Ж.Цолмон: Бүгдээрээ хичээхгүй бол утаанаас салахыг хүлээсээр ураг удамд нөлөөлж байна
- 2024-03-25
- Улс төр
- 1
ШИНЭ намын дэд дарга, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа.
-Манайхан утаагүй болох тухай хөөстэй бодлого ярьж байдгаас хор хөнөөлийн талаар ярьдаггүй. Тэгэхээр Та анагаахын салбарын эрдэмтэн, судлаач хүн учраас өөр зүгт яриагаа хандуулъя. Утаанаас үүдэж, эхийн хэвлийд ураг гажиж, хүүхэд, хөгшидгүй ханиад, хатгаанаас салахгүй, улмаар уушгинаас үүдэлтэй хорт хавдрын өвчлөл өссөн гэж ярих болжээ. Энэ талаар?
-Миний хувьд агаарын бохирдлоос болж хүн амын эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөө, шийдвэрлэх арга замууд юу байж болох талаар дуу хоолой болох хүний нэг мөнөөс мөн гэж өнөөг хүртэл бодож, үйлдэж, бичиж, дуугарч ирсэн. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л жилд дунджаар 1400-4000 орчим хүн агаарын бохирдлоос улбаатай өвчнөөр нас бардаг.
Үүний 15 хувь буюу 210-600 орчим нь хүүхэд гэсэн судалгаа байна. Ер нь уушгины үрэвсэл, хатгалгаанаас болж нас барж байгаа хүүхдүүдийн 50 хувь нь утаанаас улбаатай гэсэн ДЭМБ-ын судалгаа ч бий. Агаарын бохирдол өнөөдрийн байгаа түвшнээс бага байхад л хорт хавдар тусах магадлал гурав дахин нэмэгддэг гэж үздэг. Сүүлийн гурван жилийн хугацаанд уушгины хавдраар өвчлөгсөд эрс нэмэгдсэн.
Статистикаас харахад, жилд дунджаар 100 орчмоор нэмэгдэж байна. Энэ нь оношилгоо сайжирсан тал байж болох ч нөгөө талаар агаарын бохирдолтой шууд холбоотой. Утаагүй, сайжруулсан түлшинд агуулагддаг олон цагирагт, үнэрт нүүрс төрөгчийн хэмжээ хүлцэх хэмжээнээс 2-3 дахин их байна гэдгийг судалгааны багийнхан тодорхойлсон. Цаашид 5, 10, удаандаа 15 жилийн дараа гэхэд уушгины хавдар Монголын тэргүүлэх хавдрын нэг болно гэдгийг эмч, мэргэжилтнүүд мэдэгдсэн. Өнөөдөр төрж байгаа хүүхдүүд 20 жилийн дараа уушгины хавдартай гэхэд гайхах юмгүй болсон. Утаа нь монгол хүний эрүүл, амьд явах эрх болон бусад үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна. Би энд хэдэн тоо баримт дурдъя. Өнгөрөгч 2023 онд 16.000 орчим хүн амьсгалын замаар өвчилсөн, амьгүй төрөлт өнгөрсөн оны мөн үеэс 1.280 хүүхдээр өссөн, 465 хүүхэд төрөлхийн ямар нэг гажигтай, уналт таталттай өвчтөн жил бүр 300-450 хүнээр нэмэгдсэн, ураг эхийн хэвлийд байхдаа хүчилтөрөгчийн дутагдалд орсноос үүдэн шинээр төрж байгаа хүүхдүүд олдмолоор таталттай болж байна, шинээр төрсөн үрсийн 3-4 хувь нь хүчилтөрөгчийн дутагдалтай, 0-5 насны хүүхдийн эндэгдлийн хамгийн том шалтгаан нь амьсгалын замын өвчин, уушгины хатгалгаа байна. Нэгэнт нөхцөл байдал ийм байхад өөрсдийгөө хамгаалах шаардлага үүссэн.
-Иргэд төр засгийн бодлого, хөрөнгө санхүү гээд олон талаас харж байхад утаанаас богино хугацаанд салахгүй гэж ярих нь бий. Тэгэхээр ядахад эрүүл мэндээ хамгаалах ямар арга зам байдаг юм?
