Мал нь хорт хавдар тусгачихсан юм биш, буруу хооллосных, өөртөө хайргүй амьдарсных!
- 2024-03-11
- Нийтлэл
- 0
-Мартын 8-ны баяр тэмдэглэгчдэд хамаарахгүй шүү
“Зуд ба Ядуурал” сэдвээр NTV-гийн дугуй ширээний ярилцлагад оролцохдоо Төв аймгийн Баянхангай сумын засаг дарга С.Баярмаа ингэж ярьдаг юм:–Насаараа мал малласан малчин насны бөгсөнд харамсан ярьж байна. Хэдэн малтай ноцолдоод 40 жил боллоо. Байгаагаас 5 ханатай гэр, хэдэн мал, яахав үр хүүхдийнхээ сургалтын мөнгийг төлсөн, эцсийн бүлэгт мал дагаад хорт хавдартай, мал маллаж олсон бүх мөнгөө эмчилгээнд өгөөд даший шог–гэх маягтай. Яг үг өгүүлбэрийг буулгахгүйгээр иймэрхүү зүйл ярьсан даа. Би тэр үед нь сөргүүлж тайлбар хэлмээр санагдсан ч цагтаа хавчигдаад амаа жимийгээд өнгөрсөн, одоо С.Баярмаа дүүгийнхээ ярьсанд тайлбараа хэлье.
Монголчуудын нүүдэлчин өв уламжлал (соёл иргэншил!) гэж томоор мандуулахгүйгээр аж төрөх ухааныг нь орчин үедээ татан авчраад би шүүмжилдэг. Шүүмжлэл эзэддээ очиж, тэд гэгээрч ухаараасай л гэж бичдэг. Мууг нь үзэх хорон санаа над байхгүй. Хайш яйш, заримдаа хайр найргүй амьдардаг. Хэнэггүй нь дэндчихсэн. Цаг нар, байгаль дэлхий, ертөнц тэдний тааллаар байдаг гээд мухраар итгэчихсэн. Аж төрөх, амьдрах, гэр бүлээ авч явах, үр хүүхдээ хүмүүжүүлэх, найзлах нөхөрлөх, наймаа арилжаа хийх, мөнгө цаасаа хэмнэх гамнах талаар монголчуудын олонхи нь хайр найргүй (муу гэсэн үг биш шүү!), тэр нь л малчдын хорт хавдартай болох үндсэн шалтгаан болохоос малчин хүн мал дагаад хавдар тусдаг гэдгийг би шууд үгүйсгэнэ. Хайр найргүй аж төрөл дотор нь хайр найргүй баярлаж цэнгэх, хайр найргүй идэж уух, хэрэглэх, хайр найргүй өлсөж цангаж өөрийгөө тамлах энэ бүгд чинь орно.
Би хэдэн сарын өмнө бичсэн дээ. Улс даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” өрнөж байгаа энэ цаг үед арай өөр өнцгөөс, хийж бүтээснээ бүү үрэн таран болгочихоосой, хийх бүтээхийн хажуугаар идэш уушаа зөв боловсон тохируулаач ээ, хүнсний аюулгүй байдлаа дээдлээч ээ хэмээн уриалсан нийтлэлээ дахин давтан хүргэе. Хүлцэн уншаарай!
