Ч.Ундрам: Гурилын үйлдвэрүүд найман хувийн ашигтай ажилладаг юм бол банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр

Засгийн газраас боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл/ хэлэлцэх эсэх/-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлгээс завсарлага аваад байгаа. Энэхүү төсөлд гурилыг импортын татвараас хугацаа, хэмжээгүй чөлөөлж, ямар нэгэн квот тогтоохгүй байхаар заасан нь маргаан дагуулсан. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Гурилыг импортын тат вараас чөлөөлөх тухай хуулийн төсөл Засгийн газраас өргөн барьсан. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг талаасаа инфляц өндөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь бодит асуудал. Тиймээс инфляц, үнийн хөөрөгдлийг бууруулах нь зүй ёсны хэрэг. Харин нөгөө талаараа өөрсдийн хэрэгцээний улаанбуудай, төмс, хүнсний ногоог тарьдаг болох гэж маш их бодлогын арга хэмжээг 60 гаруй жил хийсэн. Үүнийхээ үр дүнд дөнгөж саяхан л бид улаанбуудай болоод төмснийхөө дотоодын хэрэгцээг 100 хувь хангадаг болсон. Гэтэл гурилыг татваргүйгээр чөлөөтэй импорт лоод эхлэх юм бол энэ салбар нурж унах бодит эрсдэл бий болно. Ер нь Атрын нэгдүгээр аянаас хойш энэ салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, төдий чинээ ажиллах боловсон хүчнийг сургасан. Мөн олон ч төсөл хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байж өнөөдөр өдий дайтай явж байна. Одоогоор манай улсад 1500 тариаланч, найман гурилын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн статистик бий.

-Газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүн учраас танд тариаланчид хандсан уу?

-Миний хувьд тариа ланчид, гурилын үйлдвэрийн тө лөөллүүдтэй уулзсан. Ингэхэд тариаланчид маань гурилын үйлдвэрт улаанбуудайгаа өгөхөд хүндрэлтэй байдаг. Хавар нь Тариалан эрхлэгчдийг дэмжих сан (ТЭДС)-аас зээл аваад тариалалтаа хийдэг. Харин намар нь ТЭДС-аас тэдэн төгрөгөөр авна гээд буудайных нь үнийг тогтоочихдог. Тэр үнээр нь л гурилын үйлдвэрүүд авдаг гэдгийг хэлсэн. Тэгэхээр үндсэндээ на мар нь хэдэн төгрөгөөр зарахаа огт мэдэхгүйгээр л тариалалтаа хийдэг гэсэн үг. Уг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүн чинь хэдээр зарахаа төсөөлсөн, мэдэж байх ёстой биз дээ. Дээл хийдэг хүн байлаа гэхэд хэдээр зарахаа тооцоолж байгаад л хийнэ. Гэтэл тариаланчдад маань ийм боломж байхгүй. Дээрээс нь улаанбуудайнд 1, 2, 3, 4 гэсэн зэрэглэл байдаг. Үүнээс доошоо орвол тэжээлийн буудай болдог. Өөрсдөө тээвэрлээд гурилын үйлдвэртээ аваачиж өгдөг. Үйлдвэрүүд өөрсдийн хувийн лабораторидоо шинжлээд дөрөвдүгээр зэрэг гээд зэрэглэлийг бууруулж авдаг. Нэмээд хорогдол тооцоод мөнгийг нь гурилаа зарж байж өгнө гэдэг.

Энэ бол үнэхээр шударга бус зүйл. Татварын ерөнхий газраас авсан мэдээллийг Сангийн сайд бидэнд танилцуулсан. Тэндээс харахад гурилын үйлдвэрүүд найман хувийн ашигтай ажилладаг гээд байгаа юм.

-ХХААХҮ-ийн сайд нь ч найман хувийн ашигтай гэж байсан л даа?

