Баабар: Буриад Монгол ард түмний зарим түүх
- 2024-03-18
- Нийтлэл
- 0
Буриад монголын түүх судлаач Феодор Кудрявцев Буриад монголын ард түмний түүх (История бурят-монгольского народа) гэсэн бүтээл тууривснаа 1940 онд Ленинградад хэвлүүлсэн байна. Үүнийг дахиж хаана ч хэзээ ч хэвэлсэнгүй. Аз болоход 80 жилийн дараа Буриадын Үндэсний номын санд яагаад ч юм ганц хувь хадгалагдан үлджээ.
Кудрявцевийн ном хэвлэгдэж байх үеийн Буриад монгол нь өнөөгийн Буриадаас тэс өөр байлаа. Буриад монголчууд өөрийн хэлтэй, уйгаржин монгол бичгээрээ уншиж бичдэг, монгол сургуульд хүүхдүүд нь явдаг, хөдөө тийшээ орос хэл мэддэггүй, өв соёл, зан заншлаа хадгалсан монгол үндэстэн байжээ.
Оросууд гэх нүүрэндээ үстэй, ногоон нүдтэй, урьд өмнө огт харж байгаагүй сүрэг шийдэм бороохой барьсаар орж ирэн дээрэмдэж талж эхлэхээр хөөрхий буриад монголчууд тэднийг мангас гэж харжээ. Ингэж орос хүнийг буриад нар “мангас” гэж нэрлэх болсон, одоо ч мангад гэдэг нь мангасын олон тоо. Октябрийн социалист хувьсгалын үзэл суртлын нөлөөгөөр буриад монгол үндэстний өнгөрсөн түүхийг өнөөгийнхөөс шал өөрөөр тайлбарладаг, үүнийгээ ч сургуульд заадаг, түүх ном нь хэвлэгддэг байж. Энэ бүхэн нь Кудрявцевийн бүтээлд тусгалаа тод олсон нь эндээс харагдана.
Бүтээл хэвлэгдэж байх үе нь Зөвлөлтөд бүхнийг хамарсан их хядлага болж байсан, тэр дундаа буриад монголчуудыг “нармай монголынхон” гэх зохиомлоор үүсгэсэн хэрэгтээ холбогдуулан хамаг сэхээтнүүдийг нь хядсаны дараахан болохоор Кудрявцевийн зохиол энэ үзэл суртлаас өөр байх бололцоогүй юм. Түүхэнд өгсөн дүгнэлт зэрэг нь ч өнөөгийн хүмүүсийн ойлголтоор илүү хачирхалтай гэмээр.
Гэхдээ бүтээлийн хамгийн олзуурхууштай тал нь 1625 оноос Буриад монголд оросууд түрэмгийлэн орж ирсэн, колончлол идэвхитэй шургуу явагдсан, буриад монголчууд үүнтэй хэрхэн тэмцэж байсан тухай баялаг материал номын гол санаа байсан юм. Өнөөгийн буриад монголчуудын нутаг тэр үед Байгал нуураас баруун хэсэг нь Засагт хан аймагт, төв хэсэг нь Түшээт хан, зүүн хэсэг нь Сэцэн хан аймагт харъяалагдаж байсан ердийн л Монгол нутгийн умарт хэсэг байсан болохоор Кудрявцев бүтээлдээ XVII зуунаас өмнөх умард Монголын тухай асуудал огт хөндсөнгүй. Зөвлөлтийн үзэл суртал хуучин Хаант Оросын бодлогыг хүчтэй шүүмжилдэг, ийм шүүмж л үнэлэгддэг байсан болохоор зохиогч Оросын колончлогсодын эсрэг буриад монголчууд хэрхэн тэмцэж байсныг архивын материалаас тодруулан үнэн зөвөөр нь товойлгон харуулжээ. Өнөөгийнхөн бараг таг мартсан 1658 оны Балганы бослого, 1696 оны Братскийн бослого зэргийг тодорхой гаргаж ирсэн байна. Мөн орос колончлогсод нутгийн ард түмнийг хэрхэн тонон дээрэмдэж, дарлан мөлжиж байсныг ч түүхийн архивын баримтаар дэлгэрэнгүй харуулсан байна. Хэдийгээр Түшээт хан, Сэцэн ханаас харъяат нутгаа чөлөөлөх тэмцэл байлдаан тулалдаан зэргийг тун товчхон дурьдсан боловч шалтгаан зэргийг нь бүрхэгдүүлэн түүхийн үнэнээс бүр эсэргээр тайлбарласан зэргийг үзэл сурталтай нь холбон “ойлгож” болох юм. 1940 онд Ленинградад 6 мянган хувь хэвлэгдсэн эл ном тэр чигээрээ алга болон түүхийн дурсгал төдий болсныг Буриад монголын албан ёсны түүх шал өөр болсонтой холбож ойлгох нь зүйтэй.
