Сонгогчдын тал нь хэнийг сонгохоо шийдээгүй энэ үед намууд Ерөнхий сайдаа зарлаад, мэтгэлцээн явуулж юу хийхээ ард түмэндээ танилцуулах хэрэгтэй

Сонгууль ойртсонтой холбоотойгоор улс төр, социологийн тандалт судалгаанууд олон хийгдэж, үр дүнгээ танилцуулсаар байна. Хамгийн сүүлд хийгдсэн нэгэн судалгааг жишээ болгон дурдъя. Тус судалгааны мэдээллийг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад оршин суудаг сонгуулийн насны 901 иргэнээс авчээ. Ингэхдээ мэдээллээ 2024 оны хоёрдугаар сарын 17-22-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж, утсаар цуглуулсан байна. Судалгаа авахдаа “Тухайн улстөрч 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл та сонгох уу” гэдэг асуултыг иргэдээс асуужээ. Ингээд үр дүн гарч. Судалгаанд оролцсон иргэдийн 30 аад хувь нь л намуудад саналаа хуваан өгчээ. Хамгийн сонирхолтой нь тус судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх олонх буюу 70 орчим хувь нь хэнийг сонгохоо одоогоор шийдээгүй байна гэдэг саналыг өгсөн байна. Энэ мэт судалгаануудын үр дүнгээс харахад сонгогчдын талаас илүү хувь нь аль ч нам, улстөрчийг сонгохоо шийдээгүй байгаа нь сонирхол татаж буй. Нөгөө талдаа улс төрийн нам, улстөрчдийн нэр хүнд муу байгаагийн илэрхийлэл гэлтэй.

Гэвч сонгогчдын талаас илүү хувь нь хэнийг сонгохоо шийдээгүй байна гэдэг бол нам, улс төрчдөд маш том боломж гэдгийг судлаачид хэлж байна. Учир нь сонгогчид одоогоор хэнийг сонгохоо шийдээгүй байна гэдэг нь таныг, эсвэл танай намыг ч сонгоход бэлэн байгаа гэж тайлбарлаж байгаа юм. Нөгөөтэйгүүр сонгогчдын тал хувь нь таныг, танай намыг огт танихгүй байна гэсэн үг. Тиймээс сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, улстөрчдийг энэ том боломжийг эртнээс ашиглах, хэвлэл мэдээллээр сурталчилгаагаа идэвхтэй явуулах шаардлагатайг тандалт, судалгааны дүн тодорхой харуулж. Өөр нэгэн судалгааны дүнгээс харахад хуучин улс төрийн намуудад иргэдийн урам хугарсан, түүнээс болоод төрд итгэх итгэлээ алдсан хувь нь өндөр гарчээ. Нөгөө талдаа шинэ нам, шинэ улстөрчдийг сонгогчид одоохондоо танихгүй байгаа нь судалгаануудын дүнгээс тодорхой харагдаж байна.

Мөн хэт залуу хүмүүсийг улс төрд гаргах нь замбараагүй байдал газар авч төр самуурах юм биш байгаа гэсэн болгоомжлол иргэдийн дунд бас байна. Энэ мэт олон судалгааны дүн эхнээсээ гарч байгаатай зэрэгцээд улс төрийн нам, улстөрчид сонгогчид руу чиглэсэн пиарын ажлаа идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь, хуучин намуудад урам хугарсан гэдэг судалгааны дүн гарч. Тэгвэл энэ дагуу МАН, АН-ын хувьд бидэнд урам хугарах хэрэггүй ээ, бид та бүхний төлөө ийм, ийм ажлууд хийнэ гэдэг ухуулгаа хэвлэл мэдээллээр явуулж эхлэх цаг нь болсон гэсэн үг. Харин шинэ нам, шинэ эвсэл, шинэ улстөрчдийн хувьд өөрсдийгөө таниулах ажлаа идэвхжүүлэх шаардлагатай аж. Энэхүү ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд нээлттэй байгаа. Гэтэл яагаад өөрсдийгөө таниулах, нэр хүндээ өргөх ажлаа өнөөгийн нам, улс төрчид хийхгүй байна вэ. Энэ олон судалгааны дүнтэй танилцах завгүй явна уу. Сонгууль гэдэг бол цэвэр судалгаа, стратеги. Үнэхээр сонгуульд ялъя л гэж байгаа бол та бүхний хийх хамгийн гол ажил чинь өөрсдийгөө таниулах, нэр хүндээ хэвлэл мэдээллээр дамжуулан өсгөх биш юм уу. Нөгөөтэйгүүр иргэдийн санал хүсэлт, судалгааны дүнгээс өөр нэгэн чухал зүйл ажиглагдаж байгааг судлаачид анзаарч. Тэр нь нам, улстөрчдийн дунд өрнөх улс төрийн мэтгэлцээн гэжээ. Урьд өмнөх сонгуулиар ч улс төрийн мэтгэлцээнүүдийг их явуулахыг сонгогчид хүсэж байсан. Тэгвэл энэ удаад ч улс төрийн намуудын мэлтгэлцээнүүдийг явуулж эхлэхийг сонгогчдын ихэнх нь хүсчээ. Тиймээс улс төрийн намууд, улстөрчид мэтгэлцээнээ явуулж эхлэх цаг нь болсон байна. Ингэхдээ улс төрийн намууд Ерөнхий сайдаа зарлачих хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай нам сонгуулиар ялж, олонх болвол энэ хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулна гэдгээ одооноос сонгогчдод танилцуулчих хэрэгтэй гэсэн үг. Яг одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхий сайдын эрх мэдэл өмнөхөө бодоход асар их нэмэгдсэн. Мэдээж сонгуульд ялсан нам Ерөнхий сайдаа тавина. Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлнэ. Тиймээс сонгогчдын хувьд улс төрийн намууд хэнийг Ерөнхий сайдаар тавих вэ гэдэг чухал байна. Тэр утгаараа улс төрийн намууд энэ хүнийг бид Ерөнхий сайдаар томилно гэдгээ одооноос шууд зарлаад явчих хэрэгтэй.

