Монголын үндэсний сэтгүүл зүйн ойн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
- 2024-03-06
- Нийгэм
- 0
Монголын сэтгүүл зүйн өнөр бүлийн хүндэт гишүүд, Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,
Та бүхэндээ Монголын үндэсний сэтгүүл зүйн 111 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Монголын парламент сэтгүүлчидтэйгээ ямагт ойр, хамт байсаар ирсэн. Сэтгүүлчид бол бидний дотнын анд нөхөд, хамтран зүтгэгчид мөн.
Монголын сэтгүүлчид төрийн бодлого, хууль ёсыг түгээн сурталчлагч, төр-ард түмнийг холбогч зууч, шударга ёсны төлөө тэмцэгч, гашуун боловч үнэнийг хэлдэг үнэнч туслагч байсаар ирсэн.
Та бүхний гүйцэтгэдэг энэ эрхэм чухал үүрэг орчин цагт илүү үнэ цэнэтэй болж байна. Монгол Улс алдаа буруугаа тэгшлэн засах, үүний тулд нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцооны томоохон өөрчлөлт хийж, Цэгцрэн тэгшрэх түүхэн цаг үеийн босгон дээр ирээд байна.
Цэгцрэх хөдөлгөөн нийт нийгмийг хамарсан давалгаа болон өрнөж байна. Босоо чиглэлтэй байсан хяналт, хариуцлагын тогтолцоо хэвтээ чиглэлд шилжиж эхэллээ. Буруу бусармаг үйлдэлд олон нийт, иргэний нийгмийн хяналт тогтоох энэ шилжилтийг манай сэтгүүлчид манлайлж байгаад талархлаа илэрхийлье.
Шинэ сэргэн мандалтын төлөөх сэрж мэдэрсэн, ойлгож ухаарсан, нэгдэж зоригжсон ард түмний Цэгцрэх хөдөлгөөн бол Монгол Улсын хөгжил дэвшил баталгаа дархлаатай, ирээдүй маргааш нь гэгээ гэрэлтэй болохын угтвар нөхцөл мөн гэдэгт эргэлзэхгүй байна.
Үнэн зөв, баталгаатай мэдээлэл бол бурууг засаж, сайн сайхныг бүтээх нэгэн чухал хэрэгсэл бөгөөд манай нийгмийн үнэт баялаг мөн. Чухамхүү ийм мэдээлэл л иргэдийг мэдлэгжүүлж, соён гэгээрүүлж, цэгцрэх өөрчлөлтөд нэгтгэн чиглүүлж, хөтлөн замчилж чадна.
Ёс зүй, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан сэтгүүлч, түүний бүтээл бол Монголын нийгэмд цэгцрэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, улмаар шударга ёсыг бэхжүүлэх гол хөшүүрэг мөн гэдэгт итгэлтэй байна.
Тиймээс Монгол Улсын Их Хурал Монголын сэтгүүл зүйн 111 жилийн баялаг түүх, хараат бус, чөлөөт, шударга сэтгүүл зүйг эх орондоо төлөвшүүлэх Та бүхний хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, дэмжин хамтрахад ямагт бэлэн байх болно.
Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх, хараат бус байдлыг бүрнээ хангахыг Монголын парламент эрхэм үүргээ гэж үзэж байгааг энэ дашрамд илэрхийлье.
Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх ЭРХ ЧӨЛӨӨ, нийт ард түмнийг хамарсан ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН, төр, засгаас дэвшүүлэн хэрэгжүүлж буй ШИНЭ СЭРГЭЛТ-ийн бодлого бол Монголын хөгжил дэвшил, сайн сайхны чандмань гурван тулгуур гарцаагүй мөн. Тиймээс ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэцгээе.
Монгол оронд шударга ёс, эрүүл нийгмийг цогцлоох эрхэм үйлс тань бүтэмж төгөлдөр, үг тань үнэн, үзэг тань хурц байх болтугай.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар
Сэтгэгдэл (0)