Б.Дөлгөөн: Манай улсын нүүрсний хамаарал нэмэгдсэн учраас олсон орлогоо зөв ашиглах хэрэгтэй
- 2024-03-29
- Нийгэм
- 0
Эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Иргэдийн төрд итгэх итгэл буурсан. Харвардын 2012 оны судалгаагаар манай улсын төрийн чадамж хурдтай унаж байгаа орны тоонд орсон гэж та сая танилцууллаа. Төрийн чадамж буурч байгаа гол шалтгаан нь юу вэ. Энэ нь манай эдийн засагт яаж нөлөөлж байна вэ?
-Олон улсын Галлоп түүвэр судалгааг харахад ер нь улс орнуудын хувьд төрд итгэх итгэл маш их унасан харагддаг. Иргэдийнхээ итгэлийг нэмэгдүүлэхийн тулд бид юу хийж чадах вэ гэдэг чухал. 2023 оны 4 дүгээр сард Сант Марал судалгааны байгууллагаас нийгэм, улс төр, эдийн засагт тулгарч байгаа топ таван асуудлыг тодорхойлсон байна. Үүнд нэгдүгээрт, үнийн өсөлт. Хоёрдугаарт, ажилгүйдэл. Гуравдугаарт, амьжиргааны түвшин. Дөрөвдүгээрт, авлига. Тавдугаарт, эдийн засаг, үйлдвэрлэл гэжээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх тусам та бидэнд тулгарч байгаа хүндрэлтэй асуудал буурч, тэр хэрээр итгэл үнэмшил нэмэгдэх болов уу.
Үнийн өсөлтийг манайд ямар нэгэн захиргааны аргаар шийдвэрлэх боломжгүй. Зах зээлийн зарчмаар, эрэлт нийлүүлэлтийн хүрээнд нэг дор шийдэхийн тулд шийдвэрлэх байгууллагуудын чадамжийг сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл, зүй бус өрсөлдөөн буюу шударга биш өрсөлдөөн явагдаж байгааг ШӨХТГ тогтооно. Гэтэл энэ байгууллага хэр сайн гүйцэтгэлтэй ажиллаж байна вэ. Ковидын үеэр бид нар судалж байхад хүүхдийн лааны үнэ 650 хувиар өссөн байсан. Үнэхээр зах зээлийн өрсөлдөөнөөр ингэж өсөв үү, эсвэл нэг байгууллага монополь тогтоогоод үнэ ингэж өсөв үү. Өнөөдөр гурилын үнэ их яригдаж байна, яг адилхан. Тиймээс төрийн чадамжаа сайжруулж байж өнөөдөр тулгарч байгаа асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадна.
-Төрийн чадамжийг сайжруулах арга зам нь юу вэ?
-Хөгжлийн эдийн засагт төрийн хийдэг үйл ажиллагаануудыг хүндрэлийнх нь түвшнээр тав ангилж болно. Төрийн чадамжийг бүрдүүлэх нь бол хамгийн хүнд буюу асар хүнд ангилалд багтах ажил. Хамгийн хялбар нь бодлого боловсруулах. Дараа нь логистикийн төрөл. Гуравдугаарх нь, гүйцэтгэл ихээр шаардсан үйлчилгээ хүргэх, тэгээд гүйцэтгэл ихээр шаардсан үүрэг хариуцлага ногдуулах. Хамгийн хүнд төрлийг асар хүнд гэж нэрлэдэг. Энэ ангилалд орж байгаа ажлыг хийхэд урьдчилж төлөвлөгөө гаргаад шууд хийх боломжгүй. Учир нь нэг үйлдэл хийгээд, арга хэмжээ авахад хариу үйлдэл нь ямар байхыг урьдчилж таамаглана уу гэхээс яг таг хэлж чаддаггүй. Тиймээс асар хүнд ажлыг хийхийн тулд асуудлаа маш сайн судалж, тодорхой шийдлийг хэрэгжүүлээд эргээд ямар хариу үр дүн гарч байгаагаас нь хамаарч дараагийн алхмаа тодорхойлох замаар шийддэг. Энэ талаар “Төрийн чадамжийг бүрдүүлэх нь” гэдэг Харвардын гурван профессорын бичсэн ном 2022 онд монгол хэлнээ орчуулагдаж гарсан. Энэ ном дээр маш тодорхой тайлбарласан байгаа.
