Туркийн орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг тоолж байна

АНКАРА, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /Anadolu/. Турк улсад өчигдөр болсон орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг тоолох явц дуусах дөхөж байгаа энэ үед гол сөрөг хүчин болох Бүгд найрамдах ардын нам /БНАН/ эрх баригч Шударга ёс, хөгжлийн намаас /ШЁХН/ цөөн саналын зөрүүгээр давамгайлж байгааг албан ёсны бус дүн мэдээ харуулж байна.

 

Тодруулбал, саналын хайрцгуудын 90 гаруй хувийг нээсний дараах байдлаар БНАН 37.32 хувийн саналаар тэргүүлж, ШЁХН нам 35.78 хувийн саналаар удаалж байна. Сонгуульд улс төрийн 34 намын нэр дэвшигчид өрсөлдөж, улсын хэмжээнд 206 мянга гаруй санал авах байранд сонгогчид саналаа өглөө.

 

Туркийн томоохон хотуудын сонгогчид хотын захирагч, хотын дарга, хотын зөвлөлийн гишүүдийг сонгохоор саналаа өгдөг. Эдгээр хотод хамгийн томд тооцогддог нийслэл Анкара, Истанбул, Измир хотуудаас гадна, Адана, Анталия, Айдын, Баликесир, Бурса, Денизли, Диярбакир, Эрзурум, Эскишехир, Газиантеп, Хатай, Кахраманмарас, Кайсери, Кожаели Конья, Малатья, Маниса, Мардин, Мерсин, Мугла, Орду, Сакарья, Самсун, Шанлиурфа, Текирдаг, Трабзон, Ван зэрэг хотууд багтдаг.

 

Санал хураалт “манай ардчилалд нийцэж зохицсон байдлаар” явагдлаа

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэхдээ "орон нутгийн сонгууль “манай ардчилалд нийцсэн байдлаар явагдлаа, ардчилал ба ард түмний хүсэл зориг сонгуульд яллаа” гэв.

 

“Гуравдугаар сарын 31 бол бидний хувьд төгсгөл биш, харин эргэлтийн цэг юм. Туркчууд улстөрчдөд мессежээ хүргэхийн тулд саналын хайрцгийг дахин ашиглалаа” гэж Р.Эрдоган иргэдэд хандаж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

 

“Сонгуулийн дүнгээс үл хамааран манай ардчилал, улс үндэстний хүсэл зориг яллаа. Сонгуулийн марафонд улс төрийн үзэл бодлоос үл шалтгаалан 85 сая хүн бүгд яллаа” гэж тэрбээр мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч мөн эрх баригч ШЁХН хүсэн хүлээж байсан зорилтдоо хүрээгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ Тэрбээр улс үндэстний хүсэл зоригоос өөр эрхэм зүйл байхгүй гэдгийг дурдсан байна.

 

Энэ ялалтад ялагдагч гэж байхгүй

 

БНАН-ын дарга Озгюр Озель хэлэхдээ "сонгуулийн дүн бол хэний ч хувьд ялагдал биш, бидний амжилт бол хэн нэгний хувьд ялагдал биш" гэж мэдэгдсэн байна. Мөн сонгуульд аль ч намын төлөө саналаа өгсөн бай, ялагдсан мэтээр хүлээж авахгүй байхыг ард иргэдэд уриалжээ.

 

Улс төрийн намууд

Сонгуульд өрсөлдсөн гол намуудыг дурдвал, ШХЁН, БНН, Үндэсний хөдөлгөөний нам, Сайн нам, Ардын ардчилсан нам байлаа. Улс төрийн бусаднамуудад Зүүний нам, Их эв нэгдлийн нам, Эх орон нам, Ардчилсан зүүний нам, Туркийн Коммунист нам, Анатолийн холбоо нам, Ялалт нам, Ардын чөлөөлөх нам, Туркийн Коммунист хөдөлгөөн, Тусгаар тогтносон Турк нам, Ирээдүй нам, Шинэ Турк нам, Хөдөлмөрийн нам, Чөлөөт шалтгаан нам, Эрх, эрх чөлөө нам, Ожакийн нам, Шударга ёсны нэгдэл нам, Ардчилсан нам, Хүчний нэгдэл нам, Үндэсний зам нам, Шударга ёс нам, Гэрэлт ардчилал нам, Туркийн ажилчдын нам, Ардчилал ба дэвшил нам, Аз жаргал нам, Эх орон нам юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)