Буриад монголчууд нь монгол угсаатан биш, тэд XVII зуунд ах дүү оросын ард түмэнтэй сайн дураараа нэгдсэн гэх албан тайлбар шинэ үеийнхэнд гүн бат шингэсэн. Сонин ажиглалт байдаг, Оросын, сүүлд нь зөвлөлтийн эзэмшилд хүчээр нэгдсэн Зөвлөлтйн эзэнт улсын олон ард түмэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байсан. Бүгд л ямар нэг хэмжээгээр бослого үймээн дэгдээж байсан.
Энэ бол эзлэндсэн ард түмнүүдийн эхний нэг хоёр дугаар үеийнхний явдал. Хүчтэй худал хуурмаг суртал нэвтрүүлэгт гурав дугаар үеийнхэн ялагдан зохиомол түүхэнд итгэж эхэлсэн. Дөрөв тавдугаар үеийнхэн өмнөх түүхээ ор тас мартсан төдийгүй үүнээс өөр арга байгаагүй, Оростой нэгдсэнээр л үндэстний хувьд аврагдсан гэсэн бат итгэл үнэмшилтэй болсон гэх. Иймээс өчүүхэн жижиг буриад монголчууд байтугай хэдэн мянганы түүхтэй гүрж, армянчууд хүртэл үндэстнийхээ их Оростой сайн дураар нэгдэн аврагдсан тэгш ойнуудыг баяр хөөртэйгээр тэмдэглэн, хөшөө дурсгал олноор нь босгож, урлаг утга зохиолдоо мөнхлөж эхэлсэн билээ. Буриад монголчууд үүнээс өөр байгаагүй. 1957 онд Буриад монголын автономт улсаас Монгол нэрийг албан ёсоор хассан, 1958 онд хамгийн сүүлчийн буриад монгол сургуулийг хаасан, их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн өмнөхөн Уст Ордын буриадыг Эрхүү мужид, Агын буриадын Чита мужид нэгтгэхэд буриад монголчуудаас эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд лав бүртгэгдээгүй. Кудрявцевийн бүтээлд дурдагдаагүй буюу түүхээс гадуур тайлбарласан XVII зууны умарт Монголын тухай товч бичвэрийг энд хавсаргав. Догшин Иван хаанаас хойш Орос оронд нэг хэсэгтээ төрийн том хямрал дэгдлээ. Хааны хүр дүү Борис Годунов төр барьснаар энэ хямрал удтал үргэлжилсэний эцэст 1613 онд Земский собор Михайл Романовыг хаан ширээнд залав. Ийнхүү Оросын төр Романовын удмынхны гарт орж, ХХ зуун хүртэл үргэлжлэх хувь тохиолоо. XVII зууны эхээр козак цэргүүд Хивагийн эсрэг гурван удаа дайн дэгдээсэн боловч бүгдэд нь амжилт олсонгүй. Харин эзэнгүй тайга бүхий зүүн тийш хил хязгаараа тэлэх нь хавьгүй хялбар байлаа. Козак цэрэг удалгүй Нэнцы, Ханты, Кэтс гэсэн газарт хилийн дээс шугам гэсэн утгатай острог байгуулав. 1619 он гэхэд Таз мөрний (сүүлд Обь болсон) дэргэд Мангазейн острог, Енисей мөрний дэргэд Енисей острог буй болгожээ. Козакууд эндээсээ улам тэлэн Эвэнк, Тунгусын нутаг руу орж 1628 онд монголчуудтай нүүр туллаа.
