МУИС-ийн жендер судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
- 2024-03-29
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн МУИС-ийн шинэ салбар болох Жендэр судлалын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг өнөөдөр (2024.03.29) байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал доктор, дэд профессор Ц.Цэцэгжаргал, Шинжлэх ухааны сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн ахлах багш П.Түмэнгэрэл, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Б.Түвшинтөр, Бизнесийн сургуулийн ахлах багш Ч.Энхболд нар оролцлоо. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, тэр дундаа Нийслэл дэх жендэрийн салбар хороо болон бусад 8 дүүргийн жендэрийн салбар хороодоос анхлан хамтын ажиллагааны харилцаа тогтоож санамж бичиг байгуулж буй юм.
Дүүргийн Засаг дарга нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Жендэрийн үндэсний хорооны Баянгол дүүрэг дэх салбар хороог тэргүүлдэг. Жендэрийн эрх тэгж байдлыг хангах тухай хуульд зааснаар Жендэрийн үндэсний хорооны орон нутаг дахь салбар хорооны дарга нь тухайн нутаг дэвсгэртээ жендэрийн талаарх төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээдэг юм.
Иймд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Баянгол дүүрэг дэх жендэрийн салбар хорооны 12 гишүүн, 34 дэд салбар хороодод ажиллаж байгаа 170 гаруй албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах, чиглүүлэх богино болон дунд хугацааны сургалтад хамруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар Баянгол дүүргийн төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй ажлуудад дэмжлэг үзүүлж, цаашид жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах талаар МУИС-ийн Жендэр судлалын төвийн төлөөлөлтэй санал солилцов. Уулзалтын төгсгөлд Баянгол дүүрэг, МУИС-ийн Жендэр судлалын төвтэй цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.
Сэтгэгдэл (0)