Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай  хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.  Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.


Ц.Даваасүрэн VS Б.Энхбаяр

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 
-Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжихгүй. Үүнийг хуульчилбал, Үндсэн хуулийн зөрчил болно.  Бид стратегийн ордын хайгуулыг улсын зардлаар хийсэн бол 51 хүртэлх хувийг төр эзэмшинэ гэсэн хуультай. Энэ хуультай зөрчилдөж байгаа. Төрийн өмчит компани байгуулж байж бид стратегийн ордын 50 хүртэлх хувийг эзэмшинэ. Төрийн өмчит компани байгуулж байж байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээнэ.  Энэ агуулгаараа иргэдэд баялгаас хүртээхгүй гэсэн хууль орж ирнэ. Тиймээс тус хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхгүй байхыг хүсэж байна. Хууль санаачлагч үүнийгээ татаж ав, Үндсэн хуулийн зөрчлөө арилга.  Миний бодлоор удахгүй нэг стратегийн орд орж ирэх ньx.  Тэгээд төрийн өмчит компани байгуулж болохгүй гээд бид нар 50 хүртэл хувиа төр эзэмшиж чадахгүй хэмжээнд хүрэх нь.  Өмнө нь төр мөнгөгүй байна гээд "МАК"-ийн ордын 34 хувийг эзэмшихээс татгалзсан. Одоо бол шууд хуулиар хаах гэж байна.  Яг үнэндээ хүнд цаг үед хэн мөнгө өгсөн юм. Төрийн өмчийн Эрдэнэт, Таван толгой л иргэдийн цахилгааны мөнгийг төлсөн. Хувийн компани төлөөгүй. Тиймээс төрийн өмчит компани байж хүндрэлтэй цаг үед иргэдийн цалин тэтгэврийг нэмэх гол үндэс болж байна.  "Эрдэнэс Таван толгой" компани 10 тэрбум ам.долларын орлого оруулж байгаа учраас цалин тэтгэврээ нэмж байна. Цаашдаа төрийн өмчит компани байхгүй болчихвол хувийнх ийм зүйл хийх үү, үгүй.  Энэ бол маш ноцтой хууль.  Хэрэв бид ийм хууль баталчихвал сонгууль дөхөж байгаа үед иргэдээс санал авч чадахгүй.  
Тэгвэл уг хуулийн төсөлтэй холбоотойгоор 2023.11.17-ны чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд  Б.Энхбаяр: 
-Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг бид зайлшгүй шинэчлэн батлах шаардлагатай.  Хаана төрийн өмч байна тэнд хулгай тасрахгүй.  Төрийн өмчит нэг ч компанийг дахин шинээр байгуулахгүй гэсэн тогтоолын төслийг Д.Цогтбаатар гишүүн санаачлан өргөн барьсан.  УИХ дэмжсэн.  Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг би дэд сайд байхдаа ажлын хэсгийг нь ахалж боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Одоо парламент хэлэлцэн батлах учиртай.  Энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой бүхий л асуудлаар шийдвэр гаргалтыг тодорхой болгоно. Төрийн өмч хаана байна тэнд ард түмний нээлттэй хяналтыг явуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхгүйгээр амжилт олохгүй” хэмээн байр суурь илэрхийлж байсан билээ. 


УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:
-Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай  хуулийн төслийг Д.Цогтбаатар нарын 12 гишүүн өргөн барьсан. Эдийн засгийн байнгын хороо энэ долоо хоногт хуралдахгүй учраас энэ хуулийн төсөл асуудлын дарааллаас хасагдсан.   Ирэх долоо хоногт хуваарийн дагуу хэлэлцээд явна.  Тэгэхээр Ц.Даваасүрэн гишүүн санал шүүмжлэлээ байнгын хороон дээрээ илэрхийлэх боломжтой.  Байнгын хорооны санал дүгнэлт орж ирээгүй тохиолдол нэгдсэн чуулганаар хэлэлцэх боломжгүй. 

