Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр 22 /VOA/. Дөрөвдүгээр сарын 21-ний ням гарагт Сирийн зүүн хойд нутагт орших АНУ-ын цэргийн бааз руу Иракийн Зуммар хотоос хамгийн цөөндөө таван пуужин харвасан тухай “Ройтерс” агентлаг Иракийн аюулгүй байдлын албаны хоёр эх сурвалжийг эш татан мэдээлжээ.Ирак дахь Иранаас дэмжлэг авдаг бүлэглэлүүд бүс нутаг дахь Америкийн цэргүүд рүү хоёрдугаар сарын эхнээс довтлохоо зогсоосноос хойш тэдэн рүү дахин довтолсон анхны тохиолдол нь энэ байв.

Иракийн Ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Судани АНУ-аас буцаж ирсэн тэр өдөр пуужингуудыг харважээ. Тэрбээр Цагаан ордонд Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан байна. 

 

Иракийн аюулгүй байдлын албан дахь хоёр эх сурвалж болон өндөр албан тушаалын офицерын мэдээлснээр, Сиритэй залгаа хилийн Зуммар хотод жижиг ачааны машины тэвшин дээр пуужин харвах төхөөрөмж суурилуулсан байжээ. Ачааны машин нэг ч пуужин харваагүй байхад дэлбэрч шатсан байна. 

Нэрээ нууцлахыг хүссэн цэргийн эх сурвалж хэлэхдээ "Уг ачааны машиныг АНУ-ын байлдааны онгоц устгасан гэдгийг бид баталж чадахгүй" гэжээ.

Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн тус бүс нутагт очиж, пуужин харвасан хүмүүсийг хайж эхэлсэн бөгөөд тэд өөр машинаар зугтсан гэж Зуммар хотод байрлаж буй аюулгүй байдлын албаны ажилтан мэдээлсэн байна. 

Дөрөвдүгээр сарын 20-ны бямба гаргийн өглөө Иракийн цэргийн баазад хүчтэй дэлбэрэлт болж, тус улсын аюулгүй байдлын албаны нэг ажилтан амиа алдсанаас нэг хоногийн дараа дээрх хэрэг явдал болжээ хэмээн Моцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)