-Биднийг ойрын хугацаанд эдийн засгийн ямар нөхцөл байдал хүлээж байна вэ. Одоогоор эдийн засгийн өсөлт долоон хувьтай байгаа. Гэхдээ биднийг олон бэрхшээл хүлээж байна. Дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Зургадугаар сард улс төрийн том сонгуулийн дараа үнийн хөөргөдөл, инфляци яах билээ гэхчлэнгээр байна шүү дээ?
-Монголын гадаад нөхцөл байдлыг харахад өмнөх дөрвөн жилийнхээс улам л эрсдэлтэй, тодорхойгүй болсон. Үүнд нэгдүгээрт, хөрш орнуудын хийж байгаа дайн, явуулж байгаа гадаад бодлоготой шууд холбогдож байна. Дан ганц зэвсэг барьсан дайн бус худалдааны дайн ч хамаарна. Энэ утгаараа аль аль нь дайнтай байна.
Олон Улсын Валютын Сангаас гаргасан тайлан судалгааг харахад гадаадын шууд хөрөнгө оруулалт хүртэл үзэл суртал төстэй орнуудад нэмэгдэж, үзэл суртал таарахааргүй орнуудад гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа. Энэ нь Монголд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байна. Тодорхойгүй байд ал нь бизнесийн эрсдэлүүдийг нэмдэг. 2019 онтой харьцуулахад улам тодорхойгүй орчинд Монгол Улс дараагийн дөрвөн жилд явах нь ойлгомжтой байна.
-Дотоод нөхцөл байдлын тухайд?
-УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнээр Засгийн газрын тогтвортой байдал нэмэгдэх байх. Мөн ардчиллын үндэс суурь богино хугацаанд бэхжиж байгаа гэж би хардаг. Үүний цаад шалтгаан нь пропорциональ тогтолцоог нэвтрүүлснээр Монгол Улсын улс төрийн намын тогтолцоо бэхжихэд томоохон хувь нэмэртэй. Олон намын тогтолцоо бэхжих тусмаа манай улсын ардчилал, эрх, эрх чөлөөнд эерэг нөлөө үзүүлнэ гэж хувьдаа хардаг. Энэ тогтолцоог оруулж ирсэн нь зөв алхам болсон.
Эдийн засгийн орчныг үзвэл ирэх гурван жилийн хугацаанд ашигт малтмалын үнэ боломжийн түвшинд байгаа учраас бидэнд давуу талтай. Нэг эрсдэлтэй зүйл өнөөдөр явагдаж байгаа нь манай улсын нүүрснээс хамааралтай байдал нэмэгдэж байна. Нүүрснээс олсон орлогоо зөвөөр ашиглахгүй бол нүүрсний үнэ унах, хилийн цаад талын эрэлт ирээдүйд буурахад манай төсөв, иргэдийн амьжиргаа энэ бүгдэд шууд нөлөөлнө. Тиймээс уул уурхай дотроо олон ашигт малтмал экспортлох хэлбэрээр, цаашлаад уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх замаар төрөлжүүлж, одоо байгаа хамаарлыг бууруулбал цаашдын эдийн засгийн савлагаа, эмзэг байдал багасаж, эрсдэл буурна.
-Хятадын эдийн засгийн удаашрал, үл хөдлөх салбарын бууралт цаашид үргэлжлэхээр байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Нүүрснээс хамаарах хамаарал ихэсч байгаа манай улсын хувьд энэ нь яаж нөлөөлөх бол?
-Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт гарч байгаа уналт нь эдийн засгийнх нь бүтцэд гарч байгаа өөрчлөлттэй холбоотой. Нэг салбарын уналт биш. Том зургаар нь үзвэл Хятад улс дэд бүтэц, орон сууцны салбарт хөрөнгө оруулдаг загвараа өөрчилж хүмүүсийн хэрэглээнд суурилсан загвар руу аажмаар шилжилт хийж байна. Эдийн засагт үүнийг бүтцийн шилжилт гэдэг.
