Бүртгэлгүй дугаар худалдан борлуулж байсныг илрүүллээ

Энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр цахим орчинд ... иргэний фейсбүүк хаягаас “...Дугаарын ченж хийдэг нэр бүхий иргэд дураараа бүртгэлгүй дугаар зарах нь багадаад, фейсбүүк орчинд залилан хийдэг болсон байна. Дээрх гэмт этгээдүүдэд байнга бүртгэлгүй, эзэмшич нь тодорхойгүй дугаар өгч, тодорхой ашиг авдаг хүмүүс байдаг юм байна...” гэх мэдээллийн дагуу ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагааг явуулахад иргэн “А”, “М” нарын хоёр иргэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ".........." төвийн гадна талд бүртгэлгүй дугаар худалдан борлуулж байсныг илрүүлсэн.

Иргэдийн тээврийн хэрэгсэл болон биед үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулахад эзэмшигчийн бүртгэл тодорхойгүй нийт 140 ширхэг үүрэн холбооны дугаар биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Түүнчлэн эдгээр эзэмшигч нь тодорхойгүй дугааруудыг нэр бүхий үүрэн холбооны оператор компанийн ажилтан иргэн “Н” нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шинээр үүсгэж, тус хоёр этгээдэд худалдан борлуулдаг байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Иймд иргэд та бүхэн аливаа үүрэн холбооны операторын дугаарыг авч хэрэглэхдээ тухайн байгууллагын албан ёсны баталгаат сувгуудаар худалдагдаж буй дугаарыг өөрийн нэр дээр бүртгүүлэн худалдан авч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна гэж Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)