Эмгэнэл

ШАГДАРЫН ДУЛМАА (1931-2024)

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Шагдарын Дулмаа 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын уран зохиол, соёл, урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрбээр билгийн тооллын XV жарны цагаагчин хонин жил, аргын тооллын 1931 онд тухайн үеийн Төв аймгийн Авдарбаян сум, эдүгээгийн Сэргэлэн сумын нутаг Урт худаг гэдэг газар мэндэлжээ. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж, найман настайдаа сумын бага сургуульд элсэн суралцаж, улмаар Төв аймгийн Зуунмод хотод дунд сургуулиа дүүргэсэн байна. МУИС-ийн хэл бичиг, утга зохиолын ангид элсэн суралцаж, 1954 онд төгсчээ. 1955-1958 онд тухайн үеийн ЗХУ-д Комсомолын төв сургууль, 1965-1967 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг тус тус дүүргэжээ.

 

МХЗЭ-ийн Төв хороонд лектор, үзэл суртлын хэлтсийн эрхлэгчээр 14 жил, “Үнэн” сонины Соёлын хэлтэст утга зохиолын ажилтнаар 21 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан байна. 1994 оноос хойш тэрбээр Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд ур чадварын багшаар ажиллаж, Монголын уран зохиол, сэтгүүл зүйн салбарт олон зуун шавь бэлтгэн гаргасан ачлалт багш, сурган хүмүүжүүлэгч байлаа. Тэрбээр залуучуудын байгуулагад ажиллах хугацаандаа залуучуудыг хөдөлмөрч, эх оронч, үнэнч шударга үзлээр хүмүүжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, соёл хүмүүжлийн талаар олон арван лекц бичиж, лекторын уран чадвар, гэр бүл, үерхэл нөхөрлөлийн тухай ном гаргаж, эвлэлийн бүгд хурлын илтгэл тогтоол бичилцэж, хүүхэд залуучуудын хүмүүжилд үнэт хувь нэмрээ оруулжээ. Түүний энэ хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монголын залуучуудын их наадмуудаас алтан медаль, “Залуучуудыг халамжлан хүмүүжүүлэгч” медаль зэрэг олон шагнал хүртээж байв. Ш.Дулмаа нь сэтгүүлчээр 20 гаруй жил ажиллахдаа Монголын шилдэг тэргүүний хүмүүсийн тухай найруулал, нийтлэл, тэмдэглэл, сурвалжилга болон мэдээ, шүүмж, асуудал дэвшүүлсэн өгүүлэл зэрэг 5000 орчим бүтээлийг хянаж, бичиж нийтэлж, ард түмнээ соён гэгээрүүлэх ажилд нөр их хөдөлмөрөө зориулж байсныг төр, засаг өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтангадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын жуух бичиг зэрэг төрийн дээд шагнал болон Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

 

Ш.Дулмаа нь сайн сэтгүүлч нийгмийн зүтгэлтэн төдийгүй ард түмэндээ “Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн хүндлүүлсэн нэрт яруу найрагч билээ. Тэрбээр оюутан ахуй цагаасаа уран бүтээлийн гараагаа эхэлж, Төрийн шагналт яруу найрагч Ч.Чимидийн удирддаг Их сургуулийн утга зохиолын дугуйланд хожмын нэрт зохиолч, яруу найрагчид болох М.Ширчинсүрэн, Д.Мягмар, Д.Гомбожав нарын хамт суралцаж байв. Мөн Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн гарын шавь нарын нэг болж, уран бүтээлийн замд эргэлт буцалтгүй оржээ. Түүний анхны ном 1966 онд “Үүрийн цолмон” нэртэйгээр хэвлэгдсэн байна. “Өглөө”, “Халхын сайхан эрчүүд”, “Мөнгөн чавхдас”, “Мөнгөн хонх”, “Хайрын мянган бодол”, “Хайрын эгшиглэн”, “Хайрлахын заяатай орчлон”, “Хунгийн нулимс” зэрэг шүлэг, найраглал, өгүүллэгийн 20 гаруй ном, “Алтан урсгал” роман туурвижээ. Мөн “Миний сайхан ээж”, “Цэнхэр сувдан урсгал” баримтат кинонууд нь ч үзэгчдийн хүртээл болсон сайн бүтээлд тооцогддог. Түүний яруу найргаар бүтсэн олон арван дуу Монголын радиогийн алтан фондод орж, ард түмний дунд ардын дуу шиг түгэн дэлгэрсэн юм. Тухайлбал, орчин цагийн бэсрэг уртын дуу гэж болох “Монгол нутгийн үзэсгэлэн” дууг алдарт уртын дуучин, хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цоодолтой хамтран бүтээж, Зууны манлай уртын дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Норовбанзадаар дуулуулсан нь Монгол дууны алтан сан хөмрөгт үнэт өв болж орсон юм. Түүнчлэн “Алтан зул”, “Хүлээлт”, “Дандаа чамайгаа санаж явъя”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Хилчний уянга”, "Хилийн заставын хар нүдэн бүсгүй” зэрэг 50 гаруй дуу нь хит болж, олны таашаал, хүндэтгэлийг хүлээсэн билээ. Өвөрмонголын ардын хэвлэлийн хорооны хэвлэл “Монголын шилдэг яруу найраг” ном, Өвөрмонголын “Хөлөн бойр” сэтгүүл, Өвөрмонголын уран зохиолын сэтгүүлүүдэд олон шүлэг нь нийтлэгдэн гарсан байна. Мөн хуучин социалист орнууд болон Югослав, Япон, Вьетнам зэрэг олон орны хэвлэлд түүний уран бүтээл нийтлэгдэж байв. Ш.Дулмаагийн уран бүтээлийг үнэлж 1971 онд “Үүрийн цолмон”, “Өглөө” номд нь МЗЭ-ийн шагнал, 1984 онд “Эх орон танаа өргөх дуулал”, “Бүсгүй”, “Цэргийн эх” шүлэг туурвисан учир Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2007 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2014 онд Монгол Улсын Ардын уран зохиолч цолыг тус тус хүртээжээ. Монголын уран зохиолын хатан ижий хэмээн хүндлэгдсэн авьяас билиг, нинж нигүүсэлт уянгын их найрагч, ачлалт төгс багш, элбэрэлт сайхан ээж Шагдарын Дулмаа Таныг Монголын ард түмэн, үе үеийн мянга мянган шавь нар тань үүрд дурсан санах болно. Та минь яруу найргийнхаа гэрэлт мөр бүхэнд хайрлан дээдэлж, магтан дуулж явсан эх сайхан Монгол орныхоо эрдэнийн алтан хөрсөнд эгнэгт амгалан нойрс доо.

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)