АН, МАН-ын бага хурлуудаар томилгоотой холбоотой хөдөлгөөн өрнөх үү

Энэ сарын 25 гэхэд сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуулийн хугацаатай. Тиймээс энэ долоо хоногт багтаад улс төрийн намууд бага хурлаа хуралдуулах шаардлага бий болсон. Юутай ч улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН-ын бага хурал энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох сурагтай. Эрх баригч МАН-ын хувьд удахгүй болох бага хурлаараа мөрийн хөтөлбөрөө батлахаас гадна генсекээ солино гэсэн албан бус мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна.

Энэ асуудлаар тус намын удирдлагууд тодорхой мэдээлэл өгөөгүй ч генсек солигдох яриа нам дотор нь хүчтэй явагдаж байгаа юм. Улстөрчдийн хэлдэг үг бий. Гарам дээр морио сольдоггүй гэж. Тэгвэл сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд МАН-ын хувьд үнэхээр генсекээ солих эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хэрэв одоогийн генсек энэ сонгуулиар УИХ-д нэр дэвшихээр бол ажлаа өгч таарна. Тэгвэл энэхүү асуудлаа сонгуулиас өмнө нэн яаралтай намаараа шийдвэрлүүлэх шаардлага үүсэх юм. Хэрэв генсек нь нэр дэвшихээр бол түүний оронд хэн болох вэ. Хэн энэ намын гал тогоог барьж сонгуульд оролцох вэ гэдэг асуудал яригдана. Одоогоор МАН-ын генсект яригдаж байгаа гэх ганц улстөрч бий. Тэр нь ЕТГ-ын дарга Я.Содбаатар. Гэхдээ энэ бол “тамхины цэг”-ийн мэдээлэл. Юутай ч энэ долоо хоногт болох МАН-ын хурлаар дээрх асуудлууд тодорхой болохоор байна.

Харин сөрөг намын бага хурал мөн энэ долоо хоногт болох сурагтай. АН-ын хувьд генсекээ солих асуудлыг намын удирдлагууд нь өнөөг хүртэл ярихгүй байгаагаас харахад тэд энэ сонгуульд саяхан томилогдсон генсектэйгээ оролцох магадлал өндөр байгаа юм. Ер нь өнөөгийн АН-ын удирдлага, одоо байгаа дарга нарыг нь Засгийн газар чигээс илүү дэмжиж, харин өөрчлөгдөх улс төрийн нөхцөлийг Ерөнхийлөгч чигээс нөлөөлж байгаа гэх хөшигний ардах улс төрийн мэдээлэл яригдах болсон. Гэвч энэ бол бодитой мэдээлэл мөн эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн хүрээнд зориуд ийм мэдээлэл түгээж, гэрэл цохиулах арга байдаг. Нөгөөтэйгүүр улс төрийн хүрээнд зориуд ийм яриа гарган тавьж, намуудыг маргалдуулах, толхилцоотой байгаа мэтээр харагдуулах санаархал ч явж байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс МАН-ын хувьд удахгүй болох бага хурлаараа ямар нэгэн томилгооны асуудал ярихгүй. Харин намын мөрийн хөтөлбөрөө батлаад холбогдох байгууллагуудад өгөх, сонгуульд нэр дэвших гишүүдийнхээ асуудлыг илүүтэй ярих таамагтай байна. АН-ын хувьд нэгдмэл болж чадсан ч гэсэн хурлууд нь хэзээд л маргаантай болдог онцлогтой. Тэр утгаараа энэ долоо хоногийн сүүлээр сонгуульд оролцох улс төрийн намуудын бага хурал нэлээд их улстөржсөн, халуухан уур амьсгалтай болох шинжтэй байна.

Э.МӨНХ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)