Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн

Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо.

Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн. Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмж, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40, аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн цалингийн 20 хувиар тооцож нэмэгдэл олгохоор болсон” гэлээ.

Мөн Засгийн газар  Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2023-2025 оны Улсын хэлэлцээрээр тохирсон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийх, тэтгэврийн зөрүүг арилгах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах, хөдөлмөр, нийгмийн халамж, даатгалын үйлчилгээг цахимжуулж, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх үүргээ амжиллтай хэрэгжүүлснийг тэмдэглэв.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх ажлын хэсэг байгуулсан. Энэ удаагийн уулзалтаар тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим зүйл заалт, салбарын болон нийслэл, аймгуудын хэлэлцээрүүдийн хэрэгжилт, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, гарц гаргалгааг хамтран ярилцлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)