Чингис хаан Үндэсний музейг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрлөө
- 2024-03-21
- Нийгэм
- 0
Дэлхийд алдартай “National Geographic” групп 2024 онд заавал зочлох 20 шилдэг музей, соёлын өвийн нэгээр Чингис хаан Үндэсний музейг нэрлэлээ. Тус медиа групп жил бүр жуулчдад зориулан, аялахад таатай болон заавал үзэх газруудын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Өнөө жилийн заавал үзэх 20 музейн жагсаалтад Монгол Улсаас анх удаа Чингис хаан Үндэсний музей багтлаа. Ингэснээр Чингис хаан Үндэсний музейг олон улсын шинжээчид Дэлхийн хэмжээнд хэмээн хүлээн зөвшөөрч, Азийн шилдэг музейнүүдийн эгнээнд багтааж байгаа юм.
Уншдаг “Монголын нууц товчоо”-г бичсэн монголчуудын үр хойч өнөө цагт үздэг “Монголын нууц товчоо”-г бүтээсэн нь Чингис хаан Үндэсний музей билээ. Нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс наашлаад Монголын хаад язгууртны түүхийг энэ музейгээс тольдох боломжтой. Морины дэл дээрээс нум сумны хүчээр Дэлхийг байлдан дагуулсан ард түмэн ямархан суу билэгтнүүд байсныг эндээс тунгааж болно. Ухааны ураар ертөнцийг эзэгнэсэн монголчууд гарын ураар ч цаг үедээ түүчээлж явсныг үзмэрүүдийн хийц, загвараас шинжиж болно. Чингис хаан Үндэсний музейн барилга талбайн хэмжээгээр Азидаа 10-т эрэмбэлэгдэнэ. Энэ бол Монгол Улсын соёлын салбарт сүүлийн 100 жилд хийсэн хамгийн том бүтээн байгуулалт юм.
Энэ бүгдийг “National Geographic”-ын баг анзаарч ажжээ. Тус багт редактор, гэрэл зурагчин, зохиолч, судлаач зэрэг соёлын өвийн талаар арвин мэдлэгтэй хүмүүс багтсан байна.
Дэлхийн стандартад нийцсэн барилгатай, олон улсын стандартын дагуу дэглэсэн үзмэртэй, үзэгчдийн тав тух, үзмэрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан энэ музейг үзээгүй бол Та 2024 онд заавал үзээрэй.
Сэтгэгдэл (0)