Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хур тунадас багатай, өдөртөө дулаан байв
- 2024-03-25
- Байгаль орчин
- 0
2024 оны 03 дугаар сарын 18-ний 08 цагаас 2024 оны 03 дугаар сарын 25-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм мэдээ хүргэе.
Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хур тунадас багатай, өдөртөө дулаан байв.
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Булганы өмнөд, Сэлэнгэ, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатарын зүүн хойд, Увс, Архангай, Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар 0.0-39.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 39.0 см, Түргэн, Баруунтуруунд 36.0 см, Малчин, Зүүнговь, Давст, Хяргасд 30.0-32.0 см, бусад хэсгээр 0.0-20.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Хур тунадас: 18-нд Увс нуурын хотгор, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 0.0-0.4 мм, 19-нд Дорнодын тал нутаг, Халх, Онон голын хөндийгөөр 0.0-0.2 мм, 20-нд Монгол-Алтайн уулсаар 0.0-0.5 мм, 21-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр голын хөндийгөөр 0.0-2.0 мм, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Тэс, Халх голын хөндийгөөр 0.0-2.0 мм, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутаг, Хараа, Ерөө Онон, Улз, Халх голын сав газраар 0.0-4.0 мм, 24-нд Хэнтийн уулархаг нутгаар 0.0 мм цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-11 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, Хангай нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-14 хэм хүйтэн байв.
Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 18-нд говь, талын нутгаар, 20, 23-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 22-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-17 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор:
Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт цас ороогүй.
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 22-23-нд Багануур дүүрэг орчмоор секундэд 10-15 метр хүрч ширүүссэн.
Агаарын температур: Хугацаанды эхэнд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-20 хэм, бусад хэсгээр 10-15 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, 21-нээс дулаарч шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-5 хэм дулаан байв.
Сэтгэгдэл (0)