-Тэгэхээр энэ бизнесийг хийж байхаар 10 гаруй хувийн хүүтэйгээр банкинд мөнгөө хадгалуулбал илүү ашигтай байхаар харагдаж байгаа биз дээ. Ийм асуудлууд байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэдэг шиг нэг асуудлыг шийдэх гээд нийт салбараар нь эрсдэлд оруулах вий гэдгээс л би айж байна. Мөн гадны улсаас гурилын хараат болчихвол яг л шатахуун шиг нэг өдөр гурил өгөхөө байвал яах вэ гэдэг өөрөө асуудал.

-ТЭДС-аас гурил үйлдвэрлэгчид олон тэрбумын зээл авсан байдаг. Тэгсэн хэрнээ үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг гэж ЗГХЭГ-ын дарга хэлж байсан. Ер нь бид газар тариалангийн салбараа унагахгүй. Тэгсэн хэрнээ хэрэглэгчид хямд, чанартай гурил идэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

-Энэ салбарыг шинэчилж, реформ хийхийн тулд богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй байна. Өнөөдөр улаанбуудайн үрийг 100 хувь ОХУ-аас авдаг. Тэр нь чанар муутай учраас чанаргүй гурил гарч байна гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Тэгэхээр бид өөрсдөө үрийн бодлогоо атгах хэрэгтэй. Ямар генетикийн өөрчлөлт оруулчихсан нь мэдэгдэхгүй үр оруулж ирээд гурил, буудайны чанарт нөлөөлөөд байвал огт болохгүй асуудал. Хоёрдугаарт, улаанбуудайн үнийг чөлөөлж, зах зээлийн зарчмаар нь биржээр арилжаалах ёстой. Ер нь олон улсад биржээр л худалдаалдаг. Тиймээс Хөдөө аж ахуйн биржийг зах зээлийн зарчмаар ажиллах хууль эрх зүйн орчныг боловсруулж баталмаар байна. Ер нь бол одоо гурилын үнэ нийслэлд нэг өөр, баруун аймгуудад нэг өөр байгаа. Тийм болохоор баруун аймгуудынхаа хэрэгцээний гурилыг хангахын тулд тэр орчмын хилийн гаалийн татварыг чөлөөлчих боломжтой гэж бодож байгаа юм. Ингэж үнийн хөөрөгдөл, инфляцаа дарж авч байгаад дунд хугацааны бодлогуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа баруун аймгуудад ЗГХЭГ-ын дарга өөрөө нэр дэвших гэж байгаатай холбоотой гэсэн яриа байна. Дээрээс нь МАН-ын бүлэг гишүүдийнхээ саналыг нэгтгэх гэж завсарлага авсан. Тэгэхээр гишүүдийнхээ саналыг нэгтгэж байгаад энэ чигээр нь баталчих юм биш үү?

-Парламент гэдэг олонхын шийдвэрээ дагадаг. Гэтэл газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүдийн тоо бусадтайгаа харьцуулбал маш цөөн. Энэ харьцуулалт л гэхэд нэг хариултыг харуулж байгаа гэж бодож байна. Ер нь нэг асуудлыг шийдэхийн тулд өөр бүр том асуудал үүсгэж болохгүй. Тийм болохоор их ухаантай, зөв шийдэх ёстой л гэсэн байр суурьтай байгаа.

-Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг гэж байсан. Ийм боломж байгаа юу?

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас өгсөн мэдээлэл дээр зах зээлийн дийлэнх хувийг нь гурван үйлдвэрлэгч эзэлдэг гэсэн байна лээ. Ийм тохиолдолд олигополь зах зээл үүсээд томоохон үйлдвэрлэгч нар картель үүсгэдэг эдийн засгийн онол байдаг. Тэгэхээр ийм магадлал байна гэж би харж байгаа. ШӨХТГ-аас ч гэсэн үндэслэлгүйгээр үнээ нэмсэн гээд торгууль тавьсан.

Т.Дарханхөвсгөл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)