Ж.Гүррагчаа: Монголчууд сансрын тухай бодлоо орхиогүй, Сансар судлалын төв байгуулж, намайг удирдлагаар нь томилсон

1981 оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн анх сансарт ниссэнээс хойш энэ жил 43 жилийн ой тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг монголчууд “Монгол хүн сансарт ниссэн өдөр” болгон онцлон тэмдэглэдэг билээ. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Дэвшилтэт Социал Демократ Клуб “Сансар огторгуй” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг Тусгаар тогтнолын ордны 1 давхрын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан юм. Харин өнөөдөр МАН-ын дэргэдэх Ахмадын холбооноос санаачлан “Сансар руу тэмүүлэхийн учир” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Арга хэмжээний хүндтэй зочин нь ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа бөгөөд нийгмийн хамгийн идэвхтэй бүлэг болох ахмадууд олноор цуглаж баатартайгаа уулзан сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний ихээр тэмүүлж буй сансар огторгуйн тухай сонин хачнаас шимтэн сонслоо

Уулзалтад МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гомбо оролцов. Мөн монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр төрсөн хүмүүс энэ жил 43 нас хүрч байгаа бөгөөд тэдний төлөөлөл ч уулзалтад ирсэн байлаа.

ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн  хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэднийг онгоцноос буухад "Сансрын нисэгч ах аа, сайн яваад ирэв үү" хэмээн хүүхэд багачуудын цангинасан хоолойгоор дуулсан "Угтагчийн дуу”-гаар Монголын хүүхдийн ордны найрал дууны ангийн хүүхдүүд “Сансар руу тэмүүлэхийн учир” уулзалтыг нээсэн юм.

 Монгол Улсын сансрын шинжлэх ухааны өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүй, аливаа улс орнуудын сансар руу чиглэсэн туршилт, олон улсын хамтын ажиллагааны зорилго, сансар огторгуй хүн төрөлхтөнд ямар хэрэгтэй вэ, яагаад үүнд тэмүүлээд байна вэ гэдэг сэдвээр Ж.Гүррагчаа баатар ярив. Ердөө 63 жилийн түүхтэй хүн төрөлхтний хамгийн залуу шинжлэх ухаан бол сансар судлал юм байна. Уулзалтын үеэр Ж.Гүррагчаа баатар журмын нөхөр М.Ганзоригийгоо дурсаж байв. Монгол Улс анх удаа иргэнээ сансарт нисгэх түүхэн өдөрт Ж.Гүррагчаа, М.Ганзориг 2-ыг бэлтгэж байсан ч сансрын бүхээгт ганц л суудал байсан учраас Ж.Гүррагчаа сонгогдон Зөвлөлтийн нисэгч Владимир Александрович Жанибековын хамт сансарт ниссэн билээ. 

Өнөөдөр түүхэнд тэмдэглэснээр дэлхийн хэмжээнд 50 гаруй орны 600 гаруй хүн сансарт ниссэн байна. Тэдний нэг нь ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа юм.

Тэрээр:

-“1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон юм. Монгол хүн сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн болсон. Энэ нислэгээрээ олон рекорд амжилтыг авчирсан. Хамгийн хурдан, хамгийн холын зайнд ниссэн гэх мэтээр ном зохиолд тэмдэглэсэн байгаа. Сансарт нисэх гол зорилго бол эрдэм шинжилгээний сорилт, туршилт явуулах юм. Бидний хувьд Монгол, Зөвлөлтийн эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсийг нэгтгэсэн 30 орчим туршилт хийсэн байдаг. Сансарын  хамтарсан нислэгт Монголоос 2 хүн хамгийн идэвхтэй оролцсон гэдгийг бүгд мэддэг. Бид 2-ын аль, аль нь болзлыг хангаж, нислэгт бэлэн байлаа. Ингээд би ниссэн, М.Ганзориг маань үлдсэн. Тэр маань сансрын тойрог зам дээр хийсэн туршилтуудын үр дүнг нь гаргах ажил дээр дараа нь 3 жил ажиллаж эрдмийн зэрэг цол хамгаалсан, шинэ хүрээлэн ч байгуулсан, түүндээ тууштай ажиллаж байлаа.

Монголчууд сансрын тухай бодлоо орхиогүй, Сансар судлалын төв байгуулж, намайг удирдлагаар нь томилсон, Сансар судлалын үндэсний зөвлөл гэж бий. Мөн “Тэмүүлэл” нэртэй хиймэл дагуулыг залуус бүтээж бараг бэлэн болж байгаа. Энэ нь дараагийн монгол хүнийг сансарт нисгэх тухай Оросын талтай яриа үүсгэсэнтэй холбоотой. Бэлтгэл ажил үргэлжилж байна. Хэрэв дараагийн монгол хүн сансарт нисээд, тэр хүн “Тэмүүлэл” хиймэл дагуулыг сансрын тойрог замд гаргах юм бол бидний хийсэн ажилд, монголчуудын нэр хүндэд асар нөлөөтэй тул хиймэл дагуулынхаа ажлыг жаахан азнаж байгаа” хэмээн өнгөрсөн дурсамжаа уудлан, ирээдүйд сансар судлалд гарч болох ахиц амжилтын талаар ярив.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)