Хууч яриа. Номын садан нэртэй нанхиадч Ц.Сүрэнжав маань хятад эмч найзаасаа санаанд үл багтам зэм (зөвлөлгөө) сонсож гэнээ. Монголчууд ганцхан ажлыг сайн хийгээд сурчих гэжээ. Иддэг хоол хошоо сайн боловсруулж, зөв эрүүл хооллохыг нь хэлчихсэн аж. “Ганцхан сайн ажил” гэдэг нь хоол хүнс юм гэнэ, хятад хүний нүдээр. Хятад эмч мөн хоржоонтой (хорлонтой, гэвч үнэн!) хэлжээ. Олон мянган жил оршин тогтнож, бас найман зууны тэртээ дэлхийн талыг морин туурайгаар сийлж явсан ард түмэн хоол ундаа зөв хийгээд идчихэж чаддаггүй, тэгээд хоолны хордлогоос үүдсэн хоол боловсруулах эрхтэнүүдийн олон төрлийн өвчнөөр гадны эмнэлгүүдийг санхүүжүүлээд, олсон зөөснөө бүгдийг нь эмчилгээнд үрдэг, яг л зөв хэлсэн мэт. Хятадын эмнэлэгт (цаашаа Өмнөд Солонгос, Таиланд, Энэтхэг, Сингапур, Турк гээд явж өгнө) ингэж их мөнгө цутгаж байхаар тэр мөнгөөрөө хоолоо зөв боловсруулаад идээд сурчих л гэсэн байна. Юу нь буруу байгаа юм бэ?
Хүнс тэжээлээ өөрсдөө бэлтгэдэг, бүтээдэг болсон монголчууд минь (малчид минь) хятад эмчийн зөвлөлгөөнд бүү эмзэглэ! Хоол хошны асуудлаар эмнэлгийн хаалга татаад, мөнгөө үрээд баймааргүй байна. XXI зууны соёлжсон энэ цаг дор түүнийгээ гээчих!
Facebook-ээс хэн нэгний пост эшлэе. Яг л хэлчихсэн байна.
Монгол найр нь санхүүгийн гарлага (огтын ашиггүй), хоол хош нь хор болж үлддэг сонгодог жишээ болсон МОНГОЛ НАЙР-ын тухай би олон жилийн турш бичиж ярьж, ухуулж ирсэн дээ. Хайр найргүй идэж уудаг, хайр найргүй цэнгэн жаргадаг, дараа нь хайр найргүй өвчилдөг цикл одоо ч яваад буй зураглалыг дор дүрслэнэ. Монголчууд тэгтлээ баяжаад мөнгө төгрөгөө барж ядсан улс биш, бас хүнсээр өөрсдийгөө 100% хахтал нь хангачихаагүй байна. Монголчуудын олонхи нь хоног тоолж өл залгаж яваа хэвээрээ. Дөнгөн данган дэвжин дээшлэх нь үү гэтэл Цагаан сар, зун намрын их найранд олсон зөөснөө гөвөөд бардаг гашуун жишээ олон (бүр маш их) байна. Гол нь ингэж их цаг зав гарздаж хонон өнжин найрлах дайлах шаардлага байна уу, өөр хийх ажил алга уу гэж харуусмаар, ам асуумаар санагддаг. Ийм их найр наадам дунд монголчууд умбаж, гадны зочид гийчдийг гайхшруулах нь ямар учиртай юм бэ?
- Эдийн засгийн талаас нь тооцвол зуны дэлгэр цагт олон хонь төхөөрч (бараг зочин ирэх тоолонд), ууц тавьж, ширээ дүүрэн зайгүй чихэр боов ааруул өрж, зочин ирэх тоолонд хоол хийж, архи задалж, тогоо нэрж, хөхүүр хөхүүрээр айраг юүлж, илүү гэртээ шартагсдыг тойлж, адаглаад олон хоногоор гал өрдөж, тог шатааж, ундны ус урсгаж байх нь бодит гарлага биш гэж үү? Цомхон, төсөрхөн ёслоод найрлаад салж болдоггүй улс уу, бид чинь? Ингэж их найрлахдаа өр тавьсан, олсноо барсан, мөнгөөрөө шатсан нь захаас аван мянга түмээрээ бий шүү.
