Зудтай байгаа аймгийн малчдад АНУ 700,000, БНХАУ 370,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоо мэдэгджээ
- 2024-03-05
- Нийгэм
- 1
Зудтай байгаа аймгийн малчдад БНХАУ, АНУ-аас тусламж үзүүлэхээр болсныг Засгийн газрын тэргүүнд мэдэгджээ.
Тодруулбал Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200,000 ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170,000 гаруй ам.долларын эд материалын тусламжийг үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулж, батламжийг нь гардуулан өгсөн байна.
Мөн АНУ-ын Засгийн газраас 700,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган Монгол улсын Ерөнхий сайдад танилцуулжээ.
Өмнө нь тус улсын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 200,000 ам.долларын тусламж үзүүлсэн байна. Ингэснээр АНУ-ын Засгийн газраас он гарсаар үзүүлсэн зудын эсрэг нийт тусламжийн хэмжээ 3,058,179,445 төгрөг буюу 900,000 орчим ам.долларт хүрчээ.
АНУ-аас олгож буй энэхүү тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2,700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх аж.
Түүнчлэн Австралийн Холбооны Улсын Засгийн газраас зудын гамшгийг даван туулахад зориулж 250,000 австрали доллар хандивлахаар шийдвэрлэснийг Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн мэдэгдээд байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна.
Сэтгэгдэл (1)
(202.126.91.11)
Хот руу орж ирж байгаа оркууд өөрсдийгөө олон мал алдсан баян малчид байсан гэж хүмүүст танилцуулах гээд байгаа юм.