Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ

БИШКЕК, 2024 оны гуравдугаар сарын 28 /VOA/. Москвагийн ойролцоох “Крокус Сити Холл” концертын танхимд болсон халдлагын дараа Киргизийн Гадаад хэргийн яамнаас Орос руу зорчихгүй байхыг тус улсын иргэдэд уриалаад, зорчсон тохиолдолд шаардлагатай бүх бичиг баримтыг биедээ авч явахыг зөвлөжээ. 

 

Узбекистаны эрх баригчид мөн Орост оршин суугаа болон тус улс руу явахаар төлөвлөж буй иргэддээ ийм зөвлөмж өгсөн байна. 

 

Чөлөөт Европ/Эрх чөлөө радиогоор мэдээлснээр, даваа гарагт Туркменистаны нийслэлээс Москва руу нисэх гэж байсан олон зорчигчийг онгоцонд суулгаагүй ажээ. Цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллага болон хууль сахиулах албаныхан үүнийг тайлбарлахдаа "Москвад саяхан болсон террорист халдлага"-тай холбоотой гэжээ.

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний дараа цагаачдад, ялангуяа Төв Азийн лалын шашинт орнуудаас ирсэн цагаач ажилчдад дургүйцэх хандлага газар авсан байна.

 

Уг халдлагад Төв Азиас ирсэн цагаачид буруутгагдаж байгаа бөгөөд халдлагын долоон сэжигтнийг баривчилж, цагдан хориод байгаагийн зургаа нь Тажикистаны, нэг нь Киргизийн иргэн юм. Энэ долоо хоногийн эхээр Киргизийн Гадаад хэргийн яам зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд л Орос руу зорчихыг иргэддээ уриалж байв.

 

Цагаач ажилчид цөөрснөөр барилга, жижиглэн худалдаа, хүргэлт зэрэг салбар нь Төв Азийн ажилчдаас ихээхэн хамааралтай байдаг Оросын эдийн засагт хүндрэл үүсэж болзошгүй байна. Украины дайны улмаас Орост ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа ба 300 мянга орчим хүн цэрэгт татагдаж, олон зуун мянган хүн эх орноосоо явжээ. 

 

Карнеги төвийн эдийн засагч, шинжээч Александра Прокопенко дайн эхэлснээс хойш Орос руу ирэх цагаачдын урсгал “бараг зогссон” нь зарим талаар Оросын армид албадан элсүүлэх вий гэсэн болгоомжлол, нөгөө талаас, бусад улс орнууд таатай нөхцлийг санал болгож тэднийг татаж буйтай холбоотой хэмээн дүгнэжээ. "Төв Азийн орнуудын иргэд Персийн булангийн орнууд, Өмнөд Солонгос эсвэл Турк руу ажиллахаар явах боломжтой. Тэдэнд ажил олдох бөгөөд мөнгө шилжүүлэхэд асуудал гарахгүй, аюулгүй байдалтай холбоотой асуудал гарах нь бага. Эдгээр улсын эрх баригчид тэдэнд Оросоос илүү сайн хандах байх” гэж Прокопенко ярилаа хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)