Ц.Дэлгэрботь: “Альфа” үеийнхэнд сэтгэлийн боловсрол чухал

Хүүхдийн хөгжлийн ялгаатай байдлаас үүдэн тусгай хэрэгцээт боловсролын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүний тулд тэгш хамруулах сургалтын тогтолцоо чухал гэдгийг ярих болсон. Энэ талаар “Солонгон мод” өдөр өнжүүлэх төвийн эрхлэгч Ц.Дэлгэрботьтой ярилцлаа. 

-Орчин цагийн боловсролын систем өөрчлөгдсөн тухай ярьж байгаа ч заах арга барил нь 30 жилийн өмнөхөөс салахгүй байна гэж шүүмжилдэг. Тэгвэл орчин цагийн боловсролын систем гэж юуг хэлээд байгаа юм бэ? 

 

-Гадны орнууд XXI зууны боловсрол гэж тодорхойлсон. Энэ нь хувь хүн “Би хэн бэ, би ямар хүсэл, мөрөөдөлтэй вэ, би яаж амьдрах ёстой вэ? гэдгээ мэдэрч өөрийгөө хөгжүүлэхэд шаардлагатай зүйлсэд анхаарлаа хандуулдаг болсон. Харин манай улсын хувьд “Тэр намайг юу гэж хэлэх вэ, миний талаар юу бодож байгаа вэ, Ерөнхий сайд хэн болсон, түүний амьдрал ямар вэ” гэдэгт илүү анхаарлаа хандуулдаг. Энэ нь өнөөдрийн боловсролын өөрчлөлтөд нөлөөлж байна гэж боддог. Тэгэхээр боловсролын салбарт өөрчлөлт хийхийн тулд гаднын орноос суралцаад ирж байгаа боловсон хүчнийг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, одоогийн заах арга, сурган хүмүүжүүлэх аргыг өөрчлөх шаардлагатай. Үүний тулд багш нар шинэ цагийн мэдээлэл, сургах арга барилд суралцах хэрэгтэй. Мэдээж сургах арга барилаа өөрчилж, сайжруулаад шинэчлэл хийж байгаа багш нар бий. Тиймээс шинээр багш нарыг бэлтгэж байгаа сургалтын тогтолцоонд өөрчлөлт хийх ёстой гэж хардаг. 

 

-Сургах арга барилыг өөрчлөх шаардлагатай гэж байна. Тэгвэл тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах аргачлалд ямар ахиц, өөрчлөлт хэрэгтэй вэ?

 

-Эрүүл мэндийн талаас хэвийн атлаа харилцааны талаасаа онцлогтой хүүхдүүдийг нийгэмшүүлэх, харилцахад аргачлал чухал. Боловсрол гэдэг гурван талт харилцаанаас хамаардаг. Багш, эцэг эх, сурагч нэг цэгт төвлөрөх хэрэгтэй. Хамгийн чухал нь орчин цагийн хүүхдүүд юу хүсэж байгааг, ямар онцлогтой вэ гэдгийг судлах шаардлагатай. Ингэснээр боловсролын системд тулгарч байгаа асуудлыг ойлгох болно. Өөрөөр хэлбэл, хүүхдийг сургахын тулд эцэг эх юунд анхаарах вэ. Сурган хүмүүжүүлэгч ямар арга барилаар сургах вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг. Хамгийн гол нь боловсролын салбарт алдагдсан зүйл нь судалгаагүй байгаатай холбоотой. Хүн бүр орчин үеийн хүүхдүүд, “Z” болон “Альфа” үеийнхэн гэж нэрлэдэг. Гэтэл энэ үеүдэд хэдэн оны хүүхдүүд хамаарч байгааг тодорхойлох нь зүйтэй. Тухайлбал, 2010-2025 онд төрсөн хүүхдүүдийг “Альфа” үеийнхэн буюу “шилэн ертөнц” гэдэг. Энэ үеийнхэн эхийн хэвлийд бүрэлдэж эхлэхтэй зэрэгцэн технологийн дэвшлийг мэдэрч эхэлсэн гэсэн үг. Тэдэнд сэтгэлийн боловсрол хамгийн чухал гэдгийг дэлхий нийтээр анхаарч эхэлсэн. Тиймээс европын орнуудад энэ үеийнхэнд тохирсон сургалтын системийг бий болгосон. 