Энэ шилжилтийн эхний хэсгийн хүндрэл одоо өсөлт буурах замаар мэдрэгдэж байгаа. Уг хүндрэлд БНХАУ ямар арга хэмжээ авах вэ гэдгээс орон сууц, цемент, арматур, төмөр, гангийн үнэ шууд хамаарна. Төмрийн эрэлт өсөх тусам шаардлагатай нийлүүлэлтийг хийнэ. Нийлүүлэлтэд манай нүүрс хэрэгтэй.
Манай нүүрсийг хоёр төрөлд хуваадаг. Нэгдүгээрт нь, эрчим хүчний. Нөгөөх нь төмөр ган хайлуулах аж үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг. Монгол Улсын хувьд дунд хугацаандаа эрэлт буурах эрсдэл мэдээж байна. Гэхдээ нөгөө талаас үзвэл Австрали, Оросын нүүрс яг л адил эрсдэлд орж байгаа. Тиймээс бид нүүрс дээр тулгарч байгаа тээвэр логистикийнхоо зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлж асуудлаа шийдчихвэл Монголын нүүрс илүү өрсөлдөөнтэй болно. Монголоос нүүрс аваад БНХАУ ханачихаад байгаа юм биш. Бид импортолж авч буй нүүрсний 20 хувьд ч нийлүүлж чадахгүй байгаа. Тиймээс зах зээлийн хувийг нэмэгдүүлэх тусам бидэнд богино хугацаанд санаа зовох зүйл байхгүй. Урт хугацаандаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үр бүтээмжгүй тээврийн зардал өндөр байх тусмаа өрсөлдөх чадвар буурна. Жишээлбэл, дундаж тооцоог харахад нэг тонн нүүрсийг автомашинаар зөөхөд 32 ам.доллар болж байна. Харин төмөр замаар зөөхөд найман ам.доллар болж байгаа юм. Тиймээс аль нь илүү өрсөлдөх чадвартай болох вэ гэдэг нь ямар ч эргэлзээгүй дүгнэлт хийж болохоор байна.
-Үнийн өсөлт, төгрөгийн ханшны сулралын эсрэг богино хугацааны үр дүнтэй арга хэмжээ авахыг олон нийт хүлээж байгаа. Үнийн өсөлтийн эсрэг авах зөв арга хэмжээг та юу гэж харж байна вэ?
-Шинэ Сэргэлтийн Бодлогод эрчим хүчний сэргэлт, тээвэр логистик буюу боомтын сэргэлтийг оруулсан. Үүгээр юуг шийдэх гээд байна вэ гэхээр өөрсдийнхөө бүтээмжийг л сайжруулъя гэж байгаа юм. Хувийн хэвшил ч тэр, төр ч тэр. Төрийн бүтээмжийг сайжруулснаар авлигыг бууруулж, зах зээл дээр шударга өрсөлдөөнийг дэмжинэ. Хувийн хэвшлийн бүтээмж олон хэлбэрээр сайжирна. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмээд нэг бүтээгдэхүүнд оногдох зардлаа буруулъя гэхээр эрчим хүч, дулаан холбох зөвшөөрлийг нэмж өгөх боломжгүй түвшинд байна. Эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж нэг бүтээгдэхүүнд оногдох зардлыг бууруулахгүйгээр хувийн хэвшил ашгаа нэмж чадахгүй. Хувийн хэвшлийн бүтээгдэхүүн урт хугацаандаа хямд болж чадахгүй. Тэгэхээр бүтээмж нэмэгдэж байж та бидний амьжиргааны түвшин сайжирна.
-Гурил, махыг дотоодоосоо хангаж байгаа хэрнээ инфляцийн 40 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс төрийн бүтээмжийн үр дүнг хүлээхээс өмнө богино хугацаанд, одоо үнийн хөөрөгдлийг хязгаарлах боломж байхгүй юу?
-Махны үнийн өсөлт бол нийлүүлэлтийн шинж чанартай. 9-12 дугаар сард буураад 3-5 дугаар сард нэмэгддэг. 9-12 дугаар сард нийт нядалгааны талаас илүү хувь хийгддэг. Малчид 3-5 дугаар сар хүртэл малаа зарахаа больчихдог. Тиймээс агуулахад байгаа мах нийт хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг учраас зардал өсөж байгаа юм. Үүнийг урт хугацаанд шийдэх арга нь фермерийн аж ахуй. Сар бүр тогтмол нийлүүлэх боломжтой болчихно шүү дээ. Богино хугацааны шийдэл нь нөөцийн мах.