Козакийн сотник (зуутын дарга) Петер Бекетов монголчуудтай анх үзэлцсэн ба 1632 онд Якут руу орон Ленский острог гэдгийг Лена мөрний төв орчимд буй болголоо. Тэд 1636 онд Амар мөрнийг нээж, 1639 онд Агнуурын тэнгист тулж ирэв. Ийнхүү Оросын эзэнт улс Номхон далайтай хиллэх болсон юм. Харин Сибириэс урагшлах гэсэн тэмүүллийг нь хэдийгээр хоорондоо хагаран бутарсан боловч хүч тамир нь барагдах яагаа ч үгүй монголчууд хаалт болон зогсжээ.
Хожим нийлээд “буриад” (оросоор буряты) гэж нэрлэгдэх болсон хори, түмэд, барга, тавнан, сонгоол, булгад гэх мэт монгол отог аймгууд Байгал нуурын орчим нутаглаж байлаа. Даян хааны үед зүүн гурван түмний нэг Урианхай түмэнд багтаж байсан тэд энэ үед ерөнхийдөө Засагт хан, Түшээт хан, Сэцэн ханд хамрагддаг байв. Эднийг эдүгээ бүгдийг нь нийлүүлээд буриад гэх болжээ. Буриад гэсэн ойлголт бол монголчуудын тодорхой нэг ястан гэхээсээ илүү улс төр-газарзүйн, зарим талаар магадгүй геополитикийн ухагдахуун юм.
Оросуудтай анх тулсан монгол отог овгийн нэг нь буриад нэртэй байсан байж магадгүй. Гэхдээ тийм нэртэй овог отог олдоогүй, хамгийн дөхүү нь булгад овгийнхон. Энэ нь орос хэлний брат буюу “ах дүү” гэсэн үгтэй дуудлага төстэй байсан тул Оросын Эзэн хааныг зөвшөөрч дагаар орсныг нь “брат” буюу (наадуул нь зөөлрүүлээд) “буриад”, ороогүйг нь “монгол” гэж нэрлэн урагш шахан хөөж явсныгаа тэд тэмдэглэн үлдээсэн байдаг.[i]
Байгал орчим дахь өнөөгийн Братск хотын нэр ч угтаа “буриад”, “брат” хоёрын хольц болов уу. Үүнээс хойш Оросын мэдэлд орсон монголчуудын олон отог овгийнхон биендээ улам илүү дөт болон нягтарсаар хэдэн зууныг дамжин аяандаа буриад гэсэн нийтлэг ойлголт, угсаатны ижилсэл үүсчээ. Гэхдээ хүн амаар хамгийн олонх байсан баргууд урагшаа Манжуур руу дүрвэн оросуудаас зугтсан. Өднөө угсаатны хувьд өөрсдийгөө буриад гэж үздэггүй, 1644 онд Курбат Иванов гэгч өнөөгийн Братск хавьд буриад овгуудтай дайтжээ. Тэр онд атаман Василий Кодесинков гэгч Ангар мөрнийг өгсөн дээрэм тонуул хийсээр хойтон жил нь Байгал нуур хүрсэн аж. Байгалын энэхүү үзэсгэлэн төгөлдөр газар оросуудыг зүгээр суулгасангүй, 1646 онд Дээд Ангар, 1648 Баргуужин, 1665 Сэлэнгэ, 1666 онд Дээд-Үд зэрэгт зэрэгцсэн суурин, шивээ гацаа байгуулж өөрийн болгож авлаа. Оросын хоосорсон тариачин олноороо шилжин ирж суурьшаад монголчуудын малын бэлчээрийг тариалангийн талбай болгосон төдийгүй уугуул иргэнийг хяхан хавчиж эхэлсэн тул 1658 онд нутгийн Монгол овог, отгууд нийлэн анхны зэвсэгт тэмцлээ хийв. Гэвч тэд козак цэргүүдэд амархан цохигдож Халх руу зугтав. Нэг талаас буриадууд нь тархай бутархай учраас оросуудтай ганц нэгээрээ салангид үзэлцэнэ үү гэхээс нэгдсэн хүч гаргаж чадахгүй байсан, нөгөө талаас ойрд, халхууд хоорондоо гүн зөрчилтэй, түүнийг нь манж нар овжин ашиглаж байсан тул оросуудын умар талаас хийх энэхүү дээрмийн булаалт бараг анхаарлын гадна байлаа.