-Таны хэлж байгаагаар төр засгийн хэрэгжүүлж байгаа бодлогоос эхлээд утаанаас богино хугацаанд салах боломж хомс учраас хамгаалахаас өөр аргагүй байдалд байгаа нь үнэн. Тэгэхээр юуны өмнө иргэд маань мэдээлэлтэй байх. Үүнээс гадна хордлогыг бууруулах юм. Бохирдол их, агаарын чанар муутай өдрүүдэд гэртээ байж, гадаа агаарын бохирдолд өртөх эрсдэлээ багасгах, амьдран буй орчныхоо агаар цэвэршүүлэгчийг ашиглах, хортой тоосонцор амьсгалахыг багасгахын тулд маск хэрэглэж дадах, тээврийн хэрэгслийн утааг бууруулахын тулд автомашин жолоодохын оронд ногоон нийтийн тээврээр зорчих, явган алхах, дугуй унахыг дэмжинэ гэх мэтээр зөвлөх зүйл олон байна. Нар, салхи, усан цахилгаан эрчим хүч зэрэг цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, чулуужсан түлшний хараат байдлыг бууруулах бодлого, туршлагыг сурталчлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, бохирдуулагч бодисыг шингээх, агаарын чанарыг сайжруулах гээд дор бүрнээ анхаарах шаардлага бий. Бид утаанаас салгана гээд төр засгаа харсаар байна. Одоо тэгэхээр бүгдээрээ дор бүрнээ хичээхгүй бол утаанаас салах гэсээр байтал ураг удамд нөлөөллөө. Нэгэнт нөлөөлөөд хор хөнөөлийг нь хүртээд эхэлснийг дээрх баримтаас харагдаж байна.
-Агаарын бохирдлоос хамгаалах олон улсын сайн жишгүүд бий юу?
-Олон байна. Швед улс гэхэд сэргээгдэх эрчим хүч, нийтийн тээврийн хэмнэлттэй систем, утааны ялгаруулалтын хатуу зохицуулалтыг чухалчилдаг. Стандарт их чухал. Финлянд улс замын хөдөлгөөнөөс ялгарах хорт утааг бууруулж, дугуй унах, явган аяллыг өөр тээврийн хэрэгсэл болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн. Мөн тэд салхи, нарны эрчим хүч зэрэг цэвэр эрчим хүчний технологид хөрөнгө оруулалт хийсэн. Шинэ Зеланд нь сэргээгдэх эрчим хүч, тогтвортой тээврийг чухалчилдаг тул агаарын бохирдлын хэмжээ бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг гээд дурдаад байвал олон байдаг. Манай улс том том хөтөлбөр ярьж, хөрөнгө санхүү ихээр үрж байхаар энэ мэт сайн жишгүүдийг эхлээд хэрэгжүүлэх хэрэгтэй. Дараа нь сайн бодлого гаргадаг төртэй болж, санхүүгийн боломжтой болохоороо одоо яриад байгаа мөрөөдлөө хэрэгжүүлж болох юм.
-Улаанбаатар зөвхөн утаагаар зогсохгүй хөрсний бохирдол гэж хүний эрүүл мэндэд заналхийлсэн зүйл байна. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?
-Хөрсийг бохирдуулж буй нянгийн гол эх үүсвэр нь нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу ба шингэн хог хаягдал. Энэ чиглэлд эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 88 хувь нь нянгийн бохирдлоор бохирдсоны 11 орчим хувь нь маш их бохирдолтой гарсан нь гэр хорооллын бүс байгаа юм. Нүхэн жорлонгийн ойр орчмын 10 метр радиус дотор гэдэсний бүлгийн эмгэг үүсгэгч e-coli савханцар бактери түгээмэл тархалттай бөгөөд энэ нь хөрсний зургаан метр гүнээс илэрч байгаа нь голын сав дагууд гүний усыг бохирдуулах, үерийн усаар зөөвөрлөгдөж ундны усны эх үүсвэрт ч орох эрсдэлтэйг харуулж байна. Улаанбаатар хотыг бүрхээд буй хөрсний бохирдол нь гэдэсний халдварт өвчин, амьсгалын замын өвчин үүсгэж, гадаргын болон газрын доорх усыг бохирдуулдаг аюултай. Ийнхүү бохирлогдсон хөрсөнд өвчин үүсгэгч нян вирус 25-400 хоног хадгалагдаж, халдвар дамжуулагч шавж хорхой үржих таатай орчин болдог. Амьдран буй орчныг бохирдуулж, бидний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болох хөрсний бохирдолтой тэмцэхэд хүн бүрийн хувь нэмэр хэрэгтэй. Үүний тулд угаадсаа ил задгай асгахгүй байх, нүхэн жорлонгоос татгалзах, хогоо ил задгай хаяхгүй байх гээд наад захын арга хэмжээнүүд байна. Түүнчлэн дулааны улиралд хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Бас л хаа хаанаа анхаарахгүй бол богино хугацаанд салах аргагүй зүйл болчихсон.
