардлага бий. Үүний тулд хийгдэж байгаа шинэчлэлүүд хийгдээд явна. Бид өнгөрсөн намрын чуулганаар Эрүүгийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонинрхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигатай тэмцэх тухай гээд гол, гол хуульд өөрчлөлт оруулсан. Авлига авсан албан тушаалтанд ял хялбаршуулан шийдэхгүй байх, үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг хурааж, улсын орлого болгох, нийтийн албанд томилогдох эрхийг нь насан туршид нь хязгаарлах гээд олон заалт орсон. Ингэж ялын бодлогыг нэлээд чангатгасан. Одоо харин шүгэл үлээсэн иргэнээ хамгаалдаг хуулийг батлах шаардлага байна. Ажлын хэсэг нэлээд сайн ажиллаж, олон улсын туршлага судалсан. Өнөөдөр манайд шүгэл үлээсэн иргэний эрх зүйн байдлыг дордуулах явдал их байна. Ажлаас нь халах, ажлын байрыг нь сэлгэх, томилох гээд олон зүйл бий. Дээрээс нь гэр бүлийн хүн нь Үйлдвэрчний эвлэлд ажилладаг байсных нь төлөө эхнэр, нөхрийг нь ажлаас халах, цалин, урамшууллаар торгох гээд олон асуудал байгаа. Үйлдвэрчний эвлэл бол нэг утгаараа шүгэл үлээгч шүү дээ. Дээрээс нь манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Үүний дагуу авлигын гэмт хэргийг мэдээлэх үйл явцыг хялбаршуулах, мэдээлэл өгсөн иргэнийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл бодит байдалд энэ бүхэн хангагдахгүй байна. Тийм учраас шүгэл үлээж мэдээлэл өгсөн иргэн хохирсон тохиолдолд хохирлыг нь барагдуулах, өндөр дүн бүхий авлигын мэдээлэл өгсөн тохиолдолд тодорхой хувиар урамшуулах зэрэг заалтуудыг хуульд оруулж өгсөн. Ингэснээр нийтийн аюулгүй байдал зөрчигдөх, албан тушаалтны эсрэг зоригтой дуугарсан иргэнээ хамгаалах эрх зүйн байдал илүү сайжирна. Авлигын эсрэг тэмцэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.

-Засгийн газар, холбогдох байгууллагуудаас авлигатай тэмцээд байна л гээд байгаа. Гэтэл олон улсын индексээрээ тогтмол уруудаад байгаа нь юутай холбоотой юм бэ?

-Монгол Улс авлигын индексээрээ ухраад байгаагийн гол шалтгаан нь авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд төдийлөн олон нийтэд хүрэхгүй байгаа явдал. Дээрээс нь авлигын төсөөллийн индекс гэдэг бол олон нийт иргэдээс авдаг төсөөллийн судалгаа. Тэгэхээр олон нийт авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг төдийлөн мэдэхгүй байна гэсэн үг. Мөн хэвлэлийн эрх чөлөөний зарим үзүүлэлтээр манай улс алдаад байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, сэтгүүлчдийн ажиллах боломжийг хязгаарлах тухай хууль мэр сэр орж ирсэн нь олон улсын тавцанд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулах гэж байна гэсэн ойлголтыг өгсөн. Тухайлбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн зарим заалтууд хэвлэлийн эрх чөлөөг хөндсөн байх магадлалтай. Үүнд миний бие болон зарим гишүүд эсрэг байр суурьтай байсан. Тэгэхээр авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хор уршгийн эсрэг авч байгаа арга хэмжээг мэдээлэх ажил учир дутагдалтай байна гэж харагдаж байгаа. Мөн төрийн дунд шатанд авлигын гэмт хэрэг буурахгүй байгаа. Тийм болохоор бид соён гэгээрүүлэх ажлыг сайтар хийх шаардлагатай. Үүнээс гадна хэвлэл мэдээлэлд гарсан мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд маань ажиллаж, эргээд олон нийтэд мэдээлдэг болох хэрэгтэй байна. Жишээлбэл, Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг дээр хэдэн хүн асуудалд ороод хэн нь хариуцлага хүлээсэн гэсэн мэдээлэл ард түмэнд ил тодоор хүрэхгүй л байна.

-Хууль гараад байдаг ч олон нийтэд тэр бүр хүрэхгүй байна гэлээ. Тэгвэл хууль сурталчлахад зориулсан төсөв мөнгө бий шүү дээ?

-Иргэдийн эрх зүйн болон хүний эрхийн боловсрол олгох асуудал учир дутагдалтай байна. уг Сонгуулийн тухай хуулиар иргэдэд сонгуулийн боловсрол олгох нь Сонгуулийн ерөнхий хорооны үүрэг байдаг. Дээр нь Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд олон нийт, дэмжигчдэдээ улс төрийн боловсрол олгох үүрэгтэй болсон. Тэгэхээр цаашид энэ хоёр субьект онцгойлон ажиллах шаардлагатай. Хоёрдугаарт, Засгийн газар, салбар яамдууд хуулиудаа сурталчлах үүрэгтэй шүү дээ. Гэтэл иргэдэд энэ талын мэдээлэл хүрэхгүй байна гэдэг нь үнэхээр анхаарах асуудал мөн. Гэхдээ гишүүд бид олон нийттэйгээ уулзалт хийхэд цөөхөн хэдэн ахмадууд л ирдэг. Залуучууд, дунд насныхан тэр бүр ирдэггүй. Тийм болохоор гишүүний албан ёсны цахим хаяг, хэвлэлд өгсөн ярилцлагаар л мэдээллээ өгдөг.