- Сэтгэхүйн талаас нь шинжвэл зочноо бялууртал нь дайлж (идүүлж), үхтэл нь шахаж согтоож, онхолдуулж аваад буцаах нь эрийн хийморийн хэрэг бололтой. Ерөөсөө ингэж их найрлах нь нэр төр, бэлгэ дэмбэрэл, нийгэмд эзлэх байр суурь, хуудуудтайгаа мөчөөрхөх, танил талдаа ихэрхэх томрох гол хөшүүрэг нь юм уу гэлтэй үхэлдэн уралдацгаах. Нэг үгээр нэр төрийн их үйлс бололтой. Гол нь найрлуулагч маань өнчин ядуу байна уу, өртэй байна уу, тэр падлийгүй, хэд хоногийн найр даах бэлтэй бэнчинтэй, лут баян хүн болж бусдад харагдах хэрэгтэй. Харилцан өгөлцөж авалцах бэлгэн дунд чухам л өглөгчийн дүрд хэд хоног сайн тоглож авъя гэсэн шиг гэрийн эзний пээдийх нь жинхэнэ монгол эрийн төрх гэлтэй.
- Эрүүл мэнд-биологийн талаас нь дүрсэлбэл хүний нэгэн бие махбодь яаж шингээдэг юм гэмээр ой гутам, огиудас хүрэм зүйл бишгүй нэг. Адаглаад зочин бүр литрийн том хулаар айраг гурван удаа, араас нь том гарын мөнгөн аягаар шимийн архи гурван удаа, араас нь жижиг мөнгөн аягаар орос архи (цагаан архийг хөдөө тэгж нэрлэнэ) гурван удаа, эсвэл солбиулж хөнтрөх найрын хатуу дүрэмтэй. Бас ч үгүй сүүтэй цай, өөхтэй мах, ууцны мах, бууз, банш, шөл, зууш хүртчихээд байгаа, дээрээс нь энэ их архи айргийг оруулна гэсэн үг. Нэг сав руу (хүний ходоод) ар араасаа гулган орж буй энэ их идээ умдааны химийн найрлагыг аваад үзэхэд нуль хор байна. Бараашаг, пиво, дарсыг тооцолгүй, зөвхөн монгол найрын дарааллын архи тэргүүтнийг дээр нэрлэлээ. Олон хоног ил, ширээн дээр хадгалсан ууцны өөх мах үнэр ороод ирэхээрээ Таны гэдэс ходоодыг алж өгмөөр санж. Гэтэл монголчуудын ходоод тусдаа, маш дархлаатай гэж монгол найрын дүрэмд үздэг бололтой.
- Ахуйн талаас нь ариун цэвэр, ахуйн соёлыг ёстой нэг төрөл арилжуулчихав уу гэлтэй. Таныг явж ороход шинэ шаазан, жүнзэнд айраг, архи хийж өгнө гэж гонжийн жоо, учир нь тийм ёс Монголд байхгүй. Таны өмнөх зочин ууж байгаад дутуу орхисон байх ба тийм дутуу орхисон айраг архи ширээ дүүрэн өрөөстэй. Захаас нь аваад сэлбээд Танд барих вий. Архи, шимийнх алин болохыг сөнө түшигч нь амсаж мэдээд дээрээс нь аягалах бол ердийн үзэгдэл. Бүү сэжиглээрэй. Учир нь цагаан идээ, идээний дээж архийг асгадаггүй, асгавал муу ёр гэсэн монгол заншилтай тул хэн нэгний уусантай нийлээд хэд хэдэн хүний (хэдэн ч хүн байж болно) шүлс холилдоод ходоод руу чинь орж явчихна гэсэн үг. Шүлсээр юу юу халддаг билээ, тэр ч дүүрч, халдварт шар, гэдэсний өвчин үүсгэгч нян, энэ тэр гэвэл Та монгол айлын найр руу бүү зүглэ. Архи айрганд пологтсон улсын бөөлжис дан жорлонгийн хоолойгоор явдаг гэж бүү эндүүрээрэй.Дэргэд чинь бөөлжих бол ердийн үзэгдэл, эхнэрүүд хэл үггүй цэвэрлэчихнэ. Ялаа батгана шавсан найрын ширээ, тамхины цэнхэртсэн утаа, угаадас, аяга шанага нь нэг дор холилдоод, согтуу хүмүүсийн орилоон, найрын дуу, сөнө түшигчдийн шахаан нийлээд ариун цэвэр гэдгийг ёстой улан дороо хийсэн шиг хийнэ вий.