Тээр хойно 1688-1689 онд Түшээт хан Чихундорж цэрэг удирдан Сэлэнгэ, Үдийг чиглэлд тулалдсан байна.[ii] Үүний шалтгаан нь оросуудад алдагдсан нутгаа хамгаалахад оршиж байсан бол харин шалтаг нь нутгийн иргэдийн бослогыг козак цэргүүд цус урсган дарсанд байлаа. Чихундоржоос өмнө монголчууд Оростой 5 удаа тулалдсан авч, чухам энэ сүүлчийнх нь болж Халх-Оросын харилцаа сүрхий муудаж, оросууд Чин династи болон Зүүнгарын хаант улстай шууд харилцаагаа эрхэмлэх болсон ажгуу.
Нэвчүү голын хөвөөн дэх Нерчинск хэмээх гацаанд Романовын хаант Орос, Чин династийн Хятад хоёр 1689 оны наймдугаар сарын 27-нд нэгэн гэрээ байгуулжээ. Энэ бол Орос-Хятадын түүхэн дэх анхны гэрээ юм. Гэрээгээр хилийн шугам тогтоосонгүй, учир нь Халх хийгээд Зүүнгарын улс нь хараахандаа аль алиных нь биш. Тэгээд ч монголчуудын хүч чадал аль алиныхаас нь төдийлөн буурай биш. Гэрээ нь хоёр орны харилцаа хийгээд худалдааны зарчмыг тодорхойлсон байна. Түүхнээ Нэрчүгийн гэрээ гэж нэрлэгдсэн хэлэлцээрээр манж нар харилцаа явуулах, худалдаа хийхийг ийнхүү тохирохдоо оросуудыг халхуудтай наймаа хийлгэхгүй хавчих тактик баримталсан юм. Ийнхүү Нэрчүгийн (Nerchinsk) гэрээнээс өмнөхөн монголчууд өмнөд хэсгээ хятадуудад, умард хэсгээ оросуудад алдсан ба төв хэсэг нь энэ хоёр их гүрний дэргэд шахуулж эхэлсэн түүх эхлэх нь тэр ээ. “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага“ төрвөө. Нүүдэлчид мянга мянган жил соёлт Хятад руу уулгалан дайрахаас гадна, тэднийг хүчирхэг болоод ирэнгүүт хурдан шалмаг маневрлах чадварынхаа хүчинд умард зүг рүү үл түүртэн амиа хамгаалдаг байжээ. Хятадад амар ялагддаггүй нэг нууц нь энэ байж. Харин оросууд Сибирийг эзэмшин Монголын умард хэсгийг авч хил хязгаараа тогтоосон энэ үеэс монголчууд моринд гарамгай ч аюул заналаас зугтах газаргүй болох нь энэ. Оросууд шинээр эзэлсэн нутагтаа өөрийн тариачныг шилжүүлэн суурьшуулах ажлыг далайцтай зохиов. 1795 онд 5.5 мянган өрх нүүн ирж байсан бол 1835 онд 22.5 мянган айл нүүж ирснээс гадна үнэн алдартны сүм дуган хоёр зуу гаруй болсон байлаа.[iii] Ийнхүү монгол угсаатны нэг хэсэг нь Оросын албат болсноор түүхийн явцад буриад хэмээх шинэ угсаатан үүсэх нөхцөл бүрэлджээ. Энэ үйл явдлын шийдвэрлэх алхам нь Оросын эзэнт гүрэн, Манж Чин улс хоёр монголчуудын уугуул нутаг дундуур хоёр гүрнийг заагласан хилийг XVIII зууны эхээр татан буй болгосон явдал юм. Чухам энэ үеэс буриад нарын дунд буриад гэх угсаатны бие даасан ухамсар, танигдахуй (identity) буй болж эхэлсэн ажгуу.[iv]
Баабар
2024.03.18
Сэтгэгдэл (0)