УЕПГ: Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 01-нээс 05-ны өдрүүдэд 228 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34, Өмчлөх эрхийн эсрэг 11, Авлига, албан тушаалын 7, Эдийн засгийн 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг тус бүр 5, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Кибер аюулгүй байдлын эсрэг 2, Хүүхдийн эсрэг болон Цэргийн албаны эсрэг тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

  Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас “ШШ” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн С нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 3,810,779,138.28 төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан, татварын тайланд тайлагнаагүй зөрчлийн дүнг бууруулж акт тогтоолгохын тулд Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж.Э-д хахууль өгч, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  даргаар ажиллаж байсан Н.Э нь тус аймгийн нутаг дэвсгэрт алт олборлох  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн захирал Ц.М-ын ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

“И” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.М, гүйцэтгэх захирал Б.Г нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод  мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн Б.С, Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Б.Д, Г.А нар нь гадаад улсын иргэдийн арилжааны банкны цахим картуудыг Монгол Улсын банкны пос терминал төхөөрөмжид олон удаагийн давтамжтай уншуулж, бусдад нийт 177,833,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор үнэт эдлэл, гар утас, таблет зэрэг эд зүйлсийг худалдан авч, бусдад дахин худалдан борлуулж мөнгө угаасан,  цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 /Хулгайлах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан Г.Б нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны галт хэрэгслийг хувьдаа авч завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн М.Г, Р.А нар нь 6 настай хүүхдээ үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллах дүгнэлт  үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)