УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы (2024.04.11) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 03 минутад эхэлж, таван асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүд асуулт асуув. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа цаашид Улсын Их Хурлын гишүүдийн ирц, идэвхийг нэмэгдүүлэх, хариуцлагыг чангатгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг хязгаарлах зохицуулалт байгаа эсэхийг тодрууллаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат энэ удаагийн парламент нь авлигын эсрэг хуулийг шинэчилж, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дорвитой шийдвэрүүд гаргасан гавьяатайг онцолж, сонгогчдын боловсрол нь сонгуулийн үр дүн, аливаа улс орны хөгжилд чухал нөлөөтэй тул сонгуулийн үеэр мөнгө тараадаг явдлыг бүр мөсөн таслан зогсоох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэв.

Гишүүний үг хэлэх хугацааг хоёр дахин нэмэх тухай санал ирсэн хэдий ч боломжгүй гэж үзсэн. Улсын Их Хурлын гишүүний тоо нэмэгдэж байгаа тул тухайн парламент дахь суудлын тоог нь харгалзан нам, эвслүүдийн байр сууриа илэрхийлэх хугацааг тогтоож байхаар төсөлд тусгасан хэмээн Ажлын хэсгээс хариуллаа.  

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа уг хуулийн төслийг дэмжиж буй эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хууль батлагдсан нь их чухал, том ажил байсан. Хаана, хэн, ямар хамааралтайг тогтоож, хариуцлага тооцох боломжтой бүрдсэн. Сахилга, хариуцлагын асуудлыг өндөр түвшинд ярих шаардлагатай, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоо аваад үлдсэн нь сайн хэрэг. Хуулийн төслийг дэмжиж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Ингэхдээ цөөнхийн төлөөллийн үгийг сонсдоггүй, ард иргэдийн дуу хоолой, төлөөлөл байх боломжийг хаадаг. Сум, багийн иргэдийн үгийг дамжуулахгүй юм бол бид иргэдтэй уулзаад яах юм. Микрофоноо хаалгахгүй, тэмцэнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг шууд дэмжих боломжгүй, хуулийн үзэл баримтлалыг дэмжихгүй, зөвхөн журамд өөрчлөлт оруулбал зохино  гэсэн юм. 

Гишүүд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлж дуусаад, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэхүү  хуулийн төслийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүн өргөн мэдүүлсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар тус тус танилцууллаа. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурал 1 танхимтай, 126 гишүүнтэй байхаар заасны дагуу чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцаанд зохион байгуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтүүдийг тусгах шаардлага үүссэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэр томьёог Үндсэн хууль олон бусад хууль, монгол хэлний дүрэмд нийцүүлэх, жигдлэх, хууль зүйн техникийн шинжтэй засвар оруулах практик хэрэгцээ, шаардлагатай гэж үзжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэг, 136 зүйлтэй. Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх, санал хураах журам, хугацаанд холбогдох өөрчлөлтийг оруулж, хуулийн төсөл хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилахаар тусгасан. 

Мөн дэг тогтоох олон улсын жишигт нийцсэн мэтгэлцээний зарчмаар нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзвэл Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийг мэтгэлцэх зарчмаар явуулах, хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгож, чуулганы хуралдааны тов, дарааллыг тогтоох, гишүүдэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчилж, хэлэлцэх дарааллыг тогтоохдоо өргөн мэдүүлсэн хугацааг нь харгалздаг байх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, бусад шийдвэрийн төслийг буцаах зэрэг зохицуулалтыг тусгаад байна. 

Байнгын хороонд хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал, дүгнэлт гаргах боломжийг нээн өгч, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, ингэхдээ олон улсын гэрээтэй хамт бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хамтатган хэлэлцэж, олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөл, бусад хууль тогтоомжийн төслийн уялдааг хангасны үндсэн дээр хамтад нь эцэслэн батлах зэрэг зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгасан хэмээн танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, нээлттэй сонсгол явуулах хэлбэрийг яагаад зөвхөн нээлттэй байхаар тусгаагүйг асуухад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, урьд өмнө явуулсан сонсголын үеэр гарч байсан туршлагад үндэслэн төрийн болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг сонсох тохиолдолд нэр дэвшигчийн сонсголыг хаалттай явуулах боломжтой гэж үзсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, 126 гишүүнтэй болсон ч хүн болгон үг хэлэх боломжтой байх, зарчмын зөрүүтэй саналтай гишүүд нэгдэж, байр сууриа илэрхийлэх хөшүүрэг байгаа, үгүйг тодруулахад, уг хуулийн төслийг боловсруулахдаа гишүүд бодлогод төвлөрч байр сууриа илэрхийлдэг байхыг чухалчилсан хэмээн төсөл санаачлагч хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асуух хугацааг нам, эвслийн төлөөлөлд хувь тэнцүүлж олгоно гэсний учрыг асууж, анх удаа урьд өмнө байгаагүй том бүтэц, бүрэлдэхүүнтэй парламент бүрдэх гэж байгааг сануулан хэлж байв. Гишүүд асуулт асууж, дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, доктор Л.Өлзийсайханы “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” номыг уншихыг гишүүдэд санал болгов.

Хуулийн төслийг дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэллээ. Гэхдээ харилцааг зохицуулахдаа ямар шалгуур баримтлахаа тодорхой болгоорой гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хүн үг хэлэхдээ биш, ажил хэрэгч хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж, асуудалд ул суурьтай хандах нь парламентын гишүүний үүргээ биелүүлэхэд дөхөмтэйг тоймлон хэлээд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,8 хувь нь, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 57,1 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)