Д.Трампыг Колорадогийн сунгаанд оролцох эрхтэй гэж шийдвэрлэлээ

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 5 /CNN/. АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Колорадо муж улсаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд найрамдах намын /БНН/ сунгаанд оролцох эрхтэй гэж шийдвэрлэлээ.

 

2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон үймээн самуунтай холбогдуулан Д.Трампыг АНУ-ын Үндсэн хуульд оруулсан 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн “бослого, үймээн самуунтай холбоотой заалтыг” зөрчсөн эсэх талаар олон сарын турш мэтгэлцсэний эцэст дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

Түүний нэрийг саналын хуудаснаас нэг талыг баримтлан хасаж болохгүй гэдгийг шүүгчид санал нэгтэй илэрхийлсэн боловч шүүхийн шийдвэр хэр өргөн хүрээтэй байх талаар санал хуваагджээ. Улмаар 5-4 гэсэн саналын харьцаагаар аль ч муж улс нэр дэвшигчийг саналын хуудаснаас хасаж болохгүй гэж үзсэн байна.

 

Д.Трампын хувьд дээрх шийдвэр нь 2024 онд Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг явуулах кампанит ажилд саад тотгор болж байсан хууль эрх зүйн олон сорилтын нэгийг даван туулсан томоохон ялалт боллоо. 

 

“Супер мягмар гараг”-ийн сунгаа Колорадод болохоос нэг өдрийн өмнө гарсан шүүхийн эл шийдвэрийг Д.Трамп Америк орны хувьд “ялалт” гэж мэдэгджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)