Учир нь альфа үеийнхэн сэргэлэн, мэдрэмжтэй, мэдлэгтэй хүүхдүүд байдаг. Тэгэхээр оюуны боловсрол олгохоос илүү зүрх сэтгэлийн боловсрол олгоход анхаардаг болсон. Энэ үеийн хүүхдүүдийг өмнөх үеийнхэнтэй харьцуулахад оюуны өндөр чадамжтай болохоор заах гэж хичээх хэрэггүй. Ураг байхаасаа техник, технологитой харилцах арга барилаа олчихсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс олон улсад альфа үеийнхэнд оюуны боловсролоос илүү сэтгэл хөдлөлийн боловсрол эзэмшүүлэхийг чухалчилж байна. 

 

-Сэтгэл хөдлөлийн боловсрол гэдэг нь юу гэсэн үг билээ. Үүнийг манай улсын орчин цагийн боловсролын системд хэрхэн ашиглах вэ? 

 

-Боловсролын системийг IQ буюу мэдлэг, мэдээлэл олгодог. EQ буюу сэтгэлийн боловсрол олгох гэж хоёр ангилах хэрэгтэй гэж хардаг. Хэдийгээр сэтгэлийн боловсролыг чухалчилж байгаа ч оюуны боловсролыг орхигдуулж болохгүй гэсэн үг. Манай улсын хувьд сэтгэлийн боловсролыг орхигдуулдаг гэж шууд утгаар нь ойлгож бас болохгүй. Олон улсын боловсролын систем, заах арга барил өөрчлөгдөхтэй зэрэгцэн бид ч түүнийг дагасан өөрчлөлт хийж л байгаа. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн боловсрол гэж нэрлээгүй л болохоос Хүн ба байгаль, Хүн ба орчин зэрэг хичээлээр дамжуулан заадаг. Гэхдээ заах арга барилыг өөрчлөх цаг болсон. Зөвхөн номд бичсэнийг заахаас илүү бодит байдалд тулгуурлаж заах шаардлагатай. Тэгэхээр өмнөх үеийн сургах системээс хэрэгтэй нь авч үлдээд шинэчлэх хэрэгтэй гэсэн үг л дээ. 

 

-Тусгай хэрэгцээт хүүхдэд заах арга өөр байх уу. Эдгээр хүүхдийг эрүүл мэндийн болон харилцааны талаас нь оношилдог тухай сонсож байсан? 

 

-Харилцааны болон эрүүл мэндийн талаас нь оношилдог. Тусгай хэрэгцээт хүүхэд гэдгийг монголчууд “аутизм” гэж тодорхойлдог. Нэгдүгээрт, зөв оношлох хэрэгтэй. Ямар үе шаттай байна вэ гэдгээс хамаарч энгийн сургууль, цэцэрлэгт сургах эсэхийг тодорхойлно. 

Нийгэмших боломжтой гэж оношлогдсон хүүхдийг энгийн хүүхдүүдийн дунд сургах хэрэгтэй. Ингэснээр тухайн хүүхэд олон зүйлийг сурдаг. Бодит амьдралаас суралцахын зэрэгцээ үеийнхнээсээ илүү ихийг сурдаг. Нөгөө талаас нь харвал энгийн хүүхдүүд тусгай хэрэгцээт хүүхдийг илүү ойлгож, хайрлаж, хүндлэх харилцаанд суралцдаг. 

 

-Ялгаварлан гадуурхах явдал нийгэмд ажиглагдах юм. Хүүхдийн хөгжлийн ялгаатай байдлыг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй, хүлээж авахгүй байна гэдэг шүүмжлэл гардаг шүү дээ? 

 

-Тусгай хэрэгцээт хүүхдийн оношилгооноос хамаарч энгийн хүүхдүүдтэй хамт байх боломжтой гэж үзвэл тэдний дунд байх нь зөв шийдэл. Ер нь энэ байдал зөвхөн манай улсад байгаа зүйл биш. Олон улсад аль хэдийн бий болсон. Түүнийг даван туулахын тулд ямар арга барилаар заах вэ. Хэрхэн нийгэмшүүлэх вэ. Нийгэмд ялгаварлан гадуурхалгүй байлгахын тулд яах ёстой вэ гэдэгт аль хэдийн анхаарлаа хандуулаад эхэлсэн. 

