Г.Лхагвадорж: Үл ойлголцлоос үүдэж дүү маань гэмт хэрэгтэн мэт нийгэмд ойлгогдлоо
- 2024-03-15
- Нийгэм
- 0
Цахим сүлжээнд “Охинд маань 99545464 дугаараас маргааш ирж иж бүрэн шинжилгээ өгч болно гээд энгийн орон сууцны хаяг явуулсан байна” хэмээх агуулга бүхий зурагт мэдээлэл олон хүний хардлага, уур бухимдлыг төрүүлсэн юм. Дээрх дугаарын эзний ах Г.Лхагвадоржоос энэ талаар тодрууллаа.
-Таны дүү юу хийдэг хүн бэ. Яагаад сурагч хүүхэд рүү ирж шинжилгээ өг гэж бичсэн юм бэ?
-Уг нь дүү маань ярилцлага өгөх ёстой. Гэвч тэрээр одоо ярилцлага өгөх мантай байна. Дүү маань 30 хараахан хүрээгүй залуу бүсгүй. “Herbalife” брэндийнхээ судалгааны ажлыг хийж явж байгаад Жуковын автобусны буудал дээр нэг охиноос хэд хэдэн асуулт асуусан юм байна лээ.
Өглөөний цайгаа тогтмол уудаг уу, эрүүл зөв хооллолтын тухай мэдэх үү, хэдэн цагт хооллох нь эрүүл мэндэд тустай байдаг талаар мэдэх үү гэх мэт энгийн асуултууд асуусан гэсэн. Манай дүү тэр өдөр өөр олон хүмүүсээс судалгаа авсан. Тэгээд судалгаанд оролцсон хүмүүсийнхээ дугаарыг аваад дараа нь оношилгоонд орох эсэх талаар асууж, хаягаа явуулдаг юм байна. Сурагч охин руу унтахаасаа өмнө хаягаа явуулсан ба охины ээж залгаж дүү рүү маань бухимдсан, дайрч давшилсан өнгөөр ярьсан болохоор дүү маань “ирэхгүй байж болно” гэж хэлээд тасалчихсан нь үнэн. Дүү маань охиныг сурагч гэж мэдээгүй. Тэр охин өсгөлүүн биетэй оюутан шиг харагдсан гэсэн.
-Ямар үйл ажиллагаа явуулдаг газар вэ?
-Сансарын тунельд байрлалтай “Herbalife”-ын салбар, эрүүл зөв хооллолтын клуб байдаг. Тус салбараар олон хүн үйлчлүүлж, илүүдэл жингээ хасах, булчин массаа нэмэх зэрэг эрүүл мэнддээ анхаардаг юм. Шинжилгээ, оношилгоо хоёрын ялгааг хүмүүс мэдэхгүй байна. Шинжилгээ бол цуснаас дээж авна шүү дээ. Тус салбар дээр“Танита” гэдэг хүний биеийн бүтэц, усны хэмжээ, биологийн нас зэргийг тогтоож өгдөг шинжлэх ухаанч аппарат бий. Түүгээр л оношилгоо хийдэг юм. Ямар нэг байдлаар цус, шээснээс дээж авахгүй гэсэн үг. Хүний эрүүл мэндийн байдлыг тогтоогоод зөвлөгөө өгдөг. Хүсвэл “Herbalife”-ын бүтээгдэхүүн санал болгодог.
-Тухайн сурагч охины аав, ээж тухайн салбар дээр ирсэн үү?
-Тийм ээ, гуравдугаар сарын 11,12-ны шөнө л дээрх ташаа мэдээлэл эрчимтэй тархаж олон нийтийн анхааралд өртсөн. Тиймээс би маргааш нь маш олон хүн ирэх байх, бүгдэд нь үнэн учрыг хэлж ойлгуулах зорилгоор дүүтэйгээ хамт хүлээж байсан. Гаднаас хоёр хүн(охины аав, ээж) орж ирээд орилж хашгичаад эхэлсэн. Та тайвшир, ярилцъя гэж хэлэхэд давшилсаар байсан. Хүүхдэдээ хараа хяналт тавьж байгаа ээжийг бид буруутгахгүй ээ. Гэхдээ юмыг нягталж, үнэн зөвийг нь мэдэхгүйгээр цахим орчинд худал сэрэмжлүүлэх мэдээ тарааж байгаа нь буруу үйлдэл. Ялангуяа хүний утасны дугаарыг нийтэд ил зарлах бол байж болохгүй үйлдэл шүү дээ. Манай дүү тэр дугаараа арав гаруй жил хэрэглэсэн учир ажлын шугамаар маш олон хүмүүс холбогддог. Харин худал мэдээлэлд сохроор итгэсэн танихгүй хүмүүс дүү рүү минь муухай үгс хэлж, сөрөг зүйлс бичиж ажлаа хийх боломжгүй байна.
-Нөхцөл байдалтай танилцаад сурагч охины гэр бүл цахим орчинд тавьсан худал мэдээллээ устгасан уу?
-Тийм байх гэж найдаж байна. Гэхдээ яг хараагүй шүү дээ. Хамгийн их хандалт, түгээлт хийсэн хүн нь өөр хүн хуулж тавьсан байна гэж цагдаа дээр очоод дам сонссон. Би сурагч охины ээж болон цахим орчинд худал мэдээлэл тарааж байгаа тэдгээр хүмүүсийн нэрийг хэлэхгүй. Дүүтэй маань холбоотой худал мэдээлэл агуулж байгаа пост бүрийн сэтгэгдэл хэсэгт “худал мэдээлэл шүү, буруу ташаа ойлгосон байна” гэж бичсэн боловч миний бичсэн зүйлийг тэдгээр хүмүүс устгаад намайг блоклоод байгаа. Үл ойлголцлоос үүдэж дүү маань гэмт хэрэгтэн мэт нийгэмд ойлгогдлоо. Цагдаагийн газар руу мэдүүлэг өгөх гэж яваад хоёр удаа торгуульсан мөнгөө би сурагч охины ээжээс нэхэмжилсэн. Гэтэл тэд хийсэн алдаагаа зөв гэж үзэж, огтхон ч гэмшихгүй байна.
-Танай дүүгийн сэтгэл зүй одоо ямар байна вэ?
-Дүү маань багш мэргэжилтэй, гэхдээ сүүлийн нэг жил худалдааны чиглэлээр ажиллаад түүнийхээ үр шим, ашгийг хүртэж эхэлж байсан юм. Одоогоор сэтгэл зүйн хувьд хэцүү байдалтай байна. Ажлаа тайван хийж чадахгүй, нойр муутай байна. Орой үдэш танихгүй дугаарууд залгаж сөрөг, муухай зүйлс хэлж, бичиж байна. Иргэд ямар ч эх сурвалж, баримт нотолгоогүйгээр фэйсбүүкээс уншсан зүйлдээ итгэж түүнийгээ туйлын үнэн мэт ойлгож байна. Энэхүү үйлдэл маш буруу.
Үүний цаана буруу ойлгогдсон хүн сэтгэл санаа, ажил амьдралаараа хохирч байна. Маш олон шар мэдээний сайтууд энэхүү худал мэдээгээр хандалт авах гэж тавьсан, одоо болтол устгаагүй. Хүнийг санаатай, санамсаргүй байдлаар гүжирдэж, гүтгэчихээд сүүлд нь ямар ч хариуцлага хүлээдэггүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй.
Н.Нарванчин
Сэтгэгдэл (0)