Гурилын асуудал мөн яригдаж байна. Төр үнэ тогтоох замаар огт оролцож болохгүй. Харин шударга өрсөлдөөн, тэр дундаа зах зээлийн 50 хувийг эзэлдэг гурван компани ямар нэг байдлаар хоорондоо үгсэн хуйвалдаж, эсвэл үгсэн хуйвалдаан байхгүй байхад зах зээлийн эрэлтийн гурилын хэрэглээ огцом нэмэгдээд үнэ огцом нэмэгдчихэв үү гэдгийг харах хэрэгтэй. Гурилын үйлдвэрлэлд багтах шатахуун дээр үнэ нь нэмэгдээгүй. Цахилгааны үнэ нэмэгдсэн ч цахилгааны зардал нийт гурилын үйлдвэрлэлд хоёр хувиас хэтрэхгүй харагдаж байна. Дийлэнх зардлыг нь түүхий эд эзэлж байгаа. Гурилын үйлдвэрүүдийг харахад 66-70 хувь нь эзэлж байна. Хаана нь гажуудал гарч байгааг зөв оношлох тусмаа авч хэрэгжүүлэх бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж чадна. Дээр хэлсэнчлэн төрийн бүтээмжтэй холбогдоно.
-Тэгэхээр ойрын хугацаанд үнийн хөөрөгдөл буухгүй гэж ойлгож болох уу?
-Инфляци 2022 оны долдугаар сард 16.9 хувьтай байхтай харьцуулахад өнгөрсөн хоёрдугаар сард хоёр дахин бууж, 7 хувьд хүрээд байна.Нэг удаагийн арга хэмжээ авах гэхээсээ илүү тогтолцоогоор хэрхэн зах зээлийн зарчимд тулгуурлаж өөрчлөх вэ гэдэг нь хамгийн чухал шийдэл. Жишээлбэл, гурил дээр улаанбуудайн үнийг хэн тогтоогоод байгаа юм бэ. Хэн тогтоох нь зөв юм бэ. Бусад улс дуудлага худалдаагаар тогтоодог уу, яадаг вэ. Үүнийг зах зээлийн зарчмаар шийдэх тусмаа төрийн оролцоог бууруулна. Гомдол багасна. Үнэ илүү тогтвортой болж чадна гэсэн үг.
-Инфляцитай уялдаж төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээр хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгдэж байна шүү дээ?
-Сүүлийн 20 жилийн хугацаанд төрийн албаны болон хувийн хэвшлийн цалинг харьцуулаад хараарай. Хувийн хэвшлийнхтэй адил очсон түвшин 2009 онд байгаа. Тэрнээс хойш хувийн хэвшлийн дундаж цалин өндөр явсаар 2018 онд зөрүү нь бараг 45 хувьд хүрсэн. Ингээд төрийн албан хаагчдын цалинг царцаагаад яваад байвал төрийн албанаас чадвартай хүмүүсээ алдаад дуусна. Тэгээд үйлчилгээний чанар муудах эрсдэлтэй байна. Бүтээмж нь буурна. Хурдасгуур төвд ажиллаж байхад бид энэ дээр хоёр том судалгаа хийсэн. Төрийн албанаас гарах хүмүүсийн тоо хувийн хэвшилтэй харьцуулахад хамаагүй өндөр, тэгээд дараагийн гурван жилд гарна гэдэг нь талаас илүү хувьд хүрч байсан. Үүнийг бууруулахгүйгээр хэдүүлээ төрийн чадамжийг сайжруулж, төрийн албан хаагчдынхаа чадварыг нэмэгдүүлэх талаар яриад хэрэггүй.
Нөгөөтэйгүүр мэдээж т өрийн боломжтой үйлчилгээг цахимжуулж, автоматжуулахыг нь хийж, дамжлага процессын тоог бууруулснаар данхар бүтцийг багасгаж, бүтээмжийг нэмэгдүүлнэ. Тэр хэрээр ажиллах шаардлагатай хүмүүсийн тоо буурах байх.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (0)