Эгийн голын станц, нүүрсэн яндан хоёр гайхаш төрмөөр сонин хувь заяатай
- 2024-04-01
- Нийгэм
- 0
Эгийн голын усан цахилгаан станц гэж бий. 33 жил цаас барьж ярьсан. Ашиглалтад орчихвол их дэмтэй. Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эг, Сэлэнгийн бэлчирт солбилцлыг нь тогтчихсон. Төслийн санаачилга 1991 онд гарч, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар анхны ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тухайн үед 327.8 сая ам.доллараар босох тооцоолол гарч байв. Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар 606 сая кВт цаг.цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний хэрэглээг хангаж, системд нэн шаардлагатай горим тохируулгын үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг. Жилд 50 сая гаруй ам.долларын цахилгаан эрчим хүчийг импортоор авдгийг дотоодоосоо бүрэн хангаж, жил бүр 4.2 сая ам.доллартай тэнцэх татварын орлого бүрдүүлэх боломжтой. Тиймээс төслийг босгох гэж үе, үеийн парламент, Засгийн газар ярьдаг, хөдөлдөг. Гэвч ашиглалтад ордоггүй.
Хамгийн сүүлд 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ынхоо хүрээнд төслийг дахин сэргээж байгаагаа зарласан. Хоёр жилийн дараа сураггүй болсон гэхэд болно. Эгийн голын усан цахилгаан станцын түүх ийм. Уг нь барьчихвал харь гүрний хараат байдлаас шууд гарчих, үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн асар өндөр үр өгөөжтэй төсөл юм. Гэвч үл үзэгдэх гар түүнийг боомилоод хөдөлгөдөггүй. Өнгөрсөн 33 жилд Эгийн голын станцыг дор хаяж 10-ыг байгуулчихаар мөнгө дэмий үрэгдсэн. Эхлээд Индонез улс барих болоод дараа нь Чех улс хийнэ гээд сүүлд нь Хятад улс барих болсноо Орос дургүйцээд байна гээд больсон. Одоо юу болоод байгааг мэдэх хүн алга. Сүүлд сонсоход, үүнийг барих нь Байгал нуурт хортой эсэхийг Орос шийдэх юм дуулдав уу даа.
Үүнтэй хувь заяа яг ижил, нийтийн эрх ашгийг хөндсөн бас нэг асуудал байдаг юм. Энэ тухай “Өдрийн сонин” сүүлийн таван жил гаруй бодлогын нийтлэл, сурвалжилгууд бэлтгэж ирсэн. Энэ бол нүүрсэн яндангүй автомашинууд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцдог тухай. Автомашины түлшний шаталтаас 200 гаруй төрлийн хорт бодис ялгардаг. Үүнийг шүүх үүрэгтэй машины гол эд анги бол катализатор буюу нүүрсэн яндан. Нүүрсэн яндангүй автомашин замын хөдөлгөөнд оролцох нь асар хортой. Хорт хавдраас эхлээд амьсгалын замын төрөл бүрийн өвчин үүсгэгч хорт бодисууд агаарт шууд цацагдах эрсдэлтэй. Яг ийм эрсдэл дунд улаанбаатарчууд сүүлийн 10 гаруй жил амьдарч байна. Хорт хавдар гэх айхтар өвчнийг үүсгэгч гол хүчин зүйл нь агаарын бохирдол гэдэг. Агаарын бохирдлыг гэр хорооллын утаа болон автомашины утаа хоёр л бүрдүүлдэг.
Нийслэл хотод үе үе өмхий эхүүн үнэр ханхалдаг болоод удлаа. Үүнийг нягталж, хаанаас ямар эх үүсвэртэй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоож чадаагүй. Учир нь манай лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Харин мэргэжлийн хүмүүс энэ өмхий үнэрийг автомашины утаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, түлшний дутуу шаталт, түүний хорт утааг шүүж чадахгүй байгаагаас өмхий үнэр гарч байх магадлалтай гэж ярьдаг болсон. Уг яндан хабрид буюу хосолмол хөдөлгүүрт машинд байдаг. Манайд хамгийн их байдаг хабрид машин бол приус. Приус машиныг анх 2010-аад оны үед Монголд оруулж ирсэн гэж үзвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нүүрсэн яндангийн асуудал яригдана. Нүүрсэн янданг машинаас нь тононо, хулгайлна, эзэн нь зориуд зарж мөнгө болгоно. Зарим нь хятад яндан зөрүүлээд тавьчихна. Зорилго нь
нүүрсэн янданг БНХАУ руу өндөр үнээр худалддаг. Ийм наймааны бүлэг этгээдүүд хаа сайгүй бий болчихсон. Тэдэнд хууль үйлчилдэггүй. Нэг удаа гаалийнхан их хэмжээний нүүрсэн яндан хилээр гаргах гэж байсан этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоосны хариуд шүүхэд дуудагдсан удаатай. Шүүхээс гаалийнхны буруу болоод, нүүрсэн яндангийн наймаачид бүр гаарсан. Одоо ч энэ наймаа цэцэглэж байна. Үндсэн хуульд монгол хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан.
Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг уг нь холбогдох хүмүүс хамгийн сайн мэддэг. Замын цагдаа бараг хажуугаар нь приус машин өнгөрөхөд утааг нь үнэрлээд л мэднэ. Оношилгооны төвүүд ч ялгаагүй. Хятад яндан тавьчихсан, эсвэл өөр нэгнээсээ янданг нь түр аваад боочихсон гээд л шууд хараад мэднэ. Гаалийнхан ч мэднэ, хилээр байнгын наймаа үргэлжилж байдаг учир. Шүүхийнхэн мэддэг болсон. Энэ тухай сонин
хэвлэлээр бичиж байгааг харж, уншиж суугаа төрийн түшээд, УИХ-ын гишүүд ойлгодог болчихсон. Тэгсэн хэрнээ хэн ч, ямар ч үйлдэл хийдэггүй. Уг нь эдгээр хүмүүс бүгд л Улаанбаатарт, нүүрсэн яндангүй машинаас ялгарсан хорт утаагаар
амьсгалж байгаа. Тэдний хүүхдүүд ч, аав ээжүүд ч, ахан дүүс ялгаагүй. Яахав, баян чинээлэг хэсэг нь өвлийн нэг сар гадаадад амарчихдаг биз. Үлдсэн ихэнх хугацаанд Улаанбаатарын зам дээр хорт утаан дунд л явцгааж байгаа шүү дээ. Тийм атал энэ аюултай, бүх нийтийн эрүүл мэндийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг зогсоох тухай санаачилга гаргадаггүй нь хачирхалтай. Заавал хууль журам гаргаж ажил удахгүйгээр захын УИХ-ын гишүүн гааль руу утасдахад хилээр гаргадаг асуудлыг зогсоочихмоор юм. Гэтэл тэгдэггүй. Гүлдийгээд нийтээрээ хордоод байцгаадаг.
Саяхнаас УИХ-ын зарим гишүүд нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах хуулийн төсөл санаачилсан сураг дуулдаж байна. Яагаад ингээд байдгийг хэн ч мэддэггүй, ямар нэгэн хараал хүрчихсэн хүмүүс ч юм уу гэж бодогдмоор. Хордоод байна, болохгүй шүү гээд бүгд мэддэг мөртлөө хориглож чаддаггүй. Хэнээс юунаас айгаад, хэн хориглоод хэний эрх ашиг зөрчигдөх болоод ингээд байдгийг мэдэх хүн байхгүй.
Уржигдар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Буриадад монголчуудыг аваачиж элэгний эмчилгээ хийлгэх тухай ярилаа. Буриадууд Монголоос эрүүл мэндийн салбараар өндөр хөгжсөн гэж үздэг юм бол өнөөдөр энэ улс “монгол эмч нар дэлхийн хаана ч ажилладаг”, “гадаадад хийдэг олон төрлийн мэс заслыг дотооддоо хийдэг боллоо” гэх мэт нь тархи угаалт, мөнгө угаалт болж таарна. Тийм бол улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт өгдөг санхүүжилтийг ч зогсоо. С.Чинзориг сайдын хэлснээр монголчуудыг нийтээр нь Буриадад аваачаад эмчилчих хэрэгтэй. Төрийн бодлого, төрийн хүний, улстөрч хүний сэтгэлийн угт эх орноо тоох, Монгол Улсаа өөд нь татах, өмнө хөгжиж яваа улсууд руу чирэх эрмэлзэл, сэтгэл зүрхтэй байх ёстой. Өнөөдөр Буриадууд өөрсдөө Монголд ирж эмчлүүлдэг, худалдаа наймаа хийдэг, бүр амьдрахыг хүсдэгийг захын хүн хэлнэ. Тийм байхад өвчин зовлонд баригдсан ядарсан хэдэн монголоо тэнд аваачиж шулах хэрэг юу байна аа. Гишүүд ээ, сайд нар аа та нар Монголын сайд гишүүд үү, Буриадын сайд гишүүд үү. Яагаад ийм эх оронч биш төрөлх үндэстэндээ дайсан мэт хандана вэ. Юунаас болж ийм байгаад байна аа. Монголд ийм сэрүүн дотортой бодлого гаргадаг асуудлууд маш олон байдаг.
Бүх нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудал нүдэн дээр ил байсаар байхад дуугардаггүй, хөдөлдөггүй, ажил хэрэг болгож чаддаггүй. Яг л Эгийн голын УЦС, нүүрсэн яндан хоёрын түүх шиг… Тариураа буцалгаж хэрэглэдэг эрүүл мэндийн шинжлэх ухаан хэдэн шат доогуур байгаа хаягдсан хязгаар нутагт иргэдээ аваачиж эмчилнэ гэдэг шиг.
Б.ЭНХЗАЯА
Сэтгэгдэл (0)