-Хөрсний бохирдлоос гарах богино хугацааны арга зам юу байна. Бас л утаа шиг мухардчихсан шахуу зүйл үү?
-Ганц л арга байгаа, тэр нь юу вэ гэхээр дэд бүтцийг нь төрөлжүүлэн шийдэх. Хөгжсөн орнуудын жишээ ч үүнийг баталдаг. Халуун, хүйтэн ус, бохирын шугамтай, бусад зам болоод холбоо харилцаа, шуудан, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, төрийн үйлчилгээний байгууллагууд, бизнес хийх орчин бүхий тийм л цогц шийдэл бидэнд хэрэгтэй. Бид ингэж өөрсдийнхөө боломжид тулгуурласан богино хугацааны арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам дордсоор байх болно. Утааг бууруулах түлшний үйлдвэр барьж, зуух яндангаа эхлээд сольсон. Нөхцөл байдал сайжирсангүй. Угаартаж нас барж байна, он гарснаас хойш 59 хүн угаартаж нас барсан харамсалтай тоо ч бий. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлж буй асуудал.
-Урин цаг ирэхээр утааны асуудлыг санаатай санаагүй мартдаг ч хүйтний ам наашлахаар гэнэт санадаг. Тэгэхээр урин цаг ирсэн ч байнга санаж сэдэж, ажил хэрэг болгож байх ёстой зүйл бол утаа. Эртнээс л утаатай тэмцэж, олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн, тус болсонгүй. Тэгэхээр та агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга замыг юу гэж харж байна?
-Би хэдийгээр энэ талд нарийвчилсан судалгаа хийдэг мэргэжлийн хүн биш ч эрдэмтэн хүний хувиар өөрийнхөө санаа бодлыг энд тэнд хэлж, тэмцэж явдаг хүн. Гэхдээ иргэн хүний хувиар ч санаа оноо байна. Агаарын бохирдол нь зөвхөн нэг хот, аймаг дүүргийн асуудал биш. Улс орон, бүр дэлхий нийтийг хамарсан өргөн хүрээнд олон талаас харж шийдэлд хүрэх том зүйл.
Нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлын үүднээс авч үзвэл өнөөгийн нөхцөл байдал амаргүй байна. Төрөөс оновчтой бодлого гаргахгүй, том агуулгаар нь харж, утаатай тэмцэхгүй байна гэх шүүмжлэл байдагтай би санал нийлнэ. Маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ихээхэн хэмжээний хөрөнгө зарсан ч үр дүн гарсангүй.
Бууруулж ч чадаагүй. Бид ямар аргаар богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадах вэ гэдгээ эхлээд ярих ёстой. Гэхдээ манай өнөөгийн нөхцөлд тулгуурласан богино хугацааны шийдэл ярих хэрэгтэй болохоос өөрсдөөсөө давсан, боломжгүй, худлаа зүйл ярих нь зохимжгүй. Өнөөгийн манай нөхцөлд нэгдүгээрт, түлш, зуухаа байнга сайжруулах. Хоёрдугаарт, өөрсдийнхөө хэмжээнд боломжоороо орон сууцжуулах. Гуравдугаарт, гэрийг цахилгаан халаагуураар халаах, хангах гэж үздэг. Дээрээс нь сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, ус, биомассыг түлхүү ашиглаж, хэрэглэх, эдгээр аргаар эрчим хүчийг үйлдвэрлэж, нөөцлөх шаардлагатай. Энэ төрлийн эрчим хүчний нөөцийг бүрдүүлэхдээ дан ганц сэргээгдэх гэсэн ойлголтыг нь авч хэрэглэх тухай ойлгох биш, хавсарсан “hybrid” шинжтэй байвал сайн.
Шуудхан л борооны дараах тэнгэр шиг цэлмэхгүй учраас эдгээр аргыг хэрэглэж утааг багасгаад дараагийн алхам руу шилжих ёстой гэж бодож байна. Нөгөө талаас иргэдээс шалтгаалах асуудал бий. Энэ нь амьдарч буй байшин гэрийн дулаалга сайн, дулаан алдагдалгүй байх юм.
