Баянгол дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
- 2024-04-01
- Улаанбаатар
- 1
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, хэлтсийн дарга нар, 1-34 хорооны Засаг дарга, “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын удирдлагууд, Тохижилт үйлчилгээ хариуцан ажилладаг 3 компани, ногоон байгууламж хариуцсан ААНБ-ын захирлуудтай танхимаар болон цахимаар хуралдлаа.
Дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 14 хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн 34 хороог 8 блок болгон хувааж, их цэвэрлэгээний аяныг өрнүүлэхээр болсон бөгөөд эхний ээлжинд,
- Автобусны буудлууд,
- Хөшөө дурсгалууд,
- Гүүрэн байгууламжууд,
- Нийтийн эзэмшлийн талбайд тавигдсан сандал болон хашаа хайс зэргийг хөөстэй угаалгаар угааж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг тодорхой хуваарийн дагуу хийхээр төлөвлөсөн юм.
Иймд өнөөдрийн хурлаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Их цэвэрлэгээний 14 хоногийн аяны хүрээнд ЗДТГ-ын хэлтсийн болон хороодын Засаг дарга нар, 276 хэсгийн ахлагч, “Баянгол шинэ өргөө”, дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниуд, Олон нийтийн байцаагч нар болон ААН-үүд, СӨХ-д ямар чиг үүргийн хүрээнд ажиллах талаар мэдээллүүд өгч, тулгамдаж буй асуудлуудаа ярилцлаа.
Их цэвэрлэгээний хүрээнд,
- ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хариуцаж авсан хороодын цэвэрлэгээнд хяналт тавих,
- Хороод иргэд, ААНБ-уудаа нийтийн их цэвэрлэгээнд гаргаж байгууллагын орчин, хашаа, гудамжны хог хаягдлыг цэвэрлүүлэх, тээвэрлүүлэх,
- “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн 40 үйлчлэгч, авто замын угаалга хийдэг хоёр, хог тээврийн хоёр авто машиныг тогтмол ажиллуулах,
- Дүүргийн хэмжээнд найман нэрийн барааны дэлгүүр болон баар цэнгээний газрууд, ААНБ-уудыг үүд хэсгээ угаах, орчны 50 метр газрын цэвэрлэгээг хийлгэх ажлыг зохион байгуулах,
- СӨХ-д нийтийн эзэмшлийн зам талбай, орчныг цэвэрлэх, орц шат, хонгилоо цэвэрлэх, орцны гэрэлтүүлгийг бүрэн болгох, үүнд хологдох хэлтсүүд давхар хяналт тавьж ажиллах юм.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрсэн авто болон явган зам, хашаа хайс зэргийн судалгааг гарган нэгтгэж байгаа бөгөөд хурлын үеэр хороодоос ирүүлсэн мэдээллүүдийг тодруулж, нэн яаралтай тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо. Энэ үеэр хороодын дарга нарын зүгээс,
- Авто болон явган замын эвдрэлүүд ихэссэн,
- Сургууль, цэцэрлэгийн орчмын хог ачилтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Их цэвэрлэгээний дараа буюу 4-р сарын 15-аас дүүргийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.
Сэтгэгдэл (1)
иргэд (192.82.64.21)
бүх дүүрэгт цэвэрлэгээ хийгээч ээ хог шороо ихтэй хашаан доторхи муу шар өвс ихтэй их заваан байнаа