Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх
- 2024-03-27
- Топ сэдэв
- 0
Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт террорист үйл ажиллагаа болж магадгүй байгааг АНУ-ын зүгээс ердөө арваадхан хоногийн өмнө тус улсад төдийгүй олон улсад мэдэгдэж байв. Харин ОХУ огт тоогоогүй. Америктай үеийн, үед шөргөөцөлдсөөр ирсэн нь нөлөөлж нэрэлхүү зан гаргасан уу, ямартай ч тэд энэ мэдээллийг огтхон ч тоогоогүй. Эсвэл тэд ямар нэгэн зүйл хэрэв болсон тохиолдолд өөрсөддөө ашигтайгаар эргүүлнэ. Бүр болохгүй бол Украин руу асуудлыг чихнэ гэж тооцоолсон байж ч магадгүй. Ер нь тийм байх магадлал маш өндөр. Өмнө нь ч иймэрхүү арга барилаар ажиллаж, Чечень дэх дайныг эхлүүлж байсан гэдгийг олон улсын хэвлэлүүд онцлоод эхэлсэн. Бүр халдлага үйлдсэн гэмт этгээдүүдийг Украины нутаг дэвсгэрээр гаргах “цонх” хийсэн гэж ОХУ-ын талаас мэдэгдсэн ч үүнийг нотолж байх шиг байна.
Харин АНУ болон барууны орныхон хэсэг хугацаанд олон нийтийн газраар явахгүй байх тухай сэрэмжлүүлгийг иргэддээ хүргүүлж байсан. Гэтэл энэ сарын 22-ны өдөр үнэхээр Москва хотын ойролцоох “Crocus City Hall” концертын танхимд “Пикник” хэмээх рок хамтлагийн тоглолт эхлэхээс өмнө үзэгчид рүү дөрвөн буутай этгээд гал нээсэн. Улмаар түймэр тавьснаас үүдэн 133 хүн амь эрсдэж, зуу гаруй хүн шархадсан харамсалтай хэрэг гарлаа. Энэхүү харамсалтай үйл явдлын талаар энд бичих гэсэнгүй. АНУ-ын тал энэ мэдээллийг ямар ч аргаар олж мэдсэн байж болно. Энэ нь ч хамаагүй. Гагцхүү америкчууд аливаа зүйлийг урьдчилан мэдэж чадаад байна.
Тэр нь үнэн байна. Дэлхий нийтийг бүхэлд нь харж, улс төр, геополитикийн асуудлыг хөндөж байгаа нь л чухал юм. Бид харин үүнийг ойлгодог, сэхээрдэг, хүлээн зөвшөөрдөг болох хэрэгтэй байна. Түүнээс биш “Ах мундаг” гэж арагшаа гүйгээд л, америкчуудыг муулах гэж оролдох хэрэггүй гэсэн үг.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл манай улсад хэдхэн хоногийн өмнө айлчилсан. Ингэхдээ Ерөнхий сайдад бараалхаж, стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа нотолсон байна. Мөн манай улсыг эрчим хүчний хараат байдлаасаа гарахад туслахад бэлэн гэдгээ хэлсэн. Энэ байдлаасаа бүрэн гарахад гадаад, дотоод хүчин зүйл маш их бий. “Эх орон” гэж цээжээ дэлдэж, харанхуй массынхаа тархийг угааж, удаа дараа саарал ордонд заларсан нөхөд хэд, хэд бий. Амташсан хэрээ 13 эргэх гэгчээр тэд энэ удаагийн сонгуулиар ч гэсэн энэ арга залиа хэрэглэхээр зэхэж, зарим нь бүр энэ талын ажлаа сошиалд аль хэдийнэ эхэлчихсэн. Үүнээс гадна хойд хөршийг дагалдан дуурайгч, сохроор шүтэгч, муйхарлан дэмжигч олон. Тэдгээрийн хүч сүүлийн жилүүдэд улам л нэмэгдсээр байна. Тэдэнд Монголын эрх ашиг биш гадаад нөлөөлөгч улсынх нь эрх ашиг эрхэм байдаг. Тэгэхээр нийтээрээ энэ хоёр саад бэрхшээлийг үл тоодог, анхаарч сонсдоггүй, нөлөөнд нь автдаггүй болох чухал байгаа юм. Тэгж гэмээнэ олон улстай ярьж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтууд эрчимтэй хэрэгжинэ.
Үүнээс гарах үр өгөөжийг монголчууд л нийтээрээ хүртэнэ. Ажилтай, орлоготой, айх айдасгүй, амар жимэр амьдарна. Хэн нэгнээс гуйдаггүй, бусдыг царай алддаггүй, том гүрнүүдийн өмнө толгой өндөр амьдрах боломж бүрдэнэ. Даанч өдийг хүртэл бид энэ мэт боломжуудыг огт олж харсангүй. Өөрсөддөө хэрэгтэй бүхий л зүйлсээ уралцаж, хэрэлдсээр улиг болгож ирлээ. Харин бидэнд ийм боломж байгааг гаднын улсууд, тэр дундаа америкчууд илүүтэй олж хараад байх шиг. Учир нь тэд эрчим хүчний хараат байдлаас чинь гарахад туслана гэж хэлэхдээ ингэхийн тулд гарах аливаа хүндрэлийг шүдээ зуугаад давчих гэсэн утгатай зүйл хэлсэн байна лээ. Хүндрэл гээд байгаа чинь дээр хэлээд байгаа нөгөө хоёр шалтгаан шүү дээ.