-Зудыг далимдуулаад сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхэлчихлээ гэж олон нийт ярьж байна. Тэгвэл нэр дэвшихээр горилж байгаа нөхөд хандив тусламж өгснөөрөө хууль зөрчсөн болоод нэр дэвших эрхээ хасуулах вий гэсэн асуудал гараад ирлээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн жил эхэлсэн бол сонгогчдын саналыг авах зорилгоор аливаа тусламж, арга хэмжээ хийхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жил зөвхөн мөрийн хөтөлбөр, бодлого л ярих ёстой. Түүнээс биш бэлэг сэлт, хандив тусламж өгөх нь хориотой. Хэрэв тухайн хүн аймаг, сумандаа зудтай холбоотойгоор хандив тусламж өгөөд, дараа нь нэр дэвшихээр болбол тэрхүү нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл болно. Тийм болохоор хэрэв нэр дэвшихээр горилж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчихгүй л байх ёстой. Тэгэхээр зудаар далимдуулан аливаа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох газрууд бүртгэж авч байгаа байх гэж бодож байна.

-Тэгэхээр сонгуульд нэр дэвшихдээ тэгш гараанаас гарах байдал алдагдчихаад байна. Учир нь одоо УИХ-ын болон Засгийн газрын гишүүн байгаа хүмүүс тойрогтоо ажилласан болчихдог. Харин нэр дэвшихээр горилж байгаа хүн дараа нь бүртгэгдэхгүй байх нөхцөлд орчихоод байна шүү дээ?

-Хуулиараа УИХ-ын гишүүн тайлангаа танилцуулах нь нээлттэй. Мөн улс төрийн намын гишүүдийнхээ дунд хийж байгаа сургалт, уулзалтууд хууль зөрчихгүй. Харин зөвхөн тайлангаа л ярих ёстой. Түүнээс биш ирээдүйд хийх ажил, хөрөнгө оруулалтын тухай яривал хууль зөрчинө. Тэгэхээр ер нь цаашдаа хуулийн гарц гаргалгаан дээр гарааны тэгш байдлыг хангах тал дээр анхаарах нь зүйтэй.

-Үндэсний аудитын газраас нам эвслээс болон нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээг гаргасан. Үүнээс үзвэл Сонгуулийн хуулийг батлах үеэрээ эрх баригчдын зүгээс хэлж байсан зардлыг бууруулсан гээд байснаас зөрчихөөд байна л даа?

-Энэ бол бүсчилсэн тойрогтоо холбоотой. Ингэснээр яах аргагүй зардал нэмэгдэж, нэр дэвшигч нарт санхүүгийн тэгш бус байдал үүсгэх эрсдэлтэй. Тойрог томссонтой холбоотойгоор ухуулагчийн тоо ч нэмэгдэнэ. Сонгуулийн хуулийг батлах үеэр би ухуулагч нар сайн дурын үндсэн дээр ажиллах ёстой гэж оруулаад цөөнх болсон. Уг нь намын ухуулагч нар олон улсын жишгээр бол цалингүй ажиллах ёстой юм. бүсчилсэн тойрогтой болсон нь үнэхээр дэвшил. Гэвч нэр дэвшигч 3-4 аймгийн сонгогч нартаа сурталчилгааны 17-18 хоногт яагаад ч хүрч ажиллаж чадахгүй. Тийм болохоор энэ удаад бүх нам, эвслүүд сонгогчидтой нүүр тулсан уулзалтаас гадна хэвлэл мэдээллээр ухуулга сурталчилгаагаа маш сайн явуулах шаардлагатай. Тэгж байж олон нийтдээ хүрнэ. Уг нь сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэх ёстой юм.

Олон улсад бол 45 хоногоос хоёр сарын хугацаанд сурталчилгаа хийдэг. Ингэж хоногийг уртасгаснаар сонгогчидтойгоо нүүр тулж уулзах, өөрийнхөө бодлогыг таниулах боломж нэмэгддэг. Харин манайд болохоор асар богино хугацаанд маш хүчтэй дайралт хийх шаардлагатай болдог. Энэ чинь эргээд зардлыг маш ихээр нэмэгдүүлдэг. Тийм болохоор сурталчилгааны хугацааг урт болгож, бага зардлаар сонгууль хийдэг болгох ёстой. Дээрээс нь алсдаа тойрог байхгүйгээр цэвэр пропорцианаль системээр сонгуулиа явуулдаг тогтолцоо руу явах хэрэгтэй байж мэднэ. Гэвч улс орны үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж мэдэх учраас бид хэсэгтээ ийм л системээр явахаас өөр арга байхгүй.

-Тэгэхээр л бүсчилсэн тойрог одоо байгаа гишүүд, мөнгөтэй хүмүүст давуу байдал бий болгоно гэдэг шүүмжлэл яваад байна?

-Нэр дэвшигч нарт гарааны тэгш байдлыг бий болгох, намуудад бодлогын өрсөлдөөн бий болгох гол хууль бол Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хууль байгаа юм. Намууд хандив болон орлогыг санаатайгаар нуун дарагдуулсан бол тухайн намд төрөөс олгох санхүүжилтийг зогсоохоор хуульчилсан. Ингэж байж нам өөрөө санхүүгийн хариуцлагатай болно.

-Сонгуульд оролцох эрхийг нь түдгэлзүүлэх заалт байгаа бил үү?

-Байгаа, сонгуульд оруулахгүй байх, тухайн намын үйл ажиллагааг хоёр жилийн хугацаанд идэвхгүй болгох заалт орсон.

Ингэж байж хөрөнгө мөнгөтэй этгээд илүү давуу байдал олдог, гарааны тэгш байдал алдагддаг нь багасна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.184.35)

    2024-03-04

    Мангар нэр дэвшигчдийг дампууруул!