Ингэх нь нэг талдаа улс төрийн намуудад сонгогчдын саналыг татах том боломж гэдэг нь судалгааны дүнгээс харагдаж байна. Нөгөө талдаа улс төрийн намуудыг ийм байхыг иргэд хүсэж байгаа юм. Ингээд тал талаасаа Ерөнхий сайдаа тодруулчихсан намууд одоо юу хийх вэ гэж. Мэдээж улс төрийн, бодлогын том том мэтгэлцээнүүдээ явуулж эхлэх хэрэгтэй. Бүр аль телевизээр хэзээ, хэдэн цагаас ямар нам, улстөрчид мэтгэлцээн хийх вэ гэдэг хуваариа сонгууль хүртэлх байдлаар хөтөлбөрийг нь гаргах шаардлагатай байна. Ингээд хуваарийн дагуу дараагийн Ерөнхий сайдууд бодлого, мөрийн хөтөлбөр, хийх ажлаа танилцуулах маягаар мэтгэлцэнэ. Харин иргэд, сонгогчдын хувьд хэн нь ямар бодлого дэвшүүлж байна, аль улс төрийн хүчин хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлж байгаагаас хамаарч сонголтоо хийх боломжийг бүрдүүлэх давуу талтай. Сонгогчдын талаас их хувь нь хэнийг сонгохоо шийдээгүй байгаа энэ цаг үед намууд, улстөрчид одооноос Ерөнхий сайдаа зарлаж, иргэд, сонгогчдод танигдах ажлаа эрчимжүүлэх шаардлагатай болсныг дахин хэлье. Одоо л энэ ажлаа эрчимжүүлэхгүй бол бусдаасаа хоцорч мэдэх юм. Монгол Улс бол эрх зүйт төртэй, ардчилсан орон. Тэр утгаараа Үндсэн хуулиараа засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Энэхүү эрхээ бид дөрвөн жил тутам болдог сонгуулиар эдэлж, төр, засгаа байгуулдаг тогтолцоотой. Төрөө байгуулахгүй байна гэж байхгүй. Сонгууль болдгоороо болно, төр засаг байгуулагддагаараа байгуулагдана. Гагцхүү төрөө байгуулахын тулд аль нэг намыг сонгох нь тодорхой. Гэтэл улс төрийн намууд байх шаардлагагүй, нам, улстөрчдөөс болж авлига, хулгай үүсдэг гэдэг яриа нийгэмд цөөнгүй гардаг. Гэвч энэхүү яриа нь ихэнхдээ улс төрийн тодорхой зорилготой байдгийг сонгогчид хэрсүү ойлгодог болсон. Тиймээс монголчууд удахгүй болох сонгуулиар дараагийн төр барих төлөөллөө гаргаж ирж л таарна. Харин хэнд ч харьяалагдаагүй санал 70 хүртэлх хувиар сул явж байгаа нь улс төрийн намуудыг даруйхан хөдөлж эхлэх хэрэгтэйг сануулж байна.

Э.МӨНХТҮВШИН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)