Гэр хорооллын 210 гаруй мянган өрх, амины орон сууцыг цахилгаанаар халаая гэхээр цахилгааны хүчин чадал хүрэлцэхгүй. Одоо байгаагаа хангаж чадахгүй байна. Дулаалгагүй гэрийг халаахад хамгийн багадаа 4-4.5 кВт эрчим хүч шаардагдана. Хэрэв зах зээлд байгаа материалаар гэрээ дулаалаад халаахад 2 кВт эрчим хүчээр гэрийг 20 градус орчим байлгах боломжтойг эрдэмтэд тогтоосон.
-ШИНЭ намаас утааны эсрэг үндэсний хэмжээний бодлого зөвлөмж гаргасан гэж сонссон. Энэ нь ямар утга учир бүхий зүйл байна?
-ШИНЭ нам төрд болон иргэдэд олон зөвлөмж хүргүүлдэг төдийгүй намынхаа эрдэмтдийн багаас томоохон хэмжээний бодлого гаргаж, хууль эрх зүйн хүрээнд ажлаа явуулдаг. Түүний нэг зүйл нь агаарын бохирдол хэмээх тулгамдсан асуудал. Товчхон хэлэхэд ШИНЭ намаас агаарын бохирдлын сөрөг үр дагаврыг бууруулах, эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шилжих нь төр, засгийн бодлогын зорилт байх, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын асуудлыг нэн тэргүүнд тавих, нүүрснээс татгалзах, нар, салхи, усан цахилгаан гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих, геополитикийн нөхцөл байдлаа харгалзан, бодит ажил болгох, цахилгаан станцуудыг цэвэр технологи ашиглан шинэчлэх явцыг эрчимжүүлэх, аж үйлдвэрийн салбарт ялгарлын хатуу стандартыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах санхүүгийн хөшүүрэг олгох гэх мэт агуулгатай зөвлөмж гаргасан. Эдгээр нь манай эрдэмтдийн багаас шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирсэн зөвлөмж юм. Уг нь энэ мэт шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэмтэн, судлаачдын санаа оноог төр нь авч хэрэгжүүлдэг, хамтарч ажилладаг, санаа оноогоо уралдуулдаг жишиг манайд байхгүй.
-Агаарыг бохирдуулж байгаа гол эх үүсвэр бол яндантай өрх. Гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ тавих тухай олон жил ярьсан. Тэгэхээр гэр хороолол руу шугам тавихад хэдий хэмжээний хөрөнгө орох юм, яндантай өрхийн тоог бууруулах хамгийн дөт зам юу вэ?
-Хөрөнгө мөнгөний нарийвчилсан тоог хэлэх аргагүй. Асар их мөнгө орох нь ойлгомжтой. Гэхдээ Улаанбаатарын гэр хорооллын нийт газар нутгийн 20 орчим хувийг л оронсууцжуулах боломжтой гэж үздэг. Хэдийгээр нийслэлд барилгажилт эрчимтэй хөгжиж байгаа ч яндангийн тоо буурахгүй байна. Энэ нь иргэд хоёр өрөөгөө гурав болгож, хоёр өрөөгөө түрээслэх, хотын захаас хотын төв рүү, эсвэл орон сууцанд амьдардаг айлууд үр хүүхдээ тусад нь гаргах гэх мэтээр орон сууцнаас орон сууц руу шилжилт хөдөлгөөн хийгддэг. Харин гэр хорооллын оршин суугчид байрандаа л байдаг. Дээр нь жилд 13-15 мянган өрх орон нутгаас нийслэл рүү шилжин ирж, тэдний 80 орчим хувь нь гэр хороололд суурьшдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл яндантай өрхийн тоог бууруулахын тулд шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол босгох биш харин гэр хорооллууд дээрээ дахин төлөвлөх замаар орон сууцжуулах нь илүү зорилтот бүлэгтээ чиглэсэн, үр дүнтэй арга юм болов уу гэж харж байна. Гэхдээ, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олон төсөл хэрэгжиж эхэлсэн ч менежмэнтийн алдаанууд гарч, ихэнх нь царцсан юм билээ. Цаашид энэ дахин төлөвлөлтийн төслүүдийг маш сайн менежмэнт хийгээд, эрчимтэй хэрэгжүүлбэл бид агаар болон хөрсний бохирдлоосоо салах хамгийн дөт зам гэж бодож байна.
Сэтгэгдэл (1)
Иргэн (139.5.216.18)
Залуу үеүүд л зөв тэмцэж чадахгүй бол энэ маягаараа бүүр л дордоод явна урд нь бас ч гайгүй байсансан жил ирэх тусам улам л дордоод байх юм аа яаядаа