Мөн бидэнд бодитоор эрчим хүчний хүндрэл учирсан. Эсвэл учрах магадлал бий юү гэвэл байгаа. Байгаа болоод л Америк нөхөд хэлээд байна. Тэд худал ярьдаггүй юм байна гэдгийг бид өнөөдөр харж, итгэж байгаа. Кноп дараад л цахилгаангүй, крант хаагаад шатахуунгүй, галт тэрэг зогсоогоод л гурилгүй болох эрсдэл байна. Энэ мэт сануулгуудаа өнгөрсөн хугацаанд хойд хөрш бишгүйдээ бидэнд өгч “яалаа гөлөг өө” гэгчээр сүр хүчээ гайхуулсан. Шатахууны импортоо багасгаж манайд хомсдол үүсгэдэг. Түүнийг нь гардаж хийдэг дотоодын нөхөд ч үүргээ сайн гүйцэтгэдэг. Урьдчилж огт хэлж, сануулалгүйгээр гэнэтхэн цахилгааны хязгаарлалт хийдэг. Үүнийхээ ар дээр салбарын болон Ерөнхий сайдын хэмжээнд өндөр авахуулж байж “Одоо ямар нэгэн асуудалгүй” гэсэн утгатай тайлбар хийдэг. Яг л ийм байдал өнгөрсөн он жилүүдэд цөөн бус удаа гарсан. Дээрээс нь усан цахилгаан станц байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангах тухай яриад эхлэхээр байгаль орчны бохирдол гэсэн өрөвдмөөр зүйл ярьдаг. Түүнийг нь зориудаар сэвдэг. Ямар сайндаа Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын асуудалд онцгой анхаарч, Оросын талтай ойлголцуулж өгөх тухай ховыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дуулгаж байх вэ дээ. Үүнээс гадна өөрсдийн нөөц бололцоогоор Тавдугаар дулааны цахилгаан станцаа барьж байгуулъя гэхэд шугам хоолой явуулах трасс байхгүй гэдгийг Эрчим хүчнийх нь сайд чуулганы хуралдаан дээр учирлаж, энэ жилийн сүүлчээс тог, дулааны төлбөрийг нэмэх шаардлагатай гэж хэлсэн. Одоохондоо яах вэ, сонгууль ойртчихсон учраас эрх баригчид, улстөрчид бүх зүйл хэвийн, сайн сайхан байгаа мэтээр л ярьж, хэлж байна. Гэтэл бидэнд учирч болох ийм хүндрэлүүд хаалгаар хэдийнэ орж ирээд хатавчинд суучихсан байгааг л олуулаа ойлгодог болох хэрэгтэй. Хэрэв энэ бүхнийг ойлгодог болчихвол АНУ-ын яриад байгаа эрчим хүчнээс хараат бус болгох, Энэтхэгийн хийх гээд байгаа Нефть боловсруулах үйлдвэр, францчуудын урагшлуулахаар оролдож байгаа ураны төсөл зэргийг зайлшгүй хөдөлгөх, бүрэн дуусгах ёстойг ойлгоно. Ингэж эрчим хүчний хараат байдлаасаа бүрэн гарч чадвал бидэнд айх айдас үндсэндээ байхгүй болно.
Хөрш зэргэлдээ орнуудын үүсгэсэн дайн байлдааны хомрогонд өртөнө гэж санаа зовох ч шаардлагагүй. Дэлхий нийтийг хамарсан том гүрнүүдийн элдэв нөлөөлөлд ч автахгүй. Хоёр том гүрний дунд байгаа, хэн нэг нь Монголыг өөрийн харьяандаа оруулбал үлдсэн гүрнийх нь эрх ашиг зөрчигддөг учраас тэр юм. Тиймээс дуугарсан дээр нь энэ боломжоо бүрэн ашигламаар байна. АНУ-ын хийж хэрэгжүүлж өгье гээд байгаа эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд дээр анхаарлаа хандуулж, цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулмаар байна. Америкийг түшиж байгаад цахилгааны эх үүсвэрээ найдвартай болгоод авъя. Мөн удахгүй болох сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр, ажлын төлөвлөгөөг ч энэ чиглэлд хандуулахыг шахаж шаардмаар байгаа юм. Учир нь яг өдийд л шийдвэр гаргах түвшинд байгаа улстөрчдийн чих зөөлөн байдаг юм шүү дээ.
Т.Дарханхөвсгөл
Сэтгэгдэл (0)