Энгийн хүүхдүүдийн дунд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг оруулснаар зөвхөн тэдэнд ч биш энгийн хүүхдүүд тэднийг ойлгож, хайрлахад суралцаж байгаа юм. 

 

-Аутизмтай хүүхдийг сургах арга барил тусдаа байх уу?

 

-Аутизмтай хүүхдийн онцлог нь асар олон зүйлийг бодож байгаа хэдий ч түүнийгээ гадагшаа илэрхийлж чадахгүйгээс үүдэн харилцааны эмгэгтэй болсон хэрэг. Энэ нь мэдээж харилцаа талын оношилгоо гэж ойлгож болно. Түүнчлэн тэд хэв маягт баригддаг. Өөрөөр хэлбэл, түүний хэрэглэж байгаа ном ширээн дээр байх ёстой гэдэг бол энгийн хүүхдүүд өөрт ойр байгаа газраа орхичихдог шүү дээ. Тэгвэл харилцааны эмгэгтэй хүүхэд энгийн хүүхдүүдтэй байхдаа тэдний хийж байгаа үйлдлийг өдөр бүр харж байгаа учраас өөрийнхөө баригдмал хэв маягаа өөрчлөх хандлагад суралцаж байгаа юм. Мөн альфа үеийнхэнд загнах, зандрах, тушаах байдлаар харилцвал хүлээж авахгүй. Тэгэхээр эцэг эх, багш хүүхдийг сургаж, чиглүүлж хүмүүжүүлдэг. Гэтэл загнаж болохгүй, тушааж болохгүй гэдгийг ойлгож байна гээд хэт эрхлүүлснээр онцгой араншинтай хүүхдүүдийг бий болгож байгаа юм. 

 

-Тэгвэл альфа үеийнхэнтэй ямар аргаар харилцах ёстой вэ? 

 

-Миний туршлагаас харвал, энэ үеийнхэнд дүрмийн арга илүү үйлчилдэг. Нэгдүгээрт, хүүхэдтэйгээ хамтаар гэрийн дүрмийг зохиож түүнийгээ мөрдөх хэрэгтэй. Ер нь хүүхэд хоёр настайгаасаа цэцэрлэгт явж эхэлснээр нийгэмшдэг. Энэ үеэс л дүрэм дагах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэрэв дүрэм зөрчвөл сахилгажуулах шаардлагатай. Энэ нь зодох хэлбэр биш. Харин сэтгэлзүйгээр нь зөв хандлагад суралцуулах нь зүйтэй. Жишээлбэл, би хүүхдүүддээ дүрмийг нь зургаар илэрхийлж харуулдаг. Гэхдээ энэ үеийнхэн урьдчилан сануулах байдлаар харилцах нь чухал. 

 

-Тэгвэл манай улсын сургалтын байгууллагын заах арга барил, сургалтын системийг өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? 



-Туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийн арга, туршлагыг сонсож, хөрсөнд хэрхэн буулгах талаар ярилцах хэрэгтэй. Би өнгөрсөн зуны амралтаар Солонгос улсад очиж туршлага судалсан л даа. Учир нь дэлхий хувь хүний хөгжил рүү анхаарлаа хандуулж байна. Хэрэв хувь хүн өөрийгөө эерэг аргаар хөгжүүлбэл түүнээс зөв хандлага гарна. Жишээлбэл, Солонгос улс хүний хөгжилд зөвхөн боловсролын байгууллага анхаарлаа хандуулах ёстой гэж үздэггүй. Тэнд хөгжлийн төвүүдийг олноор байгуулан эцэг эх, хүүхэд, багш харилцан суралцах, мэдлэг мэдээлэл солилцох, хуваалцах зарчмаар хамтран ажилладаг. Тэнд бүх насныханд зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Тухайлбал, эмээ, өвөө нар ач, зээтэйгээ хэрхэн харилцах талаар суралцаж байна. Мөн орчин үеийн хүүхдүүд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт хандуулж байна. Хувь хүн өөрийнхөө бүтээхийг хүссэнд нь чиглүүлэх нь илүү зөв шийдэл болж байгаа нь анзаарагдсан. 

 

Доржийн ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.184.35)

    2024-03-10

    Альфа бус , мангарчууд юм.