Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа
- 2024-04-22
- Нийгэм
- 1
Арваад жилийн өмнө бизнесмэнүүдийг барьж аваачаад л хийдэг, ард нь “Олон сая доллар авч байж сулладаг байсан” гэдэг яриа байдаг. Одоо ч тэр яригддаг. Яагаад ч юм саяхны нэгэн баривчилгааг хараад тэр л санаанд оров.
“Алтайн хүдэр”-ийн Р.Базарыг арваад хоногийн өмнө сүр дуулиантай баривчилсан. Үнэхээр сүртэй баривчилсан. Ядахад Р.Базар хэнэггүй юу, тоодоггүй юу, хэвлэлээр “од” болж л байдаг, хэдэн үгээр хариу барина гэж байдаггүй. Ядахад тэрээр “баян” гэдэг хочтой. Тэр нь нийгмийн сүлжээ, зарим хэвлэлийн анхаарлыг татаад байдаг шиг байгаа юм. Ийм тийм шалтгаанаар Р.Базарыг баривчилсан нь олон нийтэд шуугих шалтгаан болж өгсөн шиг..
Харин хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр энэ талаар “Мэргэжлийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хүрээ хязгаарыг давсан үйлдэл боллоо гэж харж байна. Хуульд мөрдөгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эсвэл ирсэн гомдол мэдээллийн хүрээнд гэрчийг сэжигтнээр мэдүүлэг авахаар дуудна. Дуудаад ирэхгүй бол прокурорын мэдэгдэх хуудсаар албадлага хэрэглэж болно. Түүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Албадлага хэрэглэнэ гэдэг SWAT хөдөлгөөд, террорист үйл ажиллагаа, эсвэл ТЭЦ4 дотор тэсрэх бөмбөг тавьчихсан юм шиг буутай, сүр хүчийг үзүүлээд шоу хийх биш юм. Хатуухан хэлэхэд, энэ бол эрх баригчдын зүгээс Монголын төрд татвар төлөөд явж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, иргэний эрх, эрх чөлөөг сайн ч бай, муу ч бай хүндэтгэж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ноцтой нь тэнд сэтгүүлчид нь бэлэн байдаг, түүнийг нь цагдаа нар буутай бүслээд зогсож байгаа нь хачирхалтай” гэж ярьсан. Үнэхээр ч тэгж харагдсаныг нуугаад яахав.
Ер нь Р.Базарыг яагаад гэнэт сүртэй гэгч нь барих болсон бэ. Энэ баривчилгааны талаар ЭЦА-наас “Эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөн хөрөнгөөр кредит болон арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж мөнгө угаасан асуудлаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэн Б-гийн хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” компани, Тээвэр хөгжлийн банк болон иргэдийн орон байр зэрэг нийт
10 объектод нэгжлэг хийж, санхүүгийн анхан шатны 100 гаруй боть баримт, гадаад валют хурааж авсан” гэж мэдээлсэн.
Тээвэр хөгжлийн банкаар орсон гүйлгээнд Р.Базарыг холбогдуулж байгаа бололтой. Гэтэл Монголбанкнаас “Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг.
Хууль хяналтын байгууллагаас зарим нэр бүхий иргэдтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны хүрээнд Тээвэр хөгжлийн банкинд нэгжлэг хийсэн, тус банк хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгджээ.
Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно. Мөн банк нь хувьцаа эзэмшигчийн аливаа үүргийг хариуцдаггүй, түүний хүлээх хариуцлагаас ангид, зааглагдсан байдгийг дурдах нь зүйтэй.
Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно” гэж мэдэгджээ. Үүгээрээ Монголбанкнаас “Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа”, “Тус банкинд Р.Базар хамааралгүй, хувьцаа эзэмшдэггүй, удирдлагыг хэрэгжүүлдэггүй” гэж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл “Банк Р.Базар хоёр тусдаа” гэчихсэн байна.
Тээвэр хөгжлийн банк бол Монголбанкны мэдэгдсэнчлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа ажээ. Тус банк нь Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас батлан гаргасан дүрэм журмыг чанд мөрдөж, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган, олон улсад нэр хүнд бүхий KPMG, BDO зэрэг хөндлөнгийн аудитын байгууллагаар банкны тоон үзүүлэлт, үйл ажиллагаа, санхүүгийн тайланг жил бур хянуулан баталгаажуулж, банкны зээлжих зэрэглэл, хэтийн төлөвийн үнэлгээг олон улсын Moody’s үнэлгээний байгууллагаар тогтмол хийлгэдэг. Дэвшилтэт техник технологид суурилсан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч нартаа хүргэдэг. 2023 онд улсын төсөвт 24.3 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн. Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан. Үүний зэрэгцээ Олон улсын VISA интернэшнл байгууллагын сүлжээнд нэгдэн орж, картын төлбөр тооцооны бие даасан процессингийн төвийг шинээр байгуулжээ. Ер нь л банк санхүүгийн салбартаа сүүлийн жилүүдэд огцом бөгөөд олон шинэчлэлийг авчирч байгааг салбарынхан нь хэлдэг болсон.
Тэгэхээр энэ үйл явдал нь “Асуудал Р.Базартаа байна уу, улс төрд байна уу” гэдэг асуултыг гаргаж тавьж байна.
Тэгвэл яг одоо УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн. Хамгийн гол нь Р.Базарын баривчилгаатай зэрэгцээд “Энэ хүн сонгуулийн улс төрийн санхүүжилт бэлдсэн” гэдэг мэдээлэл битүү цацагдсан. Тэгэхээр л эндээс улс төрийн “үнэр” л ханхийгээд байгаа юм. Ерөөсөө л Р.Базарыг ямар ч байсан тэрээр улс төрийн санхүүжилт гэдэг асуудалтай тулгачихаад байгаа нь тодорхой харагдаж байна.
“Арваад жилийн өмнө гадаад дотоодын бизнесмэнүүдийг барьж хориод дээрэмддэг байлаа” гэдэг болсныг дээр хэлсэн дээ. Р.Базарынх тэгж харагдаад байгааг бас хэлсэн. Хоёрхон сонгуулийн өмнө болсон явдал өнөөдөр сөхөгдөөд эхэлсэн. Одоогийн Засгийн газар ч хоёр жилийн өмнөөс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүдийн эрх ашгийг хамгаалахаар ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Дүнд нь хууль хяналтынхан дээр хэрэг түвэг овоорч байгаа мэдээлэл бий. Гэтэл яг тэр үйлдэл энэ сонгуулийн өмнө давтагдаад байж мэдэхээр л байна. Уг нь хууль хяналтынхан маань үүнд их л няхуур хандах хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй бол “Орчин цагийн улс төрийн хилс хэргийг хэдэн бизнесмэн л үүрдэг болоо юу даа” гэж харагдаад, бас мэдрэгдээд байна шүү.
П.Хуяг
Сэтгэгдэл (1)
(127.0.0.1)
Инээд хүрч байна: Улс төр сонирхдог хүн үлдсэн үү?