 

Д.Тогтохсүрэн: Гаалийн татвар чөлөөлөх эсэхэд гишүүд өөр байр суурьтай байна

 

Үргэлжүүлэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуулийн төслөөр МАН-ын бүлэг ажлын дөрөв хоногийн завсарлага авсан.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 
-Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. Өргөн хэрэглээний бараа болох гурилын импортын гаалийн татварыг тэглэх, мал аж ахуйд үүссэн хүндрэлтэй холбоотойгоор малын тэжээлийн татварыг тэглэх гэсэн хоёр асуудал орж ирсэн. Үүнд УИХ-ын гишүүдийн байр суурь өөр өөр байсан. Олонхын бүлэг байр сууриа нэгтгэх зорилгоор завсарлага авсан. Энэ хугацаанд хоёр талаас нь ярилцаад хэлэлцэх эсэхийг нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн. 
Үүний дараа хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх тухай санал хураалт явуулахад 38 гишүүний 24 нь дэмжсэн юм. 

 

"Эрдэнэс тавантолгой" компани үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй юм уу?

 

Нэгдсэн чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.  


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 
-Хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 гаруй хувьцаат компани байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр компанийн ил тод байдал хангалтгүй, засаглалыг сайжруулах дүгнэлт шүүмжлэл их гардаг. Энэ төсөлд энэ асуудлыг сайжруулах тодорхой ямар зохицуулалтыг тусгасан бэ. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар яаж тусгасан бэ. 


СЗХ-ны дарга Д.Баярсайхан:
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог сайжруулах, боловсролыг дээшлүүлэх асуудал маш чухал. Өнөөдрийн байдлаар энэ зах зээлд 174 хувьцаат компани бүртгэлтэй байгаа. Хуульд иргэдийн зах зээлд оролцох оролцоог ил тод, нээлттэй болгож өгсөн. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой олон өөрчлөлтийг тусгасан. Харилцагчид шуурхай данс нээлгэх, арилжаанд орох, шат дамжлага багасах гэх мэт. Дансны доод үлдэгдэл байршуулах, дансны шимтгэл зэрэг нэмэлт хураамж шаардахгүй. Бас мэдээллийг ил тод байдлаар хүргэхийг Хөрөнгийн биржид чиглэл өгсөн. 


УИХ-ын гишүүн Д.Ганбат: 
-Төрийн өмчит компаниудаас хамаг л муу муухай юм гарч байна. "Эрдэнэс таван толгой" гэдэг компани чинь компани уу, үнэт цаасны зах зээлийн аль хуульд хамрагддаг юм бэ. Тэнд хулгай луйвар явж байгаа. Ард түмэнд 100/1 хувь нь л наалдаж байна. Танай хяналтад байдаг юм уу. 


СЗХ-ны дарга Д.Баярсайхан: 
-УИХ-аас төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн компани болгож, Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах тогтоол баталсан. Нийт 25 аж ахуйн нэгжийн 34 хувь хүртэлх хэмжээг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаал гэсэн. Эхлэлийг нь Хөрөнгийн бирж амжилттай хийсэн. Манайхаас Монголын цахилгаан холбоо ХХК олон нийтийн компани болох зөвшөөрлөө авч, зургаан сарын хугацаанд болох үйл явцыг хэрэгжүүлнэ. Цаашдаа бусад төрийн болон орон нутгийн аж ахуйн нэгжүүд олон нийтийн компани болохоор ажиллаж байна.  "Эрдэнэс Таван толгой" ХХК Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр хувьцаа нь бүртгэлтэй. Гэхдээ хаалттай хувьцаат компани хэлбэрээр бүртгэгдсэн гэлээ. 

 

Төмөрбаатарын Батсайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.183.169)

    2024-03-30

    Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж байж, бах нь ханадаг. Монголын их эмч нарын цалинг битгий нэмцгээ!