- Энэ их найрын хувцас хунар, гоёл гэж бас нэг тээртэй юм байна. Ялангуяа зуны энэ их халуунд заавал ёс мэт үйтэнхуар,эсвэл торгон дээл, үйтэнхуар хантааз, монгол гутал, ковбой шляпан эсгиймалгай өмссөн байх, хосоороо тэгж хувцаславал бүр ч ланжгар. Тэр их тээртэй хувцас, шахааны архи, бүгчим халуун нийлээд цаад хүн яаж тэсдэг юм, босч болохгүй, гарч явж болохгүй, нэг суудал дээр шахуулаад, төсөөлөхөд дотор эвгүүцмээр. Тамхилдаг хөөрөг том бага, хөөрөгний даалинд бас их учир байх шиг. Бас л нөгөө нэр төр, мөчөөрхөл явж байх шиг.
- Нэгэнтээ ярилцах мэтгэлцэх юмаар маруухан, ерөөсөө найран дээр ярилцаж болохгүй дүрэмтэй, зөвхөн дуулж, шахуулж, дуу сонсох үүрэгтэй тул олон цагийн дуу хуур найрлагчдыг чухам залхаахаар юм шиг. Гэвч монголчуудын олонхи нь түүнээс залхдаггүй онцлогтой. Яасан ч их цаг зав, сөөж өгдөггүй дуу хоолой, барагдашгүй дуу хуур вэ гэж гадаадынхан алмайрдаг байх даа.
- Найраас хамгийн их хохирдог нь гэвэл балчир үрс маань байна. Тэд сурах мэдэх, тоглох наадах алтан цагаа согтуучуудын хэдэн өдрийн найран дунд, тамхины эхүүн утаан дотор өнгөрөөж байна. Найрын эзний өглөгч зан хөдөлж чихэр жимсийг бялууртал нь идүүлснээс хоолны хордлого энүүхэнд, үр хүүхдийнхээ амь насыг дэнчинд тавьсан тохиолдол бишгүй. Цагаан сарын үед түргэний дуудлага ихэсдэгийн нэлээдийг хоолны хордлого эзлэх ба хүүхдүүд олон очдог. Нялхаасаа найр, найрын жаягт дассан хүүхдүүдээс ирээдүйд эрдэмтэн, сэхээтэн бол гэж албадах нь зүйд үл нийцэх бус уу?
Хайр найргүй идэж уудаг, цулайтлаа хайр найргүй дайлуулдаг, хайр найргүй цэнгэн жаргадаг, дараа нь хайр найргүй өвчилдөг, тэгээд хятад, солонгосын эмнэлэгт хайр найргүй мөнгөө цацдаг цикл!
Xүмүүн төрөлхтөн XXI зуунаа алхчихаад даруй эхний 24 дэх жилдээ явна. Гэтэл зэрлэг нь цэнгэл болж, найр наадам, дуу хуур, урлаг, найрагтаа живж, мөнгөө зүв зүгээр гөвж, тэгээд хөгжлийн хоцрогдлын туйл болж яваа улс үндэстэн манай Монголоос өөр дэлхийд хэд бий бол? Тоолоод үз дээ. Лав ихгүй дэг ээ!
Эцэст нь учирлахад, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” нийгмээсээ дэмжлэг хүлээгээд байна. Санаж сэдэж буй, зөв эхлэлтэй олон ажил өрнөж байна. Хувьсгалын нэг гол уриа нь эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал юм. Хүнсний аюулгүй байдалд (цаанаа бол монгол хүний эрүүл мэнд!) шууд хамаатай энэ буруу зуршлыг одоо л хөндөж тавихгүй бол болохгүй байна! Хүлцээрэй, сэтгээрэй! Малчин хүнд мал нь хорт хавдар тусгаагүй!
Сэтгэгдэл (0)